Баабарын “сүншиглэж”, Ч.Улааны “аравнайлсан” Төмөртийн цайрын ордыг Хятадуудад 51 хувиар эзэмшүүлнэ гэв үү
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг, Төмөртийн овоо гэдэг газарт цайрын том орд бий. Аймгийнхаа төвөөс зүүн хойшоо 16 км-т орших энэ ордын нөөц нь 11,5 хувийн дундаж агуулга бүхий 885,3 мянган тонн металл цайр юм. Нөөцийг нь анх 1980 онд баталсан бөгөөд эрэл, үнэлгээний ажилд тухайн үеийн ханшаар 203 мянган төгрөг, нарийвчилсан хайгуулд 10717,8 шилжих рубль зарцуулжээ. Монголчууд энэ ордоо 1989 оноос ашиглах гэсэн боловч санхүүгийн эх үүсвэр хүрэлцэхгүй тул хойш тавьсан гэдэг. Тухайн үед хамтран ашиглах гадаад түнш олдоогүй. Харин 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Монголын “Металлимпекс” ХХК уг ордын ашиглалтын 723А лицензийг авсан байлаа. Удалгүй Хятадын иргэн Жан Ши Ли гэгчид өөрийн талбайгаас 38 га-г худалджээ. Жан Ши Ли нь 2005 онд Хятадын “Цайрт минерал” компанийн нэр дээр нэмж дахиад “Металлимпекс”-ийн 9766 тоот лицензтэй 634 га газрыг шилжүүлж авсан байна.
Лиценз нь зөвхөн хайгуулынх. Ордын нөөц нэгэнт тогтоогдсон тул энд уг нь ийм лиценз олгох ёсгүй. Гэвч чадаж буй хүн аргагүй л давуу эрхтэй хойно доо. Энэ байтугай гажиг юм Монголд хог шиг хөглөрч байгаа юм чинь. Цайрын ордын техник эдийн засгийн үндэслэл ч хийгдсэн байжээ. Ингээд Хятад эр Жан Ши Ли бол ёстой аз нь шовойсон амьтан Бээжин, Улаабаатарын хооронд нисч өгч байлаа. Хятадын Өнгөт төмөрлөгийн гадаад барилга, зураг төслийн компани (NFC)-тай уулзаж амжив. Компанийн том эзэд нь хамтран ашиглах гэрээ байгуулахаар болжээ. Удалгүй 1997 оны 11 дүгээр сард гэрээгээ хийж, хоёр орны хамтарсан “Цайрт минерал” ХХК-ийг 100 мянган ам.долларын дүрмийн сантайгаар үүсгэн байгуулсан байна.
Тухайн үед Сангийн сайдаар ноён Баабар буюу Б.Батбаяр ажиллаж байлаа. Мань эр араа бодсон уу, ашгаа шууд хүртсэн үү, юутай ч тооцоо мооцоо гэж авах юм үгүй “Тогтвортой байдлын гэрээ” гэгчид мутраа хайрлажээ. Хууль тогтоомжуудтай илт харшилсан 1998 оны энэ гэрээ харин өнөөг хүртэл амьсгал хураачихалгүй яваад байгаа нь тун гайхалтай. Нөхөр Баабарын “сүшиглэсэн” гэрээ хэмээн зарим нь их л биширдэг бололтой, янз нь. Ухаандаа хуулийн ихээхэн зөрчилтэй, үндэсний эрх ашигт хохиролтой хэрнээ байгаад байдаг болохоор нь хүмүүс тийнхүү сүсэглэдэг ч юм уу. Үүний учрын мэргэн “гүүш” Баабар, УИХ-ын гишүүн Ч.Улаан нараас өөр мэдэх хүн даанч ховор байна.
Б.Баабарын дараа Ч.Улаан Сангийн сайд болж, 2000 онд Засгийн газрын хуралдаанаар “Цайрт минерал” компанид Хятадын талаас хөнгөлөлттэй зээлийг дамжуулан зээлдүүлэх гэрээ хийжээ. Ч.Улаан анхнаасаа Засгийн газрын гишүүдэд буруу зөрүү ойлголт өгсөн гэдэг. Тэрбээр “Энэхүү зээлтэй холбоотой зээлийн үндсэн өр, хүү болон аливаа төлбөрийг Монгол улсын Засгийн газар хариуцахгүй” гэсэн лут өгүүлбэрээ гэрээнд нэмж оруулжээ. Ингээд Хятадын “NFC” компанид уг зээлийг шууд хийх болсноор хамаг будлиан үүссэн бололтой. Дээрх “но”-той үг өгүүлбэрт дулдуйдан Сангийн яамнаас 02а /77 тоот бичгийг Хятадын Элчин сайдын яаманд илгээж, Монгол улсын Засгийн газрын авсан хөнгөлөлттэй зээлийн 25 сая ам.долларыг Хятадын хувийн “NFC” компанид шууд, ямар ч гэрээгүйгээр өгсөн байв. Нийт дүнгээрээ гурван хувийн хүүтэй 200 сая юань шүү дээ. “NFC” компани нь Төмөртийн овооны цайрын ордын төслийг хэрэгжүүлж буй “Цайрт минерал” ХХК-д энэ зээлийг Хятадын арилжааны банкны зээлийн хүүгээс өндөр хүүтэйгээр буцаан зээлдүүлсэнд хэргийн бас нэг учиг бий. Хятад, Монгол иргэдийн иймэрхүү аргачлалаар хийгдсэн луйвраас болсон уу, Төмөртийн овооны цайрын баяжмал олборлох төслийг дөрвөн жилийн турш санхүүжүүлээгүй юм.
Өөрөөр хэлбэл дээрх мөнгө хаа нэгтээ өөр зорилгоор ашиглагджээ. Нэгэнт гэрээт үүргийн дагуу “Цайрт минерал” нь дөрвөн жил юу ч хийгээгүй болохоор “Тогтвортой байдлын гэрээ”-г цуцлах ёстой байлаа. Гэвч Ч.Улаан сайд нь суудлаа ашиглан гэрээг цуцлаагүй ажээ. Монголын тал энэ хугацааны хохирлыг л амсаад өнгөрсөн байна. Харин санхүүжилт бүрэн хийгдээгүй ч “Цайрт минерал” компани цайрын баяжмалаа Хятад руу гаргасаар байлаа. Үүнийг нь нотлох олон баримт байгаа. Зөвхөн 2005 онд гэхэд л үнийн дүнгээрээ 9 664 604 677 ам.долларын борлуулалт хийснээс харж болно. Мөн гаалийн бүртгэлийн жагсаалтаас үзвэл тухайн үед 44 897 860 605 ам.долларын баяжмал хил давуулсан байдаг юм. Ийм үйлдлийг луйвар биш гэх аргагүй л дээ. Гэвч эдгээр зөрүүтэй мэдээллийг Хятадын тал орд газрын дээж хэмээн нэрлэсээр иржээ. Эхний таван жилд ямар ч татваргүй гарсан цайрын хүдэр 731,7 сая ам.долларт хүрсэн гэж Монголын хөрс хамгаалах нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Хатанмагсар өнгөрсөн зун мэдэгдэж байв.
Ер нь тус ордоос сард 300-500 мянган тонн хүдэр боловсруулах боломжтой гэдэг. Сүүлийн үеийн судалгаагаар энэ орд нийт 4,4 тэрбум ам.долларын нөөцтэй гэж байгаа. Б.Хатанмагсарын хувьд Хятадын ийм увайгүй үйлдлүүдийг УИХ-ын гишүүн Ч.Улаан өөгшүүлж, “Цайрт минерал” шиг сайн ажиллаж байгаа компани байхгүй мэтээр ярьж явааг гайхаж байгаа ажээ. “Цайрт минерал” нь одоо Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотыг ундны усгүй болгох гэж байгаа гэнэ. Энэ компани үйлдвэрийн хэрэгцээт усаа Баруун-Урт хотынхны ундны усны нөөцөөс авдаг юм байна. Нутгийн иргэдийн тооцоолсноор ийм маягаар цааш явбал удахгүй уух усны хомсдолд орох ажээ. Нөгөөтэйгүүр баялгийг нь цөлмөсний төлөө нутгийнханд хөрөнгө оруулалт гэж гялайж гялтайх юмгүй байна. Тус компанийн хөрөнгө оруулалтаар боссон нэг ч сургууль цэцэрлэг алга.
Цайрын хүдэр ачсан хүнд даацын машинууд өдөр шөнөгүй Сайншандыг дамжин урагш цуварсаар байна. Байгаль орчны сүйрэл энд Өмнөговь, Дорнодын Матадаас дутахааргүй болжээ. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалтаар өнөөдөр стратегийн ордоо ийнхүү ашиглуулж, эх орноо цөлмүүлж байгаадаа Ч.Улаан гишүүн лав сэтгэл зовдоггүй юм байна. Тиймээс Монголын хөрс хамгаалах нийгэмлэгийнхэн энэ бүх асуудлыг нарийвчлан шалгуулахаар Цагдаагийн Ерөнхий газарт хандаад байгаа ажээ. Хэдэн жилийн өмнө Эрс шинэчлэл хөдөлгөөнийхөн яг иймэрхүү зүйлийг сөхөж тавиад хууль хяналтын байгууллага нь тоож үзээгүй юм. Гэхдээ одоо тэдний арчаагүй, улс төрийн хараат байдал арай зөөлөрсөн байлгүй дээ. Таван жил гаруйн өмнө стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг дарга нар жагсааж байгаад л баталжээ. Одоо ашиглаж байгаа, ашиглалт нь эхлээгүй буюу бэлтгэгдэж буй орд хэмээн ангилж ч үзсэн.
Ашиглаж буй стратегийн ордуудад “Таван толгой”, “Нарийн сухайт”, “Багануур”, “Шивээ-Овоо”-гиий нүүрсний ордууд, “Төмөртийн Овоо”-ны цайр, “Бороо”-гийн алт, “Уулын баяжуулах Эрдэнэт” үйлдвэрийн зэс, молибдени ордог бол ашиглаж эхлээгүй буюу бэлтгэгдэж буй ордод “Төмөртэй”-н төмөр, “Оюу толгой”-н зэс, алт, “Цагаан суврага”-ын зэс, молибдени, “Мардай”, “Дорнод”, “Гурван булаг”-ийн уран, “Бүрэнхаан”-ы фосфорит, “Асгат”-ын мөнгөний орд багтсан. Эдгээрээс Оюу толгойн хуудуутай явдлыг эс тооцвол үнэндээ жирийн иргэн Дулмаа эмээ, Дорж өвөө, түүний үр сад, бусад иргэдэд наалдах юм алга. Улс төрийн бүх намууд ын 2008 оны сонгуулийн гол лоозон нь эдгээр ордыг ашиглаж, эдийн засгийг “эргэлдүүлэн” алаад өгнө, амьдрал чинь аяндаа дэвжиж эхэлнэ гэсэн гоё үг байлаа. Хамгийн түрүүнд ашиг хүртэх болмжтой ордуудын нэг нь ч яах аргагүй төмөртийн цайрын орд байсан юм. Баабар, Улаан нарын Тогтвортой байдлын гэрээг цуцлаад ашгаа хуваах илүү өгөөжтэй хувилбар сонгохыг хүмүүс хүлээсээр. Тэгтэл Хятадын “Өнгөт төмөрлөгийн гадаад дахь барилга, зураг төслийн компани” буюу “NFC”-тэй Монголын тал 49 хувь, Хятадын тал 51 хувийг эзэмшиж, хөрөнгө оруулалтын зээлээ төлснийх нь дараа энэ хувиудыг 50:50 болгох үлгэр зохиосоор удаж байгаа ажээ. Өнөөгийн мөрдөж буй ашигт малтмалын хуультай харшилсан энэ хувь хэмжээний авторыг хайх гээд яахав дээ, бид.
Тэгээд ч Ашигт малтмалын хууль маань угаасаа Ц.Нямдоржийн мутраар “галзуу”-гийн эрээн цоохор тэмдэглэл шиг юм болчихоод байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүнийг нь сайжруулах хуулийн төсөл санаачилсан ч бас л тэнд нь эргэлзээтэй заалт цөөнгүй. Тухайлбал, стратегийн орд гэдэг ойлголтоо үгүй хийх гэж байна. Оронд нь стратегийн түүхий эд гэнэ үү, нэг тийм сонин юм оруулчихаж. Ухаандаа ашигт малтмал гэх түүхий эдийг газрын хэвлийгээс биш өөр хаа нэгтээгээс олборлоод байх нь л дээ. Хэрвээ энэ байдлаар хууль нь батлагдвал “Цайрт менирал” ч үгүй, юу ч үгүй үлдэж мэдэх л юм байна. Ямартай ч Баабарын “сүншиглэж”, Ч.Улааны “Аравнайлсан” “буян”-аар Хятадууд Төмөртийн ордоос цайрын баяжмалаа маш хямдаар зөөж дуусах үеэр хуулийн ийм нэгэн шоглоом эхлэв бололтой.
Б.Отгонбаяр
URL: