Дэлхий нийтийг айдаст автуулсан коронавирусын халдвар хүрээгээ улам тэлж байна. Хоногт л хэдэн зуугаараа халдвар тархаж, хэдэн арван хүн амиа алдаж түгшүүр зарлаад удлаа. Сүүлийн мэдээллээр коронавирусын халдвар 26 улсад тархаж 40573 хүн өвчилж, 910 хүн амиа алджээ. Мэргэжлийн байгууллагын өгч буй мэдээллээр халдвар Монголд бүртгэгдээгүй ч манайхыг тойрон бүчсэн гэхэд болно. Өмнөговь аймгийн Гашуусухайт боомттой хил залгаа Баяннуурт коронавирусын халдвар илрээд байгаа нь ердөө 120 км-ын зайд буюу хаалганд тулж иржээ. Мөн Хятадаас дамжиж ирсэн иргэдээс удаа дараа халдварын шинж илэрсэн. Мөн гадны улс орнуудаас ирсэн иргэдээс нийслэл, орон нутагт өдөр бүр шахуу сэжигтэй тохиолдол бүртгэгдэж монголчуудыг түгшээж байна. Тиймээс манай улс одоогийн авч буй арга хэмжээгээ улам чамбайруулах шаардлагатай байна.
Манай улсын хувьд коронавирусын халдвартай хамаг чадлаараа тэмцэж буй нь сайшаалтай. Гэхдээ олон нийтийн арга хэмжээг хориглож, хилийн боомтуудаа хаагаад зогсохгүй сүүлийн 14 хоногт халдвар тархсан бүс нутаг буюу Хятадад зорчсон. Мөн Хятадаар дамжиж ирсэн бол хилээр нэвтрүүлэхгүй байх бусад орнуудын шийдвэрийг ч хэрэгжүүлье.
Манай улсын Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомттой хиллэдэг БНХАУ-ын Эрээн хотод хөл хорио тогтоож, нэгдүгээр зэргийн онц байдал зарлалаа. Эрээн хот руу гаднаас ирэх хүмүүсийг оруулахгүй ба иргэдийг буцаах эсвэл тусгаарлах байранд 14 хоног байрлуулах гэнэ.
Коронавирусын тархалттай холбогдуулан зарим улсууд БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон гадаад иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргаад эхэллээ. Үүнд тухайн улсаар дамжин өнгөрөх ч хамаарах юм. Одоогоор Солонгос, Япон, АНУ, Сингапур, Хонконг, Энэтхэг, Австрали улс дээрх шийдвэрийг гаргажээ. Австрали улс Хятадаар дамжсан гадаад иргэдийг нэвтрүүлэхгүй, бүр тасалбарыг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгджээ Энэхтхэг улс нэгдүгээр сарын 15-наас хойш Хятад улсаас ирсэн хүмүүсийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ. ОХУ-д энэ өвчний халдвар авсан хоёр тохиолдол Хятадын иргэн байжээ. Тиймээс сүүлийн 14 хоногт Хятад улсад зорчсон бол дээрхи улсууд руу зорчихгүй, мөн өөр улс руу зорчих бол тухайн улсын хилийн хоригийн талаар мэдээлэлтэй байхыг олон улсын агаарын тээврийн компаниуд анхааруулж байна.
Цөөхөн хүн амтай манай улсын хувьд гадаад, дотоод аль ч талдаа бэлэн байж урьдчилан сэргийлэх нь зүйтэй юм. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Коронавирусын халдвар авсан хүн гэр бүлийн дунд тарааж байна. Дараа нь ажил, найз нөхдийн хүрээндээ тараадаг юм байна. Тиймээс эрсдэл ойрхон байна” гэсэн.Сөүл-Улаанбаатар, Хөх хот чиглэлийн онгоцоор маш олон хятад иргэд орж ирсээр байна. Тиймээс бусад улс орны жишгийг дагаж БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон болон дамжин өнгөрсөн гадаад иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргах хэрэгтэй.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Амралтын өдрүүдэд нийт гурван тохиолдол тусгаарлагдан хянагдсан. 2020 оны хоёрдугаар сарын 8-нд Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хүний тусгай шинжилгээний хариу сөрөг гарсан буюу коронавирус байхгүй. Харин А хүрээний H3N2 вирус илэрсэн. Хоёрдугаар сарын 8-нд тусгаарлагдсан Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн хоёрдугаар сарын 9-нд ирж тусгаарлагдсан /Хөх хот-Улаанбаатар чиглэлээр ирсэн/ сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан ба А хүрээний H3N2 вирус илэрсэн гэх лаборторийн үнэлгээ гарсан” гэв.
Эмнэлгийн байгууллагын зөвлөснөөр шинэ коронавирусийн халдвараас дараах гурван аргаар сэргийлэх боломжтойг сануулъя. Гараа тогтмол савандаж угаах, амны хаалт заавал зүүх, өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байхыг анхааруулъя. Мөн шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байх, олон нийтийн газруудаар явахгүй байхыг анхааруулж байна.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин