Ялалтын дайтай ялагдал
Өнгөрөгч амралтын өдөр дэлхийн анхаарлын төвд байсан нэгэн үйл явдал бол Мэргэжлийн бокст хүч үзэж яваа Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт “WBC” холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга Гари Рассель нарын халз тулаан байлаа.
АНУ-ын Пеннсилвани муж, Аллентаун хотын “PPL Center” төвд тэдний тулаан болсон бөгөөд Гари Расселийн 32, гавьяат тамирчин Н.Төгсцогтын хувьд 12 дахь удаагийн тулаан байв. Энэ хоёр тамирчныг дэлхий харсан. Дөрвөн насны зөрөөтэй хоёр тамирчин нэгнээ илт илүүрхээгүй.
Н.Төгсцогтоос даруй 20 тулаан илүү хийсэн Гари Рассель түүнээс болгоомжилсон, оноо авах байдлаар тулааныг дуусгасан тухай дэлхийн хэвлэлүүд бичиглэсэн аж.
Харин Монголын тамирчин Н.Төгсцогтын хувьд санаачлагыг гартаа авч илүүрхэж тулалдахыг хүссэн ч түүний хувьд 12 раунд маш хурдан дууссан. Гэхдээ “ялалтын дайтай ялагдал” байлаа гэж манай тамирчинд урам хайрласан байна.
Арван долоохон насандаа дэлхийн аварга болж байсан Н.Төгсцогт 2015 оноос мэргэжлийн боксын рингэнд тулалдаж 11 удаа ялахдаа 9 тулааныг нь хүнд цохилтоор дуусгаж байсан юм. Харин энэ удаад 12 дахь удаагийн тулаандаа тэрбээр 115:113 буюу хоёрхон онооны зөрүүтэйгээр дуусгасан ч түүнд маш том сургамж гэхээсээ илүүтэй туршлага болсон нь мэдээж юм.
Харин Гари Рассель мэргэжлийн боксын рингэнд 11 жил тулалдаж 30 удаа ялалт байгуулахдаа 18-ыг нь хүнд цохилтоор дуусгаж, нэг удаа ялагдаж байсан түүхтэй.
Юутай ч мэргэжлийн боксын рингэнд 11 жил тулалдаж 31 удаа тулалдаж байсан Гари Рассельтэй 11-хэн удаа тулаан хийсэн Н.Төгсцогт гавьяат хүч тэнцүү байж чадсан учраас “Ялалтын дайтай ялагдал” хэмээж буй юм.
URL: