УИХ-ын сонгууль 2020: Орхон аймаг

unnamed (1)УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулж баталснаар 2020 оны сонгууль хэрхэн явагдах нь тодорхой болоод байгаа.  Өмнө нь Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн сонгуулийг нэг хуулиар явуулдаг байсан бол энэ удаад зөвхөн УИХ-ын сонгуулийн хуулийг тусгаарлан хуульчилснаараа онцлогтой болж байна.

Ингэснээр энэ жилийн сонгууль томсгосон буюу 26 том тойргоос 76 гишүүнийг сонгох хэлбэрээр явагдана. Өөрөөр хэлбэл мандатын тоогоор хүн дугуйлна гэсэн үг юм. Уг тогтолцооны нэг шүүмжлэлтэй тал нь нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх, мөнгөтэй, нэр хүндтэй нэг нь сурталчилгаагаа түлхүү явуулах талтай.

Харин давуу тал нь улсын төсөв олон жижиг тойрогт, жижиг ажлуудад хуваагдаж алга бололгүй томоохон бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдах гэх мэт олон давуу талтай харагдаж байгаа.

Хууль батлагдаж, ямар дүрмээр явах нь нэгэнт тодорхой болсон энэ цаг үед хэн хаана өрсөлдөх вэ гэдэг асуулт, таамгууд олны анхаарлыг багагүй татдаг. Тэгвэл намууд аль хэдийн уулзалт, хуваарилалтаа хийгээд, нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөж, нэр дэвших тойрогтоо ажиллаад эхэлжээ.

Орхон аймаг энэ сонгуульд гурван мандаттай санал хураалт явагдана. Өнгөрөгч 2016 оны сонгуулиар Д.Дамба-Очир, О.Содбилэг, О.Баасанхүү нар сонгогдон УИХ-д суусан. Орхон аймгийн хувьд эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвар өндөртэй, 64,754 хүн амтай том аймгуудын нэг. Тиймдээ ч тус аймгийн сонгууль өрсөлдөөнтэй, гарсан хүндээ өгөөжтэй байдаг гэж ойлгож болох.

1992 оноос хойш нийтдээ долоон удаагийн сонгуулийн тавд нь МАН ялалт байгуулж байсан бол энэ удаад сонгуулийн дүн хэрхэн гарах, мөн ямар хүмүүсийг сонгох нь таах аргагүй мэт. Учир нь сонгогчдын боловсрол болоод сонголт хийх хариуцлага нь өмнөх жилүүдээс эрс өөрчлөгдөж байгаа гэсэн яриа иргэдийн дунд их байна.

Энэ удаад Орхон аймаг буюу Эрдэнэт хотод аль намаас ямар хүмүүс нэр дэвших талаар олны дунд яригдаж багаа таамгуудыг хүргэе.

МАН-аас Дамба БАТЛУТ, Баттулга ГАНХУЯГ, Бат-Өлзий БАТ-ЭРДЭНЭ, Цогт БАТ-ЭНХ, Нямцэрэн ЭНХТАЙВАН, Отгонбилэг СОДБИЛЭГ, Дорждамбын ДАМБА-ОЧИР нар яригдаж байгаа бол,

Ардчилсан намаас Цогтсайхан БАТХУЯГ, Дорлиг ӨСӨХБАЯР, Рэнчээ УЛААНХҮҮ, Дариймаа ЧУЛУУНБАТ, Цэвээн ОЙДОВ,

МАХН-аас Сайнхүү ГАНБААТАР, Лог ЦОГ, Д.Оюунбат /Засаг дарга асан/,

Бүгд найрамдах намаас Базарсадын ЖАРГАЛСАЙХАН,

АТХН-аас Ламжав ГҮНДАЛАЙ,

Шинэ намаас Лувсанвандан БОЛД, Банк МЯГМАРСҮРЭН нар өрсөлдөхөөр яригдаж багаа гэнэ.

Дээрх нэрсээс харахад МАН-аас олон хүн өрсөлдөж, нам дотроо хөлөө жийлцэж байгаа нь ойлгомжтой болоод ирэв. Арга ч үгүй биз улсын ихэнх төсвийг бүрдүүлдэг том үйлдвэртэй, олон хүн амтай, цөөхөн сумтай, бэлэн мөнгөний эргэлт ихтэй гээд давуу тал ихтэй учир хэн намдаа нөлөөтэй, мөнгөтэй нь өрсөлддөг тойрог. Тиймээс сонгогчид өмнөх жилүүдийнхээ алдаа оноог дэнсэлж энэ удаад нүдээ олсон зөв сонголт хийх нь дамжиггүй биз.

М.Март

Эх сурвалж: Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих