Ташаа мэдээлэл нийгэмд айдас дагуулах болов
Олон түмнийг үнэн бодит, шуурхай мэдээллээр хангах үүргийг хэвлэл мэдээллийнхэн гүйцэтгэдэг. Тиймдээ ч сэтгүүлчдийг нийгмийг эрүүлжүүлэгч, дөрөвдэгч засаглал хэмээн нэрлэдэг. Энэ нь бас учиртай. Нийгэмд болж буй сайн муу бүхий л зүйлийг олон нийтэд хамгийн түрүүнд сэтгүүлчид хүргэдэг. Нэг ёсны ард түмнийг төртэй холбож байдаг гүүр гэх үү дээ.
Саяхан би Улсын прокурорын ерөнхий газрын ажилтантай ярилцаж суухдаа их сонирхолтой зүйл сонслоо. Тэрээр өгүүлэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэмт хэргийн талаар хөндөж тавьдаг нь үнэхээр ач холбогдолтой. Заримдаа тэд цагдаагийн байгууллагын мэдээгүй хэргийг мэдчихсэн байдаг.
Оны өмнөхөн Баянзүрх дүүрэгт таксины жолооч Н бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэр мэдээллийг цагдаагийн байгууллагууд мэдээгүй байхад сэтгүүлчид нийтэлсэн байсан. Тэгээд мэдээллийн мөрөөр шалгалт явуулахад үнэхээр тийм хэрэг гарсан нь нотлогдсон.
Мөн Өвөрмонголын Шилийн гол аймгийн Сайхан сумын нэг хошуунд Монгол эмэгтэй худалдаалагдсан хэргийг ч тэр хэвлэлээр дамжуулж мэдсэн. Энэ мэт хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж илрүүлсэн гэмт хэргийн тохиолдол байдаг шүү хэмээн хуучилж байсан. Үүнийг сонсоод сэтгүүлчдээ бахархаж л суулаа.
Харин сүүлийн өдрүүдэд сэтгүүлчид нийгэмд худал мэдээлэл цацах алдаа нэг бус удаа гаргалаа. Нийгэмд болж буй үйл явдлыг шуурхай, цаг алдалгүй, үнэн зөв нийтэлж байх нь сэтгүүлч хүний зорилго. Тиймдээ ч сэтгүүлчид цагтай уралдан ажиллаж байдаг.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо сүүлийн жилүүдэд харьцангуй ихэссэн. Энэ нь сэтгүүлчдийн дунд өрсөлдөөн бий болгосон гэхэд хилсдэхгүй. Учир нь хэн нэгний нийтлээгүй, мэдээгүй мэдээллийг олон түмэнд бусдаас түрүүлж хүргэхээр тэд уралдаж байдаг, Гэхдээ хэн нэгнээсээ өрсөх гэж, хүнд сонирхолтой мэдээлэл хүргэх гэж ёс зүйгээ мартах ёсгүй. Ингэж хэлж буйн учир нь ташаа мэдээлэл цацах явдал юм.
Саяхан хэвлэл мэдээллийн ихэнх хэрэгслээр “Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 60 дугаар сургуулийн сурагчдыг үл таних залуус хуурч, машиндаа суулгахаар завдсан хэрэг гарлаа. Мөн тус дүүргийн бусад сургуулийн 20 гаруй сурагч алга болж, хоёр ч хүүхдийн амь нас эндсэн түгшүүрт мэдээ цацагдаж нийгмийг багагүй айдаст автуулсан.
Tэp мэдээг сонсоод түгшээгүй хүн гэж үгүй. Алга болсон 20 хүүхэд хүний наймааны золиос боллоо гэх үгс чихний хажуугаар өнгөрөөд л…
Энэ мэдээллийн эх сурвалж нь С1 телевизийн сэтгүүлч …………. Тэрээр сургуулийн цэвэрлэгчийн өгсөн дуудлагыг сонсоод хэргийг холбогдох газраас нь тодруулалгүй цацсан нь нийгмийг түгшээгээд авсан. Мэдээлэл гарсан даруйд цагдаагийн байгууллагууд шалгалт хийж худлаа ташаа мэдээлэл болохыг нь тогтоосон. Ингэж иргэдийн түгшүүр арилав.
Энэ дуулиан намжаагүй байтал хэвлэлээр “Малын хулгайчид улаан цагаандаа гарч, 20 гаруй тооны азарга адууг буудаж ачаад явсан хэрэг гарлаа” гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Нийслэлд мах магнаг болж буй энэ үед хөдөө нутгаар малын хулгай ихэслээ гэх нь мөн л нийгмийг түгшээсэн. Учир нь иргэд хөдөө нутгаас хулгай хийсэн малын мах хотын дээсийг алхахгүй гэхийн баталгаа байхгүй хэмээн шуугиж байсан. Мэдээллийн мөрөөр цагдаагийнхан дахин шалгалт явууллаа. Гэтэл мөн л худал ташаа мэдээлэл болох нь тогтоогдсон.
Цагдаагийн байгууллагаас 20 азарга адуу байтугай хоёр адуу ч буудуулсан хэрэг гараагүйг албан ёсоор мэдэгдсэн юм. Удалгүй “Бага насны охидыг хил дамнуулахыг завдсан хэрэг гарлаа” гэх аймшигт мэдээлэл цацагдаж, олныг цочроосон. Нийтлэлийн дагуу цагдаагийн байгууллагынхан мөн л шалгалт хийхэд тийм хэрэг гараагүй, ор үндэсгүй зүйл болох нь тогтоогдсон юм. Энэ мэт нийгэмд айдас төрүүлсэн олон хэрэг шилээ даран гарсан нь бүгд ташаа болох нь нотлогдсон.
Олон түмэнд үнэн бодит мэдээлэл цацах үүрэгтэй сэтгүүлчид хийж байгаа ажилдаа хариуцлагатай хандаж, нийгмийг түгшээх худал ташаа мэдээлэл гаргахгүй байх нь хамгийн чухал юм.
Саяхан цагдаагийн байгууллагаас 2010 оны гэмт хэргийн талаар хурал хийхэд ЦЕГ-ийн олон нийттэй харилцах албаны дарга Т.Сайнжаргал:
-Сэтгүүлчид ээ, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийг түгшээсэн, айдаст автуулсан ташаа мэдээллүүд их цацагдах боллоо. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан худлаа мэдээлэл цацаж, иргэд төдийгүй нийгэмд айдас төрүүлж байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа. Эдгээр мэдээллийг анх цацсан тухайн сэтгүүлч үндэслэлтэй эсэхийг нягталж, холбогдох цагдаагийн байгууллага, хариуцсан ажилтнаас асууж, тодруулж, цацах ёстой. Хэн нэгэн хүний хоосон цуу яриа, хардлагыг дуулиан болгож цацах нь эргээд хэмжиж болохгүй их хор уршиг тарьж болохыг бас бодолцох хэрэгтэй байна. Энэ ор үндэсгүй хэргийн талаар цацагдсан мэдээллийг болон анх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандсан эх сурвалж, бусад холбогдох нөхцөл байдлыг цагдаагийн байгууллага анхааралдаа авч, шалгаж байна хэмээн хэлсэн юм.
Б.Батчимэг
URL: