Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр 2 тэрбум төгрөгийн хохирол учруулж, ялаас мултарсан цагаан захтанууд
Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг шинэчилсэн. Засгийн газраас хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох журмыг боловсруулсан. Түүгээр гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл хугацааг тоолох аргачлал юм. Үүнтэй уялдан 2017 оны долдугаар сарын 1-нээс өнөөг хүртэлх хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх үндэслэлээр прокурор болон шүүх дээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээж шалгахаар болж байна.
2017 оны тавдугаар сарын 8-нд УИХ-ын чуулганы хуралдаанаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж өөрчилсөн.
Уг заалт хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн хугацаанд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр нийтдээ 400 гаруй хүнд холбогдох хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгджээ.
БАРИМТ 1:Сүүлийн 11 жилд авлигын улмаас 800 гаруй тэрбум төгрөгийн хохирол улсад учирчээ.
2007 онд АТГ байгуулагдсан. Үүнээс хойш 2018 оныг хүртэлх 11 жилийн хугацаанд ганцхан авилгын улмаас учирсан хохирол 800 гаруй тэрбум төгрөг байжээ. Тэгвэл 2019 оны эхний хагас жилд 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсан байна.
- 2017 онд 69.5 тэрбум төгрөг
- 2018 онд авлигын улмаас улсад учирсан хохирол 663.2 тэрбум төгрөг болж нэмэгджээ.
11 жилийн хугацаанд авлигын улмаас улсад учирсан 800 гаруй тэрбум төгрөгийн хохирлын 75 хувийг ердөө 2018 оны хохирол эзэлж байна. CLICK TO TWEET
БАРИМТ2:Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс гаргасан судалгаагаар 2019 оны аравдугаар сарын 22-ны байдлаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 290 хүнд холбогдох 221 хэргийг, давж заалдах шатны шүүхүүд 86 хүнд холбогдох 64 хэргийг, хяналтын шатны шүүх 67 хүнд холбогдох 60 хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Тэгвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргийн улмаас нийт хоёр тэрбум 503 сая 60 мянга 917 төгрөг учирч, 17 хүнд хөнгөн гэмтэж, нэг хүнд хүндэвтэр гэмтэл тус тус учирчээ.
Улсад их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болж, эрүүгийн хариуцлагаас хэрхэн мултарсан талаар тоймлон хүргэе.
- Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хариуцлагаас мултрав.
Хүргэн Г.Дэнзэнд холбогдох хэргийг эргэн сануулбал, Г.Дэнзэн нь “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, эхнэрийнхээ “Говь повер” компанид 17 тэрбум төгрөгийн тендер авч өгөн улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр прокурорын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэсэн хэдий ч Г.Дэнзэн нь өөрт холбогдох хэргийг гэм буруугүйд тооцуулж цагаатгуулах тухай хүсэлт гаргасан тул прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнгөрсөн арванхоёрдугаар сард хянан хэлэлцээд Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн.
- Д.Дорлигжав нарт холбогдох дөрвөн сая ам.долларын хахуультай холбоотой хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэрэгсэхгүй болов.
Хэргийг сануулбал, АТГ-аас Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг айлган сүрдүүлж, их хэмжээний мөнгө дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх хэргийг шалгаж байгаа гэж мэдээлж байв. Одоогоос 2 жилийн өмнө болсон үйл явдал. Уг хэрэгт тэрээр төрсөн дүү Д.Баатарын хамт шалгагдсан.
3.УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарт холбогдох хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болов.
АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Тус хэргийг 2016 оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн ч шийдвэрлэгдэхгүй байсаар гурван жил болсны эцэст хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч, хэрэгсэхгүй болгожээ.
4.“Эрдэнэт”-ийг барьцаалсан Ш.Батхүүгийн хэрэг хэрэгсэхгүй болов
“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн Стандарт банкнаас заал авсан гэх “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. 2019 оны нэгдүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байдаг. Харин тус газраас тухайн сарын 14-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 5-ны өдөр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг нийслэлийн прокурорын газар зөвшөөрөлгүй эсэргүүцэл бичсэн байдаг. Үүнийг нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тавдугаар сарын 30-нд хэлэлцээд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Энэ мэт хууль, хяналтын байгууллага нааш цааш толхилцож, хугацаа хожсоноор тус хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, гэмт этгээдүүд эрүүгийн хариуцлагаас мултарсан баримт жишээ олныг өгүүлж болохоор байна.
https://gereg.mn/news/41965
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ ГЭДЭГДЭЭ…. ТИЙМЭЭС ХЭРГИЙГ НЬ СЭРГЭЭЖ ДАХИН ШАЛГАХ НЬ ЗҮЙТЭЙ