Гишүүн Б.Хаянхярваа, Засаг С.Насанбат нар байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэн үү?

9082

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын дэвшүүлэн хэрэгжүүлсэн “Алт” хөтөлбөр Монголын эдийн засагт шинэ хуудсыг нээж, улсын төсвийн орлогын нэг эх үүсвэр болж чадсан. 1991 оны сүүлээр эхлүүлсэн “Алт” хөтөлбөр тухайн үед ЗХУ-аас бүрэн хараат байж байгаад бие даан амьдрахаас аргагүй болсон Монголын эдийн засгийг аврах нэг гарц болсон юм. “Алт” хөтөлбөрийг 1999 оныг дуустал хэрэгжүүлсэн бөгөөд энэ хооронд жилдээ нэг тонн ч хүрдэггүй байсан олборлолт 11 тонн болтлоо өссөн байдаг. “Алт” хөтөлбөр дууссаны дараа “Алт-2000” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн хоёр дахь хөтөлбөр өмнөхөөсөө илүү далайцтай байлаа.

2000-2010 оны хооронд алтны үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, жилийн олборлолт 24.1 тоннд хүрсэн. Социализмын үед илрүүлсэн ордуудыг ашиглахаас гадна шинэ ордыг нээн илрүүлэхэд компаниуд хөрөнгө оруулсны дүнд 110 гаруй тонн алтны шинэ ордыг илрүүлж, алтны хайгуульд зарцуулсан хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байжээ.

Алт бол санхүүгийн ямар ч эрсдэлтэй үед үнээ барьж байдаг дэлхийд ганц бүтээгдэхүүн. Тийм ч учраас Монголын хувийн хэвшлийн компаниуд чадал боломжийн хэрээр алтны үйлдвэрлэл рүү хошуурч ирсэн гэхэд хилсдэхгүй. Гэвч ганц алт гэлтгүй уул уурхайн салбарын хөгжил цэцэглэлтийг даган нийгэмд гарч ирсэн сөрөг хандлагууд ч бий. Байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулж, хүн, малын ундны ус, хөрс, бэлчээрийг сүйтгэсэн, нинжа хэмээх хуулинд захирагддаггүй бүлэг, алтны бизнесийг дагасан улстөрчдийн шунал гээд. Ялангуяа алтны баялаг нөөцтэй Дархан-Уул аймгийн Шарын гол, Төв аймгийн Заамар, Баянхонгор аймгийн хэд хэдэн сумыг энд нэрлэж болно.

Сүүлийн үед Шарын голын алтны бичил уурхай тойрсон асуудал анхаарал татаж байна. Дархан-Уул аймгийн ИТХ оны өмнөхөн буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаараа Шарын гол сумын зургаан байршилд алтны бичил уурхайн эрх олгох асуудал хэлэлцэх гэж байснаа БОАЖЯ-наас ирсэн албан бичгийн дагуу эрх олгохыг хойшлуулсан ажээ. Бичил уурхайн эрх олгохыг эсэргүүцсэн Жамсрангийн Ганболд гэдэг залууг Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатыг гүтгэсэн гэсэн гомдлыг Тамгын газрын дарга Ч.Энхбат цагдаад өгчээ. Ж.Ганболд энэ тухайгаа олон нийтийн сүлжээгээр мэдээлэл хүргэсэн төдийгүй Дархан-Уул аймгийн MyDarkhan.mn сайтад дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

Алтны олборлолтыг замбараагүй, хууль бусаар олон жил хийсний эцэст одоо Шарын гол, Хонгор сумын байгаль экологи сэргээгдэшгүйгээр сүйдэж, хүн, малын ундны ус баталгаагүй болж байгаа талаар нутгийн иргэд олон жил ярьж байгаа ч энэ талаар дуугарсан хүн ажил, амьдралгүй болдог учраас дуугарах хүн олдохоо больсон гэдгийг Ж.Ганболд хэлсэн байна.

Дархан-Уул аймгийг МАН дангаар засаглаад удаж байна. Одоогийн УИХ-ын гишүүн Б.Хаянхярваа 2000-2008 он хүртэл тус аймгийн Засаг дарга, Б.Хаянхярваагийн залгамжийг С.Насанбат 2008 онд аваад өнөөг хүртэл засаглаж байна. Ж.Ганболдын хэлснээр аймгийн ИТХ-аар алтны бичил уурхайн эрх олгох асуудал нь хэлэлцэх асуудлын жагсаалтад гэнэт орж ирсэн бөгөөд хэн энэ асуудлыг оруулсан талаар лавлахад Засаг дарга С.Насанбат холбогдох газар нь дэмжиж оруулж ирсэн гэсэн тайлбар өгсөн байна. Холбогдох газар гэдэг нь аймгийн Байгаль орчны газар, Нийгмийн бодлогын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс боловч эдгээр газар хэлтсийн дарга нар нь үүнийг Засаг даргынхаа тайлбарыг үгүйсгэдэг байна.

“С.Насанбат дарга 2008 онд Дархан-Уул аймагт гарч ирсэн хүн, тэрнээс хойш Шарын голын алтны асуудалтай нэр холбогдсон. 2007 онд Шарын гол компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож ирсэн. 2008 онд аймгийн МАН-ын дарга болж огцом улс төрд орж ирсэн. Түүнээс хойш алтны асуудалд мөнхийн нэр холбоотой. Алтны бичил уурхайн асуудалд Шарын гол сумын Засаг дарга Б.Амарсанаа, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат болон тэдгээрийн ойрын хүмүүс холбоотой” хэмээн хэлжээ.

Хамгийн ноцтой нь эрх мэдэл бүхий хүмүүс нь эхлээд хууль бусаар, нууцаар ухуулчихаад дараа нь нөхөн сэргээлт хийх нэрээр нинжа нарыг оруулдаг сүлжээ үүссэн гэдгийг Ж.Ганболд хэлсэн байна.

“Шарын гол, Дарханыг тойрсон байгаль орчны гэмт хэргийг үе үеийн Засаг дарга Б.Хаянхярваа, С.Насанбат яагаад таслан зогсоодоггүй юм, ингэж үл хайхарч байгаа нь гэмт хэрэг” гэж үзэж байгаагаа тэр хэлжээ.

2007 оны үед Шарын голын уурхайн эзэмшил газарт алтны судал илэрч, тухайн үеийн захирлууд нь ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр нууцаар ухаж байсан нь илэрч хэрэгт татагдаж байжээ. “Өмнө ухсан хүмүүс нь хэрэгт орсон байхад С.Насанбат, Д.Амарсанаа нар яаж, ямар ч саадгүйгээр ухчихсан нь сонирхолтой.

Энд Д.Хаянхярваа гэж хүн оролцсон байх магадлалтай. Тэдний энэ хоршил С.Насанбатыг Шарын гол сумын МАН-ын дарга, Д.Амарсанааг мөн тус сумын намын дэд дарга болгон үргэлжилсээр 2012 онтой золгосон. С.Насанбат сонгуулийн өмнөхөн Дархан-Уул аймгийн МАН-д их мөнгө “үнэрдүүлж” орж ирээд, за даа, шуудхан шулуухан хэлэхэд энэ намыг худалдаад авчихсан гэдэг. Дараа нь С.Насанбат аймгийн МАН-ын дарга, Д.Амарсанаа Шарын голын сумын МАН-ын дарга болж, УИХ-д нэр дэвших эсэх нь ч эргэлзээтэй байсан Д.Хаянхярваа тэдэнтэй нэг тойрогт, нэг баг болон УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялсан.

Одоо хэн нь ямар албан тушаалд очиж, эрх мэдлийг хэрхэн атгаж байгааг та бүхэн сайн мэднэ. Үүний цаана өнөө Шарын голын уурхайн газраас олсон их хэмжээний алтны нөлөө байсан гэж олон хүн харддаг. 2012 оны улс төрийн сонгуульд С.Насанбатаар ахлуулсан МАН ялалт байгуулж, тэдний бүх санаархал хэрэгжих нөхцөл бүрдсэн. Ингэж эрх мэдлийг атгасан тэд одоо болж буй энэ бүх үйл явдал, эрх мэдэл, албан тушаалын орооцолдоонд хамааралтай байж, энэ бүхнийг бүр эхнээсээ бодож төлөвлөсөн байх магадлалтай” хэмээн MyDarkhan.mn сайтад 2020 оны хоёрдугаар сарын 3-нд өгсөн ярилцлагадаа Ж.Ганболд хэлжээ.

Бичил уурхайн эрх олгохоор яригдаж байгаа зургаан газрыг аль хэдийнэ ухаад эхэлчихсэнийг Дархан-Уул аймгийн МАН-ын дэд дарга асан, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Батболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа нотолсон байна. “Энэ асуудлыг аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчид хэлэлцээд, аль эрт хурлын хуралдаанд оруулахгүй гэсэн байсан юм. Олон удаа хойшлуулсан юм шүү. Оны өмнөхөн болсон тэр төсөв хэлэлцсэн хуралдаанд ч оруулах гэхэд нь хэлэлцэх асуудлаас бүр хасуулсан.

Тэнд яг ямар асуудал байна гэхээр, орон нутгийн иргэдийн хурлын хуралдаанаар асуудлыг хэлэлцүүлж, тэр координат бүхий газруудад бичил уурхай эрхлэх зөвшөөрөл авах гээд байгаа юм. Гэтэл Шарын голд энэ газруудыг аль эрт, зунжин ухчихсан. Яг тэр цэгүүд дээрээ. Энэ шударга уу. Аймгийн ИТХ нь зөвшөөрөөгүй, хэлэлцээ ч үгүй байхад. Гэтэл үүнийг нь Засаг дарга мэдээгүй мэт. Яагаад өөрийнх нь аймгийн газар нутагт хууль бусаар алт ухаад байхад чимээгүй байгаад байгаа юм. Яагаад зөвшөөрлийг нь хожуу авах гээд байхад үл мэдэгч болоод байгаа юм. Уг нь Засаг дарга хяналт тавьж, хариуцлага хүлээлгэх эрх, үүрэгтэй биз. Гэтэл үүргээ биелүүлэхгүй байна. Энэ асуудлаараа мань хүн огцрох ч эрсдэлтэй шүү” хэмээн MyDarkhan.mn сайтад 2020 оны нэгдүгээр сарын 24-нд өгсөн ярилцлагадаа Б.Батболд хэлжээ.

Засаг дарга С.Насанбатын тэгтлээ сонирхоод байгаа байршлуудад Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас албан ёсны зөвшөөрөл өгөөгүй, ашиглаж болох юм гэсэн дүгнэлт гаргасан аж. “Ашиглаж болно. Зөвшөөрлөө” гэдэг чинь хоёр өөр асуудал. АМХЭГ-аас энэ газарт ямар нэгэн давхцал байхгүй, бичил уурхайгаар ашиглах боломжтой байна гэснийг нь зөвшөөрсөн мэт яриад байгаа. Тэгээд Иргэдийн хурлаараа дэмжүүлчихвэл АМГ-аас зөвшөөрөл авчихна гэж тооцоод аль эрт ажлаа эхэлчихсэн. Ийм л юм болоод байгаа” хэмээн Б.Батболд хэлсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151-р тогтоолоор  “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баталсан. Харамсалтай нь өнөөдөр энэ журам Дархан-Уул аймагт бүтнээрээ зөрчигдөж, байгалийн баялаг болох их хэмжээний алт хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болж, их хэмжээний газар ухсан нүх болон онгойж үлдэв. Энэ асуудалд Дархан-Уул аймгийн иргэд Засаг дарга С.Насанбатыг буруутгаж байгаа  бөгөөд уг хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлжээ. Тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга Цагдаагийн хошууч Г.Хатанзоригт  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгт өнгөрсөн 9 сард  албан бичиг ирүүлсэн байна. Энэ албан бичигт “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр дээр бичил уурхайн зориулалтаар ашиглахаар дүгнэлт гаргуулсан газруудын судалгааг гаргаж ирүүлнэ үү” гэжээ.  Дээрх хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас лавлагаа гаргаж өгсөн бөгөөд  хамгийн сонирхолтой нь Дархан-Уул аймагт  хууль бусаар ашигласан дээрх газруудад ямар ч дүгнэлт гараагүй байна. Тэр ч бүү хэл  2018 оны 3 дугаар сарын 20-ноос хойш Дархан-Уул аймагт  ямар ч бичил уурхайн дүгнэлт гаргаагүй гэдэг нь тодорхой байх юм.

  

Ер нь Дархан-Уул аймагт ямар ч зөвшөөрөлгүй алт олборлодог, түүнийг худалдан борлуулдаг нууц сүлжээ хүртэл бий болж, энэ сүлжээний үйл ажиллагааг аймаг сумын удирдлагууд нь далдуур өөгшүүлдэг, хариуцлага тооцдоггүй байдал газар авч эхэлжээ. Тиймээс Дархан-Уул аймгийн ИТХ-ын нэр бүхий гишүүд  Шарын гол,  Хонгор  сумын нутаг дэсгэрт хууль зөрчин, дур зоргоороо алт олборлосон,  “Дархан хайрханы өсөх үр” , “Батхишиг арвижих”, “Өрнөх өсөх дэвжих”,  “Дархан хайрханы хөндий” , “Хайрхан алтан буудай”, “Шарын голын ах дүүс”, “Шарын гол Дэлгэрэх хайрхан” , “Тэмүүлэн үржих” зэрэг зохион байгуулалттай нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон орлогыг хураан, хариуцлага тооцуулах, тус сумдын Засаг дарга болон аймгийн Засаг дарга С.Насанбатыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар гомдол гаргаад байна.

ЭХ СУРВАЛЖ:SERUULEG.MN


URL:

Сэтгэгдэл бичих