Шонхороос олсон орлого хаачдаг вэ?

712-1581462190712-1581031085712-1580861049712-1578007043Falco_cherrug_1_(Bohuš_Číčel)Засгийн газар 2015-2019 онд “Нууц тогтоол”-уудаар 1.5 мянга  шахам идлэг шонхорыг  хилээр  гаргаж, 30 орчим тэрбум төгрөгөөр улсыг хохироосон гэвэл та итгэх үү. Зөвхөн шонхор хилээр гаргах төлбөр хураамж гэхэд л хуулиар зохицуулагддаг тогтсон хэмжээтэй,  төсөвт орлого  нь төвлөрөх  ёстой. Гэтэл энэ үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ гээд олон асуулт гарч байна. Монголын төр хуулиа зөрчдөггүй бол ямар дүрэм журам үйлчилдгийг энд сануулъя.

Амьтны тухай хууль /цаашид АТХ гэх/- ийн 32.1 -д “Иргэн, хуулийн этгээд амьтан ашиглах, агнах, барихад төлбөр, хураамж төлнө” гэж заажээ. Ан амьтан агнах болон  барих төлбөрийн тухай асуудлыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль /цаашид БНАТТХ гэх/-аар, хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль /цаашид УТХТХ гэх/-аар тус тус зохицуулдаг журамтай аж. Тухайлбал,
1.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 12.1.6 -д “гадаадын иргэнд агнуулсан болон гадаад улсад амьдаар нь аливаа зориулалтаар гаргасан ан амьтны төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар тооцно” гэж заажээ.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21.1.35-д “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.6-д заасан ан амьтныг барих зөвшөөрлийн хураамжийг гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 5-8 хувиар тогтооно” гэж заасан байна. Жишиг үнэ гэдэг нь аливаа ан амьтныг агнах, барих төлбөр, хураамжийн хэмжээг тогтооход ашигладаг Засгийн газрын тогтоолоор баталсан нийтлэг суурь үнэлгээ юм.
Идлэг шонхор шувууг гадаадад гаргаж эхэлсэн /1993 он/ -ээс хойш хамгийн сүүлд Засгийн газрын 2009 оны дөрөвдүгээр сарын 15-ны 112 дугаар тогтоолын 2-т “Амьдаар барих нэг толгой шонхор шувууны жишиг үнийг 12.000 ам.доллар, төлбөрийг 10.800 ам.доллар, хураамжийг 960 ам.доллар байхаар тогтоосугай”  гэж заасан нь  өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр  байгаа юм.
Үүнээс үзэхэд 2014 оноос хойшхи  Байгаль орчин, аялал жуулчлалын үе үеийн сайд, тэднийг даган байнга өөрчлөгдөн, солигдож байдаг. Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга нар холбогдох хууль тогтоомжийн заалтыг зөрчиж 2015-2019 онд Арабын орнуудад амьдаар нь гаргах шонхор шувууны тоог Засгийн газрын “Нууц тогтоол” гээчээр батлуулж нууцлан, төлбөр, хураамжийг нь байнга их хэмжээгээр дутуу төлүүлж, эсвэл бэлэглэж байгаа юм гэж огт төлүүлэхгүйгээр улсыг их хэмжээгээр хохироосоор иржээ.
Баримт 1. Төлбөрийн  тооцоог хийхдээ  хуулийн буруу заалтыг ашигладаг    
2012 онд батлагдсан БНАТТ хуулийн 17.1.6-д “Амьдаар нь гадаад оронд гаргах ан амьтны төлбөрийг гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар тооцно”  гэж заасан байдаг. Энэ хуульд амьдаар нь гадаадад гаргах ан амьтны төлбөртэй холбогдох өөр ямар ч зүйл заалт, үг өгүүлбэр байдаггүй. Гэтэл БОАЖ-ын сайд, Газрын дарга  хоёр араб “ноёд”-ын барьсан идлэг шонхор шувууг гадаадад гаргах тусгай зөвшөөрөл болох Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /цаашид CITES гэх/-ийн дагуу экпортын гэрчилгээг олгохдоо дээр дурдсан БНАТТ хуулийн 17.1.2 -т “Ахуй, үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнасан бусад ан амьтны төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи-эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар тооцно” гэсэн амьдаар нь барьж гадаадад гаргахтай огт холбогдолгүй заалт /амьдаар нь гадаадад гаргасан амьтанд биш дотооддоо агнасан/-ыг үндэслэн Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Идлэг шонхор шувууны Экологи-эдийн засгийн үнэлгээ болох 16 сая төгрөгийн 40 хувиар тооцож нэг толгой идлэг шонхор шувууны төлбөрт 6.4 сая төгрөгийг Арабуудаар төлүүлж тэдэнд ая тал засч, улсыг хохироосоор ирсэн боловч зөрүү 19.1 сая төгрөг буюу 8.1 мянган ам.доллар нь хэн нэгний халаасанд орсон байхыг үгүйсгэхгүй/ энд төгрөг, долларын ханшийг 2015-2019 оны шонхор барьж гадаадад гаргадаг Хуулийн хугацаа болох  7-11 дүгээр сарын дундаж буюу нэг ам.долларыг 2365 төгрөгөөр тооцов/.
Хэрэв төлбөрийг БНАТТ хуулийн 17.1.6 дугаар заалт болон  Засгийн газрын 2009 оны 112 дугаар тогтоолын хоёрдугаар заалтад дурдсан хувь, хэмжээгээр нь зөв тооцох юм бол нэг толгой шонхорын төлбөр нь 10.800 ам.доллар буюу 25.542.000 /25 сая/ төгрөг болох ёстой.
Гэтэл зориуд хуулийн буруу заалт хэрэглэсний уршгаар амьдаар нь гадаадад гаргасан нэг толгой шонхорын төлбөрөөс 19.142.000 /19.1 сая/ төгрөг буюу 8.1 мянган ам.доллараар улс /төсөв/-ыг хохироосоор иржээ. Энэ талаар зөвхөн ганц баримтыг дурдахад Эмират улсын Ханхүү шейх Хамдан Бин Мухаммед Бин Рашид Эл Мактум гэгч  ноён  энэ оны наймдугаар сард Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаас 15 толгой шонхор барьсны төлбөрт хууль тогтоомжид зааснаар сумын төсөвт 383 сая төгрөг төлөхөөс үүний 25 хувь нь болох 96 сая төгрөгийг нь төлж 287 саяыг нь төлөлгүй арилж өгсөн талаар “Үндэсний шуудан” сонинд бичсэн байна.
Ийн хууль, тогтоомж зөрчиж төлбөрийг их хэмжээгээр буюу ойролцоогоор 75 хувиар дутуу төлүүлж арабуудад ая тал засахдаа БНАТТ хуулийн амьдаар нь барьж гадаадад гаргах аливаа ан амьтанд огт холбогдолгүй, зөвхөн агнасан /барьсан биш/ амьтанд хамааралтай 17.1.2 дахь заалтыг баримталж байгаа нь зориуд санаатайгаар, зохион байгуулалттайгаар үйлдэж буй эдийн засгийн маш ноцтой гэмт хэрэг гэж үзэж болох бүрэн үндэслэлтэй юм.
БНАТТ хуулийн 17.1.2 -т “агнасан”, 17.1.6-д “амьдаар нь гадаад оронд гаргасан” гэж нэгэнд нь агнасан /амьгүй/, нөгөөд нь амьдаар нь барьсан гэсэн хоёр  өөр үг, ойлголт байгаа нь Байгаль орчны сайд, дарга нар бүү хэл бага ангийн хүүхэд, жирийн иргэн хэнд ч бүрэн ойлгогдохоор хоёр өөр утга санааг илэрхийлсэн  байгаа юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд газрын дарга нар нь агнах, барих гэдэг хоёр  үгийг ойлгохыг хүсдэггүй нь харамсалтай. Гэхдээ энэ нь зөвхөн ойлголтын зөрүү биш дургүйд хүчгүй байгаагийн цаадах далд  санаа нь тэдний арабуудад ая тал засах ашиг сонирхлын зөрчилтэй нь  холбоотой гэж үзэхээр  байна.
Баримт 2. Хураамжийг тооцохдоо ч хуулийн цоорхойгоор зохицуулдаг 
Амьдаар нь барьж гадаадад гаргаж буй ан амьтан /идлэг шонхор/-ын  хураамжийг УТХТ хуулийн 21.1.35-д “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.6-д заасан ан амьтныг барих зөвшөөрлийн хураамжийг гадаад зах зээлийн тухайн үнийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 5-8 хувиар тогтооно”  гэж заажээ.
Гэтэл БОАЖЯ-наас хураамжийг “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн  21.1.33-т  заасан ан амьтныг агнах, барих зөвшөөрлийн хураамжийг тухайн ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 2-4 хувиар” тооцохоор заасныг  мөрдөж ирсэн нь хууль зөрчсөн байна. Учир юу вэ гэвэл уг хуулийн 21.1.33-т дурдсан 17.1.1-17.1.4 дэх заалт амьдаар нь гадаадад гаргасан ан амьтан /шонхор/ -д огт хамааралгүй, зөвхөн агнасан ан амьтанд хамаатай дотооддоо мөрдөх заалтууд юм.
Зүй нь бол УТХТ хуулийн 21.1.35-д “БНАТТХуулийн 17.1.6-д заасан ан амьтныг барих зөвшөөрлийн хураамжийг гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 5-8  хувиар тооцно”  гэж заасны дагуу найман хувиар тооцож хураамжийг төлүүлэх ёстой.
Хэрэв хураамжийг хуулийн дагуу  УТХТ хуулийн 21.1.35 дахь заалт болон Засгийн газрын 2009 оны 112 дугаар тогтоолын 2 -т заасан хувь, хэмжээгээр тооцох юм бол нэг толгой шонхорын хураамж /2.3 сая/ төгрөг буюу 960 ам.доллар байх ёстой юм.
Гэтэл БНАТТ хуулийн 17.1.1-17.1.4-т заасныг баримтлан нэг толгой шонхорын хураамжийг шонхорын экологи-эдийн засгийн үнэлгээний дөрвөн хувь болох 640.000 /640 мянга/ төгрөгөөр буруу тооцсоны уршгаар гадаадад гаргаж буй шонхорын толгой тутмын хураамжаас 1.630.400 /1.6 сая/ төгрөг буюу 689 ам.доллараар улс /төсөв/-ыг хохироосоор иржээ.
Засгийн газрын 2009 оны 112 дугаар тогтоолд заасан нэг толгой шонхорын төлбөр, хураамжийн хэмжээ болох 11.760 ам.долларыг төгрөгийн дундаж ханш /2365 төгрөг/-аар тооцож үзвэл ойролцоогоор 27.8 сая төгрөг болж байгаа ч сайд, дарга хоёр маань 704000 /7.0/ сая төгрөгөөр тооцож байгаагаас үзэхэд нэг шонхорын төлбөр, хураамжийн дөнгөж дөрөвний нэгийг нь төлүүлж дөрөвний гурав буюу дунджаар 20.8 сая төгрөгийг нь төлүүлэхгүй улсыг хохироосоор ирсэн байна. Төсөвт оруулаагүй энэ их мөнгөний зарим хэсэг нь албан тушаалтнуудын халаасанд орсон, магадгүй эрх баригч намын санхүүжилтэд зориулагдсан байхыг үгүйсгэх аргагүй юм.
Д.Оюунхорол нь 2015 онд сайд болсныхоо дараа арабуудаар  бариулж гадаадад гаргах шонхорын тоог батлуулах тухай тогтоолын төслийг Засгийн газарт оруулахдаа танилцуулгад нь нэг толгой шонхорын төлбөр, хураамжаас 11760 ам.доллартай тэнцэх төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ гэж зөв дурдсан байсан ч үүнийгээ  огт хэрэгжээгүй.  2015-2019 онд 11760 ам.долларын дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний орлого /дундажаар 2940 ам.доллартай/-ыг л төсөвт төвлөрүүлж иржээ.
Шонхорын төлбөр, хураамжийг тооцохдоо түүний экологи-эдийн засгийн үнэлгээний хувиар биш Засгийн газраас тогтоосон жишиг үнийн хувиар тооцох нь хууль тогтоомжид бүрэн нийцэх ёстой. Харин  БНАТТ хуулийн 17.1.2, УТХТ хуулийн 21.1.33-т дурдсан Экологи эдийн засгийн үнэлгээ нь гадаадад амьдаар нь гаргаж буй ан амьтан /шонхор/-нд огт хамаарах ёсгүй заалтууд юм. Хууль тогтоомжид гадаадад амьдаар гарч буй шонхорын төлбөр, хураамжийг хөнгөлөх, эсвэл чөлөөлөх, бэлэглэх талаар ямар ч зүйл заалт байдаггүй
Засгийн газрын 112 дугаар тогтоол нь хэдийгээр БНАТ тухай, УТХ тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд 2012 онд батлагдаж гарахаас даруй гурван жилийн өмнө гарсан ч уг тогтоолоор шонхорын төлбөрийг жишиг үнийн 90, хураамжийг найман  хувиар тогтоосон байна. Энэ хувиар нь тооцож үзэхэд 112 дугаар тогтоолд дурдсан төлбөр, хураамжийн хэмжээ нь дээрх хоёр хуулийг зөрчөөгүй, харин ч тэдгээрт бүрэн нийцсэн байна.
Шонхорын жишиг үнэ, төлбөр, хураамжийн хэмжээг Монгол Улс анх шонхороо гадаадад гаргаж эхэлсэн 1993 оноос эхлээд 2009 оны Засгийн газрын 112 дугаар тогтоол гарах хүртэл Засгийн газрын таван  удаагийн тогтоолоор өөрөөр хэлбэл,  таван  удаа зохих хувь хэмжээгээр нэмэгдүүлсээр ирсэн бол 2009 оноос хойш хувь хэмжээг нь огт  нэмээгүй. Ийм эх оронч сонирхол БОАЖ-ын сайд, дарга нарт байгаагүй. Тэгвэл хэдхэн жилийн өмнө Казахстан улс идлэг шонхорыг арабуудаар бариулж гадаадад гаргахдаа нэг бүрийг нь 250 мянган  ам.доллараар үнэлдэг байсан бол Катар улс дахь шонхорын зах дээр Монголоос барьж аваачсан идлэг шонхор 500 мянгаас дөрвөн сая ам.доллар хүрдэг гэсэн мэдээ байдаг.
Ийнхүү БОАЖ-ын сайд, газрын дарга, шонхор барихаар ирсэн араб ноёдын хуйвалдааны буруугаас жил бүр олон тоогоор гадаадад гарч байгаа идлэг шонхор шувууны төлбөр, хураамжийн үнийн дүнгийн дөрөвний гуравыг нь төлүүлэхгүйгээр дөнгөж дөрөвний нэгийг нь төлүүлсэн болж улсыг хохироосоор ирсэн нь хөдлөшгүй үнэн, баримт нотолгоотой ноцтой асуудал мөн.
Үргэлжлэл бий.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих