Ардчилсан Нам коммунист нам болсон уу?

a9cb631750c7bc063cb5097409149ac2Ардчилсан намын удирдлагууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-22 хооронд Хятад өргөн бүрэлдэхүүнээр айлчилж, Хятадын Коммунист намын төлөөллүүдтэй уулзсан.

Гэвч тухайн үед АН энэ тухайгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт мэдээлээгүй өнгөрсөн байдаг. Хятадын CCTV-р тухайн айлчлалын талаарх мэдээ гарсан бөгөөд энэ нь олон нийтийн сүлжээгээр тарахтай зэрэгцээд АН-н удирдлагууд яаран сандран мэдэгдэл хийв.

 Тэд мэдэгдэлдээ “улс хоорондын найрсаг харилцаа болон намуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцсон” гэж тайлбарласан.

Тэгвэл “Шинэ” намын дарга Ж.Батзандан “С.Эрдэнэ Хятадын даргатай уулзахаар байдаг л нэг зүйл. Ж.Батзандан төрийн ажлын хүрээнд гаднынхантай уулзахаар тэр нь ноцтой байдаг юм уу. Хятадуудтай хамгийн их уулздаг намын даргыг та бүхэн мэдэж байгаа. Бүр Хятадуудаас дэмжлэг гуйгаад намаараа явж байгаа шүү дээ” хэмээсэн.

Үнэхээр ч АН-ын энэхүү айлчлал дарга, дэд дарга нарыг багтаасан өргөн бүрэлдэхүүнтэй айлчлал байсан. Ингэж их ач холбогдол өгч, Ж.Батзандангийн хэлсэнчлэн намаараа нуун байж айлчлал хийх шалтгаан юу байв.

Коммунизмыг “үзэн ядагч” гэцгээдэг АН Коммунист намаас туршлага солилцоно, хамтран ажиллана гэв үү. Тэнгэр газар мэт ялгаатай үзэл баримтлалтай энэ хоёр нам хэрхэн юун дээр яаж хамтран ажиллах гээд байна вэ гэдэг нь сонин. “Ардчиллыг байнга тордож, Ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын төлөө тууштай зогссоор ирсэн, цаашдаа ч хатуу зогсох болно” гэж ярьж явсан С.Эрдэнэ намынхныгаа толгойлоод Хятадын Коммунист намаас туршлага солилцох, хамтран ажиллах хэлэлцээр хийлээ гэж үү.

Эндээс харахад Лу.Болдын хэлдэгчлэн АН үнэхээр коммунист нам болсон аль эсвэл үүний цаана өөр ашиг сонирхол байсан гэж дүгнэхээр байна. Тодруулбал, олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа санхүүгийн дэмжлэг хүссэн гэдэг нь үнэний ортой байх магадлалтай байгаа юм. Тэд санхүүгийн дэмжлэг аваагүй гэдгээ хатуу мэдэгдэж байна хэмээсэн. Харин энэ нь санхүүгийн дэмжлэг хүсээгүй гэдэг үг огтоос биш юм.

Д.Бат

sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих