Дарханы замд хохирогсод Б.Энх-Амгалан сайдтай шүүхдэнэ

IMG_8330Дархан чиглэлийн зам засварын ажлыг хугацаанд нь дуусгаагүйгээс болж олон иргэн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Уг нь Засгийн газар болон салбар яамныхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна хэмээн их л сүр дуулиантайгаар замын шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Түүнээс хойш иргэд хэсэг хугацаанд түр замыг ашиглаж, бас ч үгүй төр, засгийн шийдвэрийг хүндэтгэн, сайхан замтай болчихно гэх итгэлээр хүлээсэн. Харамсалтай нь товлосон хугацаандаа зам харгуйгаа хүлээлгэж өгөх байтугай дахиад хугацааг нь сунгачихсан “молиго” үмхүүлж явна салбарын сайд нь. Б.Энх-Амгалан сайдтан энэ оны эхний улиралд өгнө гэчихсэн ярьж байна билээ.

Тиймээс өнгөрсөн хугацаанд Зам тээврийн хөгжлийн яамны “там” болгосон Дарханы замд хохирсон иргэд нэгдэхээр давалгаалж эхлээд байгаа аж. Дарханы замын нүх, энхэл донхол, том чулуу зэргээс болж дугуйгаа хагалсан, тоосжилтоос болж харагдах орчин хязгаарлагдсан байдлаас болж осолдсон гэхчлэн тоолвол хэдийн 100 хол давна. Харин хохирлын хэмжээг тооцно гэдэг амаргүй. Эрүүл мэнд, амь насаараа хохирсныг хэрхэн тооцох вэ.

Жолооч нарын хувьд нэгэнт авто зам ашигласны татвар, төлбөрөө цаг тухайд нь төлөөд явж байгаа учраас ийн нэхэмжлэх болсон нь ч аргагүй. Харин ч ганц, нэгээрээ хэрхэх учраа олохгүй байсан иргэд цахим орчинд нэгдэж, дуу хоолойгоо нэгтгэн, хохирлоо барагдуулах болсон нь энэ.

Тухайн авто зам стандартын шаардлага хангаагүй, түүнээс болж хэн нэгэн хохирсон бол хууль, шүүхийн өмнө хариуцлага хүлээх нь гарцаагүй. Жишээлбэл, Дарханы замд байдаг Төв аймгийн Баянчандмань сумын дундуур өнгөрдөг төв замын хурд сааруулагч нь стандартын шаардлага хангадаггүй. Яг тэр хэсэгт маш олон жолооч машиныхаа дугуйг хагалахаас эхлээд эд ангиа эвддэг. Ийм байдлаар хохирсон хэд хэдэн жолооч өмнө нь шүүхэд хандан, гомдлоо барагдуулж байсан.

Харин Дархан чиглэлийн 204 км замыг бүхэлд нь авч үзвэл хариуцагч нь Засгийн газар эсвэл Зам тээврийн хөгжлийн яам болж таарна. Аливаа асуудалд сайд нар доод дарга нартаа бурууг чихдэг ч энэ удаа бол эрхэм сайд Б.Энх-Амгалан өөрийн амаар худал хэлсэн учраас ядаж ёс зүйн хариуцлага ч болов хүлээх болох нь дээ.

http://erennews.mn/article/30061


URL:

Сэтгэгдэл бичих