Мяралзаа компани хэдий болтол монопольдох вэ

Бидний амьдарч буй орчин нэг иймэрхүү. Автобус нь ачааллаа дийлэхгүй, үйлчлүүлэгчид нь бусдыгаа хүндлэхгүй, жолооч, кондуктор нь мөнгөнөөс өөр юм бодохоо больсон. За тэгээд зам нь битүү  түгжээ, хүн ард нь уур цухлаар дүүрэн байгаа нь хэний ч нүдэнд ил. Өглөө гэрээсээ гараад л дээр хэлсэн “бичил өвчин”-үүдэд нэрвэгдэж эхлэхийг яана.

Гэрийнхээ үүдийг хаав уу үгүй юу, их хотын их утаанд дарлуулж эхэлнэ. Цааш тав алхаад л өглөөний гол бухимдал залгана даа. Магадгүй энэ бол өглөө, оройд ажилдаа ирэхдээ автобусаар үйлчлүүлдэг хүн бүрийн бухимдах нэг шалтаг. Харин Шархаднаас хотын төв ордог буюу “38:ТЭЦ III-Сансар-Шархад” чиглэлийн автобусанд хөл дүүжилдэг мань мэтийн хүмүүсийн хувьд том бухимдал.

“Мяралзаа” компанийн 15-20 автобус нэг өдөрт энэ чиглэлд үйлчилдэг гэнэ. 15-20 гэдэг бол бусад чиглэлд үйлчилгээ үзүүлж байгаа автобусны тоотой харьцуулахад дундаж тоо юм билээ. Харамсалтай нь энэ тооны автобус үйлчилж байна гэвэл итгэхэд бэрх. Учир нь миний бие өдөр бүр энэ чиглэлийн автобусанд суудаг болоод л ийн хэлж байгаа хэрэг. “Нүд үнэн, чих худал” гэдгийн үлгэрээр сэтгэхийн учир энэ.

Өглөө бүр хэн нэгний өмдийг гөлийтөл нь цэвэрлэх эс бөгөөс чихэлдэж түлхэлцсээр ямар нэг эд зүйлээ алдана. Энэ бол ганц надад тохиодог зүйл биш. Энэ чиглэлээр үйлчлүүлдэг хүмүүсээс асуугаад үзээрэй л дээ. Ёстой нэг загатнасан газар маажив гэгч болох вий.

“38″ дугаар бол Шархаднаас хотын төв рүү ордог ганц чиглэл. Тиймээс энэ чиглэлд жинхэнэ монополдож байгаа нь “Мяралзаа” компанийн хэдэн автобус. Энэ чиглэл бүх цаг үед хамгийн их хүнтэй, хамгийн их орлоготой чиглэлд нэгэнт шалгарчихсан юм билээ. Жолооч ах өөр нэг хүнтэй ийн ярилцаж байсан нь чихний хажуугаар сул өнгөрсөнгүй. “Нэг хэсэг 32-т /Чулуун овоо чиглэл/ явсан, шал өөр байна шүү. Уг нь ч хүн байх л юм. Гэхдээ “38″-ийг гүйцэхгүй л дээ. Эндээ л зууралдаж байх минь” гэж ирээд инээлдэж байхыг яана.

Кондуктор ахаас өдөрт хэчнээн автобус үйлчилдгийг лавлахад “Өдөрт манайхаас 18 автобус явдаг. Гэсэн ч хүмүүсийн гомдол тасардаггүй. Хамгийн их хүнтэй, ачаалалтай чиглэл шүү дээ” гэж байна. Үнэхээр ч өглөө оройд ёстой л эр зоригоороо энэ чиглэлийн автобусанд сууна уу гэхээс өндөр настан, хүүхэд багачууд бол санасны гарз.

Хэрвээ нэг автобус ирчихсэн бол дараагийнх нь 30 минутаас наашгүй. Хүлээлгэж, хүлээлгэж нэг ирлээ гэхэд битүү хүнтэй байхыг нь яана. Дээрээс нь жолооч, кондукторуудын шунал их нэрмээс болно. Зүү ч орох зайгүй болчихсон байхад л давхарлаад чихээд байна. Ёстой л өөрсдийнх нь ярьдгаар хотын төв рүү ордог ганц чиглэл болохоор хүссэнээрээ чихнэ дээ.

Ийм нөхцөлд нөгөө үйлчлүүлэгчийн тав тухьгг хангах энээ тэрээ бол бүр “уучлаарай” шүү дээ. Ажил, сургуульдаа яарсан хүмүүс хөл дүүжилсэн л бол баярлана уу гэхээс өөр бусдыг эс бодно. Угтаа бол нийтийн тээврийн үйлчилгээний тухай журамд жолооч, кондукторын эрх үүрэг гэх хэсэгт дээр дурдсан шиг хэдэн зүйл бичээтэй байдаг юм билээ. Гэтэл энэ бол зөвхөн цагаан цаасан дээр хараар бичсэнээс өөрцгүй эд.

Суух тоолонд удаан хүлээлээ, цөөн тооны автобус явуулж байна гэх хүмүүсийн хэл ам тасардаггүй. Гэтэл энэ байдлыг нүдээр үзэж, биеэр мэдэрч байгаа “Мяралзаа” компанийнхан яагаад автобусныхаа тоог нэмж болдоггүйг гайхдаг байлаа. Гэтэл өнөө хоёр жолоочийн ярьснаар бодоход хүн ихтэй хамгийн их орлоготой чиглэл учраас иргэдийн санал гомдлыг уламжилдаггүй болж таарч байгаа юм.

Хар ухаанаар бодоод үзэхэд, хэрвээ өдөрт үйлчилдэг автобусны тоог нэмчихвэл хүн сийрэгжээд орлого муудна гэж бодсондоо тэр байх л даа. Өнөөдөр нийтэд үйлчилж байгаа энэ мэт компани, аж ахуйн нэгжүүдэд үйлчлүүлэгчдийн эрх ашиг чухал болохоос хувийн эрх ямбаа бодоод байх шаардлага нэг их баймгүй санагдана. Ямартаа ч энэ байдлыг тодруулахаар нийтийн тээврийн газрын мэргэжилтнээс дараахь асуултад хариулт авлаа.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн том оврын автобус, хэдэн чиглэлд иргэдэд үйлчилж байна вэ?

-Нийслэл хотын хэмжээнд өдөр тутмын үйлчилгээнд 820 том оврын автобус, 794 бага оврын автобус, 650 орчим такси нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Үүнээс 24 аж ахуйн нэгж байгууллагаас хот дотор 56, хот орчмын 13, нийт 69 чиглэлд үйлчилгээ үзүүлж байгаа.

-Өдөрт нэг компани хэчнээн автобусыг үйлчилгээнд гаргадаг юм бэ. Төчнөөн ширхгийг гаргана гэсэн журам бий юу?

-Гаралтаасаа хамаараад янз бүр. Автобус баазууд өдөрт нийт 100 гаруй автобусыг үйлчилгээнд гаргаж байна. Мөн cap тутамд мөрддөг төлөвлөгөө бий. Үүнийгээ л мөрдөж ажилладаг.

-Ачаалал их, бага гэдгээсээ хамаараад гаргаж байгаа автобусны тоо харилцан адилгүй юм байна гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав. Чиглэлийнхээ онцлогоос хамаараад өдөрт хаанаас хэдэн автобус үйлчилгээнд гаргахыг шийднэ шүү дээ.

-Хамгийн их хүнтэй чиглэлүүдэд дунджаар хэдэн автобус үйлчилгээнд гардаг вэ?

-Захын гэр хорооллоор дамждаг чиглэлүүдэд хамгийн их тоогоор гаргадаг. Учир нь хүн ам ихтэй учраас байнгын л ачаалал ихтэй байдаг.

-Тухайлбал, “38″ дугаартай автобусны чиглэлийг асуух гээд байна л даа. Энэ чиглэл Шархаднаас хотын төв рүү ордог ганц чиглэл. Тэгсэн атлаа явж байгаа автобусных нь тоо цөөн байна гэсэн хэл ам байнга л гардаг шүү дээ?

-”38″ буюу “Шархадны эмнэлэг-Сансар-ТЭЦ III” чиглэл бол харьцангуй хүн ихтэй л дээ. Энэ чиглэлд “Мяралзаа” компани үйлчилгээ эрхэлдэг. Өдөрт 18 тооны автобус гарч байгаа. Ер нь Шархад бол том чиглэлүүдийн нэг. Маш олон чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. 18 автобус явж байгаа нь тийм бага гэж үзэхгүй байна.

Бид иргэдийн санал хүсэлтийг харгалзан үзээд автобусны тоог нэмэх эсэхээ шийддэг. Зорчигч, урсгалаас гадна ачааллын гэх мэт маш олон янзын судалгааг хийсний дүнд хаана хэчнээн автобус явуулахаа шийднэ. Энэ чиглэлээс гадна Таван шар чиглэлд явдаг автобус ер нь хүн ихтэй, ачаалалтай байдаг гэсэн хариултыг өгсөн юм.

Түүний хэлснээр нэг ч хамаагүй хүний саналаар автобусны тоог нэмэх нь бий гэнэ. Гэтэл цаг тутамд хэл ам дагуулж байдаг “38″ чиглэлээс автобусны тоог нэмэх хэмжээнд хүрэхээр санал, гомдол ирээгүй гэсэн үг болж таарч байгаа юм.

Хэрвээ нийтийн тээврийнхний хэлж байгаа шиг утас чагнаад, иргэдийн санал хүсэлтийг хүлээж аваад үйлчилгээндээ өөрчлөлт оруулдаг бол өдийд “Шархад-ТЭЦ III” чиглэлд хэд л бол хэдэн автобус нэмэхээр хугацаа болсон. Өөрсдийнх нь хэлж байгаа шиг цэвэр иргэдийн санал хүсэлт дээр тулгуурлаж байх ёстой энэ байгууллагын ажлыг хэн саатуулаад байна вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм.

Ширээнийхээ ард шигдээд харанхуй тооцоо судалгаа хийж суугаа хүмүүс бол энэ зэргийн албан юм яриад сууж байдаг нь жам. Харин яг газар дээр иргэдэд үйлчилж байгаа автобус баазынхан ашиг орлогоо боддог уу эсвэл амин хувиа хичээдэг үү. Ямартаа ч Шархаднаас хотын төв орохоор “38″ номер хүлээдэг иргэдийн гомдол зохих газартаа хүрдэггүй бололтой.

М.Өнөржаргал

Эх сурвалж: “Unen.mn”


URL:

Сэтгэгдэл бичих