Өрхийн эмнэлэгт үр хөндсөнийг нууж байна уу

85184156_189962858766953_1364062754008203264_nӨрхийн эмнэлэгт үр хөндсөн хэрэг гарсан байж болзошгүй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн ХХI хорооны “Ачитсайхан” өрхийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч А нь 19 настай, дөрвөн сартай жирэмсэн эмэгтэйд үр хөндөлт хийсэн байж магадгүй гэсэн юм. Бид үүссэн нөхцөл байдлыг сурвалжилахаар тус өрхийн эмнэлгийг зорив.

“Өрхийн эмнэлэгт 19 настай эмэгтэйд үр хөндөлт хийсэн байж магадгүй. Дөрвөн сартай жирэмсэн байсан учраас хууль бус үр хөндөлт гэж үзэж байна. Эмнэлэгт ирэхдээ их хэмжээний цус алдсан, үр хөндөлт хийлгэсэн байж болзошгүй ул мөртэй ирсэн. Үүнийг шалгана уу” гэдэг мэдээлэл ЭХЭМҮТ-өөс анх хууль хяналтын байгууллагад иржээ. Ингэснээр уг хэрэг ил болсон байна. Үр хөндүүлсэн эмэгтэй Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, нийслэлд аав, ээж, нөхрийн хамт амьдардаг гэнэ. Хэрэг гардаг өдөр Сонгинохайрхан дүүрэгт нөхрийнхөө гэрт байсан гэнэ. Тэрбээр таньдаг хүнээрээ дамжуулан Баянзүрх дүүргийн XXI хорооны өрхийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч 60 настай А-д үзүүлжээ. Биднийг эмнэлэг дээр нь очиход эмэгтэйчүүдийн эмч А нь байхгүй цагдаагийн байгууллага руу явсан  гэж байлаа. Өрөө нь цоожтой, эмнэлэг эл хуль байв.

ОХИН ҮР ЗУЛБУУЛАХ ЭМ ЗАХААС АВЧ УУЖЭЭ

“Ачитсайхан” өрхийн эмнэлгийн дарга Т.Аварга “Нийслэлд эмэгтэйчүүдийн эмчтэй ганцхан өрхийн эмнэлэг байдаг нь манайх. Эхийн эндэгдэл, гэрээр төрөлт, жирэмсний хяналтад оройтож орох тохиолдол манай хороонд олон гардаг учраас би эмнэлэгтээ эмэгтэйчүүдийн эмч авсан. Тийм ч учраас энэ асуудал байхгүй болсон гэж хэлж болно.Үр хөндсөн гэх эмэгтэйчүүдийн эмчийн тухайд манай эмнэлэгт 2016 оны гуравдугаар сараас ажиллаж байгаа. Тухайн өдөр таньдаг хүн нь “Манай дүү дөрвөн сартай жирэмсэн. Гэдэс нь базалж өвдөөд байна. Та үзээд өгөөч” гэж хэлсэн юм билээ.Тэгээд цайны цагийн үеэр авчирч үзүүлэхэд охины савны амсар нээгдэж, цус алдсан байдалтай байхаар нь III дугаар шатлалын эмнэлэг рүү хүргэсэн гэсэн. Улмаар ЭХЭМҮТ цагдаагийн газар руу хууль бус үр хөндөлт гэж дуудлага өгсөн юм билээ. Би энэ талаар юу ч мэдээгүй байсан. ЭХЭМҮТ-өөс над руу ийм асуудал болсон талаар дараа нь хэлсэн. Манай эмнэлэгт үр хөндөлт хийсэн зүйл огт байхгүй. Тийм нөхцөл ч байхгүй. Хүсвэл та нар эмэгтэйчүүдийн эмнэлгийн өрөөг орж үзэж болно. Охины ар гэрийнхэн анх цагдаагийн байгууллагад эмэгтэйчүүдийн эмчийг эм уулгасан гэж хэлсэн гэсэн. Тэр нь шалгалтын явцад худлаа болсон. Охин өөрөө эх, эцэгтээ жирэмсэн болсон тухайгаа хэлэлгүй, нууж эм уусан юм билээ. Охины ээж “Нарантуул” захаас охин нь зулбуулах эм худалдаж, авч уусан. Тэгээд түүний дараа цус алдаж, манай эмнэлэгт үзүүлээд ийм юм болсон гэсэн. Одоогоор эмэгтэйчүүдийн эмч ажлаа хэвийн хийж байгаа. Хэрэг шийдэгдсэний дараа эмчийг ажлаас халах, эсэхийг шийднэ. Алтанцэцэг эмч өмнө нь хувийн эмнэлэгтэй байхдаа үр хөндөж, алдаа гаргасны улмаас гурван жилийн хорих ял эдэлж байсан. Тэгээд хорих хугацаанд нь эмчлэх эрхийг нь цуцалж, 2015 оны наймдугаар сард таван жилийн хугацаатай эмчлэх эрхээ сэргээлгэж, манайд ажилд орсон. Эмчлэх эрх нь ирэх наймдугаар сард дуусна” гэлээ.

ҮР ХӨНДСӨН ГЭХ ЭМЧ ХЭН БЭ

Өрхийн эмнэлэгт үр хөндсөн гэх эмч А нь арван жилийн өмнө хууль бусаар үр хөндөж, хуулийн байгууллагад удаа дараа шалгагдаж байжээ. Түүнчлэн тэрбээр хуульд заасан хугацаанаас буюу гурван сараас дээш сартай жирэмсэн эмэгтэйд үр хөндсөн хэргээр өмнө нь ял эдэлж байсан аж. Тодруулбал, иргэн З нь таван сартай байхдаа тус эмчээр үр хөндөлт хийлгүүлж, амь насаа алдаж байсан харамсалтай хэрэг гарч байсан билээ. А нь энэ хэргээр ял эдэлж дуусаад, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд хамт ажиллаж байсан найз нь “Ачитсайхан” өрхийн эмнэлгийн даргаар томилогдсоноор тус эмнэлэгт ажиллаж эхэлсэн гэдгийг эх сурвалж хэлж байлаа. Тэрбээр одоо 60 гаруй настай гэнэ. Хэрэг болсон талаар түүнээс тодруулахад “Нэгдүгээр сарын 24-нд цайны цагийн үеэр өмнө нь миний хяналтад байсан Болорцэцэг гэж эмэгтэй таньдаг хүнээ үзээд өгөөч гэж гуйсан. Хэдэн өдөр өндөр халуурч, маш их ханиалгаад, гэдэс нь базлаад байна гэсэн. Үзүүлэхээр ирэхдээ жирэмсэн эмэгтэй цус алдаж, ураг бараг цухуйчихсан байсан.

Хуулиар гурван сартай буюу 12 долоо хоногтой ургийг хүн болсон гэж үздэг. Үүнээс дээш хугацаанд үр хөндөлт хийхийг хориглодог. Гэтэл дөрвөн сартай жирэмсэн эмэгтэй ханиад хүрснийхээ төлөө их хэмжээний цус алдаж, тээж явсан ургаа учир битүүлгээр алдсаныг яагаад хэн ч тоохгүй байна вэ.

Би эмнэлэг дээрээ янз бүр болгоод яахав гэж бодоод, сувилагчтайгаа хамт ЭХЭМҮТ-д яаралтай хүргэж өсөн. Би үр хөндөж, эм уулгаагүй. Цус алдаад, бие нь өвдөж, өвдөлт их өгч, төрөх гээд байхаар нь тогтоох эм уулгасан. Тэрийг л зулбуулах эм гэж хүмүүс ойлгосон шиг байна лээ. ЭХЭМҮТ-д очсон хойно нь эмч нар “Яасан. Яагаад ийм хэрэг болсон” гэж асуусан юм шиг байна лээ. Тэгэхэд нөгөө хүүхдийн эцэг, эх нь “Эмч чинь эм уулгасан гэсэн биз дээ” гэж хэлснээс болж ийм асуудал үүссэн. Ар гэрийнхэн нь буруу мэдээлэл өгснөө хүлээн зөвшөөрсөн. 19 настай охин анхны жирэмсэлт байсан болохоор юугаа ч мэдэхгүй хяналтдаа ч ороогүй байсан. Энэ хэргээс болж би цагдаагийн байгууллагад өнөөдрийг хүртэл шалгагдаж, мэдүүлэг өгч байгаа. Өрөөнийхөө зургийг авахуулах боломж байхгүй. Гадуур ажилтай явна. Цус алдаад үхэх гэж байсан эмэгтэйг мэргэжлийн байгууллагад хүргэж өгсөн биш гай боллоо” гэлээ.

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛСЭН

19 настай охиныг эмэгтэйчүүдийн эмчтэй холбож өгсөн гэх н.Болорцэцэгтэй холбогдоход, “Манай урд хашааны охин халуурч, бие нь тавгүй байна гэж надад хэлж байсан. Дөрвөн сартай жирэмсэн ч орон нутгийн харьяалалтай учраас эмчийн хяналтдаа ороогүй байсан гэсэн. Би Баянзүрх дүүргийн ХХI хорооны өрхийн эмнэлгийн эмчийн хяналтад байдаг болохоор эмчдээ үзүүлж өгөхөөр болсон юм. Эмч ямар ч үнэ төлбөргүй үзэж өгсөн. Тэрнээс биш өрхийн эмнэлэг дээр үр хөндсөн зүйл байхгүй. Үзүүлэх гээд очтол цус алдаж, бид ЭХЭМҮТ-д хамт очсон. Одоогоор охин эмнэлгээс гарч, биеийн байдал нь хэвийн байгаа. Үр хүүхдээ алдсан учраас сэтгэл санаагаар унасан байна лээ. Үр зулбуулах эм уусан эсэхийг нь мэдэхгүй. Надад тийм юм хэлээгүй” хэмээв.

МАНАЙ ОХИН ҮР ЗУЛБУУЛАХ ЭМ УУГААГҮЙ

Охины ээжээс хэргийн талаар тодруулахад “Манай охин нөхөртэйгөө дөрвөл жил үерхэж байгаад жирэмсэн болсон юм. Би жирэмсэн гэдгийг нь мэдэж байсан. Удахгүй хяналтандаа орно гэж ярьж байсан. Гэтэл ийм харамсалтай хэрэг болчихлоо. Санаатайгаар үр хөндүүлээгүй. Манайх хөдөөний харьяалалтай учраас хяналтад орж чадаагүй. Охин маань хажуу айлынхаа эгчийн таньдаг эмчид үзүүлэхээр боллоо гэсэн. Очиж үзүүлэхэд нь эмч нь “Юу юугүй хүүхэд гарах нь. Яаралтай харьяаллын эмнэлэгт хүргэе” гээд явцгаасан байгаа юм. Эмнэлэгт ирэхэд нь хүүхдийг тогтоох ямар ч боломжгүй байсан гэсэн. Миний охин зулбуулах эм авч уусан юм огт байхгүй. Ханиад хүрээд халуураад байхаар нь Шөнийн захын тэндээс ханиадны эм авч уулгаад хадмынх руу нь явуулсан. Сэтгэл санаа нь маш тогтворгүй байна. Хүүхдээ төрүүлнэ гэж бодож байсан нялх үр минь үрээ алдчихлаа” гэв.

ЭМЧ, АР ГЭРИЙНХЭН ХУЙВАЛДСАН УУ

Охины ар гэрийнхэн анх “Эмч эм уулгасан” гэж мэдүүлсэн ч төд удалгүй мэдүүлгээсээ буцжээ. Мөн өрхийн эмнэлгийн эмч нар охиныг үр зулбуулах эм авч уусан гэж хэлж байгаа боловч, охины ээж үүнийг үгүйсгэсэн юм. Өрхийн эмнэлэгт үр хөндсөн байх магадлалтай гэж хардаж байгаагийн учир нь тухайн эмч өмнө нь ийм хэргээр ял эдэлж байсан. Түүнчлэн үр хөндсөний улмаас таван сартай жирэмсэн эмэгтэй амиа алдсан. Хэдийгээр өмнө нь хяналтад байсан эмэгтэй таньдаг, дүүгээ авчирч түүнд үзүүлсэн гэж байгаа ч яагаад Сонгинохайрхан дүүргийн XXI хорооллоос Баянзүрх дүүргийн Дарь-эхийн эмнэлгийг зорьж ирэх болов. Тэр эмэгтэй өөрөө жирэмсэн, Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хяналтад байдаг гэж байгаа. Яагаад өөрийнхөө хяналтад байдаг эмнэлэгт үзүүлээгүй нь эргэлзээтэй. Хэрэв өрхийн эмнэлэгт үр хөндсөн бол хариуцлагыг хэн хүлээх вэ. Ар гэрийнхэн болон өрхийн эмнэлгийн эмч нарын өгсөн мэдээлэл зөрж байгаа нь тэд хуйвалдсан байх магадлалтайг илтгэж байгаа юм.

ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ЭНЭ ХЭРГИЙГ ЗҮГЭЭР ӨНГӨРҮҮЛЭХ ҮҮ

Үр хөндсөн гэх эмчээс дахиж мэдүүлэг авахгүй гэсэн хэмээн тэд хэлж байлаа. Хуулиар гурван сартай буюу 12 долоо хоногтой ургийг хүн болсон гэж үздэг. Үүнээс дээш хугацаанд үр хөндөлт хийхийг хориглодог. Гэтэл дөрвөн сартай жирэмсэн эмэгтэй ханиад хүрснийхээ төлөө их хэмжээний цус алдаж, тээж явсан ургаа учир битүүлгээр алдсаныг яагаад хэн ч тоохгүй байна вэ.

Үндэсний шуудан


URL:

Сэтгэгдэл бичих