“Westerdam” хөлөг онгоцыг Камбожийн боомтод зогсохыг зөвшөөрчээ
Азийн таван боомтоос буцаагдсан 1455 зорчигч, хөлгийн багийн 802 гишүүнтэй аяллын хөлөг онгоцыг Камбожийн баруун өмнөд нутгийн Сиануквиль хотын далайн боомтод зогсохыг зөвшөөрсөн байна.
Камбожийн Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, хүмүүнлэгийн ёсыг харгалзан үзсэний үндсэн дээр “Westerdam” аяллын хөлөг онгоцыг Сиануквиль хотын далайн боомтод зогсохыг зөвшөөрсөн ажээ.
“Бид орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөөний 7 цагт Камбожийн боомтод хүрч, хүмүүсээ буулгахын тулд тэнд хэд хоног байрлана. Дэмжлэг үзүүлсэн Камбожийн эрх баригчдад гүнээ талархаж байна” гэж уг хөлөг онгоцыг хариуцдаг “Holland America Line” компани мэдээлжээ.
Хонконгоос энэ сарын 1-нд хөдөлсөн хөлөг онгоцны зорчигчдыг шинэ төрлийн коронавирусний халдвар авсан байж болзошгүй хэмээн үзсэн тул уг хөлөг онгоц Япон, Тайвань, Филиппин, Гуам, Тайландын боомтоос буцаагдсан юм.
“Хөлөг онгоцон дээрх бүх зорчигч эрүүл бөгөөд тэдний дундаас ямар нэгэн сэжигтэй тохиолдол илрээгүй” гэж “Holland America Line” компанийн мэдэгдэлд тэмдэглэжээ.
Камбожийн Ерөнхий сайдаас уг хөлөг онгоцыг боомтдоо зогсохыг яагаад зөвшөөрсөн талаар асуухад тэрбээр, бүх боомт хаагдчихвал тэд хаашаа явах юм бэ? хэмээн хариулсан байна.
“Westerdam” аяллын хөлөг онгоц энэ сарын 15-нд Японы Ёкохама хотын боомтод зогсох ёстой байсан боловч уг боомтод зогссон “Diamond Princess” хөлөг онгоцонд хөл хорио тогтоосон тул хүлээн авахаас татгалзжээ. 3700 орчим зорчигчтой “Diamond Princess” дээр байсан 174 хүн коронавирусээр халдварлажээ.
“Holland America Line” компанийн мэдээлснээр, “Westerdam” хөлөг онгоцны зорчигчдыг ойрын хэдэн өдрийн дотор Сиануквиль хотод буулгаж, тусгай нислэгээр нийслэл Пномпень хотод хүргэсний дараа нутаг буцаах ажээ.
URL: