С.Эрдэнийн 100 саяын “татаас” буюу албан тушаалын урьдчилсан төлбөр

712-1581476620d021b331-9a28-40ab-9faf-5d2d1198528dАН-ын Үндэсний Бодлогын Хорооны хурлаар 2020 оны сонгуульд тус намаас нэр дэвших хүсэлтэй хүмүүс 100 сая төгрөг намдаа тушаах шийдвэр гарч олныг цочирдуулсан.

Тухайн үед “Ил цагаан 100 сая төгрөгийг хувиасаа гаргаад өгөх дундаж иргэн битгий хэл бизнесмен ч байхгүй” гэж намын зарим гишүүд нь хэлж, олон нийт ч “парламентын танхимд тухлахыг хэчнээн хүсдэг байлаа ч үүнийхээ төлөө 100 сая төгрөгийг зүгээр нэг шидчих бэл бэнчинтэй хүн хэд байх бол, ийм хэмжээний мөнгө бизнесменүүд, компанийн захирал  эсвэл төрөөс төрдөг тэрбумтнуудад л байдаг байх” хэмээн жиг жуг гэлцэж байсан.
Гэвч шийдвэр гарснаас хойш сар хүрэхгүй хугацаанд 110 хүн хандивынхаа урьдчилгаа мөнгө болох 40 хувийг өгсөн тухай Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдэж олныг бүр ч их гайхшруулав.  УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлэхийн тулд намдаа тушааж буй 100 сая төгрөг Монголын дундаж цалинтай иргэний халааснаас ингэж амархан гарчхаар хэмжээний мөнгө мөн үү. Монголын жирийн нэг дундаж амьдралтай, дундаж цалинтай иргэнээр жишээ авч үзье. Монгол Улсын хүн амын нас, орлого, ам бүл зэрэг үзүүлэлтүүдийн дунджаар авч үзвэл иргэн Х-ын сарын цалин 600 мянган төгрөг буюу эхнэртэйгээ нийлээд өрхийн орлого 1.2 сая орчим.
Статистикийн Ерөнхий газраас гаргасан дээрх судалгаанаас үзвэл Монголын ихэнх өрх айл орлогоосоо давсан зарлагатай гэдэг нь харагдана. Идэж уух, өмсөж зүүх, хэрэглээгээ танаад орлогын тал хувь буюу 600 мянган төгрөгийг сар бүр банканд хүүтэй хуримтлуулна гэвэл 100 сая төгрөг болгохын тулд 10 жилийг  зарцуулах тооцоо гарч байна. Энэ тооцооллоор бол АН-ын гишүүд 10 жил мөнгөө цуглуулж байж дотооддоо өрсөлдөж УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой болно гэсэн үг. Мэдээж энэ мөнгийг цалингаараа 10 жил цуглуулахгүй нь тодорхой. Өнөөгийн Монголын нөхцөлд хоёр өрх дундаж үнэтэй нэг өрөө байр худалдаад авчих хэмжээний энэ их мөнгө нэр дэвшигч бүрт байхгүй. Тэгэхээр энэ мөнгийг хаанаас яаж олох вэ гэх асуудал гарч ирнэ. Дээрх тооцооллоор орлогоороо бүрдүүлэх боломжгүй гэдэг нь тодорхой байгаа учраас буцааж төлөх нөхцөлтэй бусдаас хандив зээл авах, эсвэл томоохон компани, бикнесменүүдээс дэмжлэг авч бүрдүүлэх, эцсийн арга нь эд хөрөнгөө зарах л гарц харагдаж буй юм.
 Л.Гүндалай твиттертээ “Найз маань хоёр өрөө байраа зараад 100 сая төгрөг АН-даа хандивлаад УИХ-ын гишүүн болоод хаус авах гэнэ” хэмээх жиргэсэн байдаг. Үүнээс 100 саяыг хандивлагчдын “шархаа нөхөх” төлөвлөгөө тод харагдана. Тодруулбал, 100 сая төгрөг төлж нэр дэвшээд төрд гарвал энэ хэмжээний магадгүй үүнээс ч их мөнгийг төрөөс завшина гэсэн үг.
Аль эсвэл хандив тусламж авсан компани бизнесменүүдийн гар, хөл болох, ард иргэдийн төлөө биш зөвхөн тэдний бизнесийг дэмжих чиглэлд л ажиллана гэсэн үг юм. Тэгэхээр 100 саяын энэ дэнчин нь төрийн алба, албан тушаалын урьдчилсан төлбөр гэж шууд харагдаж байна. АН-ын зүгээс ч мөнгө өгсөн хүмүүсийг албан тушаал олгох жагсаалтад бүртгэх, АН-ын ҮБХ сонгуульд ялсан тохиолдолд дэнчингийн мөнгө өгсөн хүмүүсийг хамгийн түрүүнд албан тушаалд томилохоо ил цагаан зарласан билээ.
Д.Бат
Sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих