Дэлхийг айдаст автуулсан “Испани ханиад”-ны талаар та юу мэдэх вэ?
Яг одоо дэлхийг айдас авахуулаад буй өвчинтэй адилаар Хүн төрөлхтний түүхэнд аюул дагуулсан халдварт өвчин байсан.
Энэ бол 1918-1920 онд дэлхийг нөмөрсөн “Испани ханиад” юм. Испани ханиадаар 550 сая хүн өвчилж, түүнээс 50-100 сая нас баржээ. Энэ нь тэр үеийн Дэлхийн хүн амын таван хувь бөгөөд дуусаад удаагүй байсан Нэгдүгээр дайнд амь үрэгдсэн хүмүүсийн тооноос ч олон юм. Тэгэхэд Энэтхэгээс Аляск хүртэл нэг ч хүн амьд үлдээгүй тосгон, суурин олон байлаа. Эмчлэх эмч, үхэгсэдийг оршуулах булшчингүй болсон хотууд ч байв. Нас барагсдыг бөөнөөр нь оршуулж байв.
Испани ханиадны анхны давалгаа 1918 онд Баруун Европыг нөмөрсөн юм. Зургаан сард Испани ханиад худалдааны хөлөг онгоц “хөлөглөж” Энэтхэг болон Скандинавын орнуудад хүрэв. Гэтэл өвчин гэнэтхэн алга болж дэлхий тэр чигээрээ уужим амьсгалав (саяхан Эболо Нигер улсад намжсан тухай мэдээ ингэж баярлуулсан). Гэвч вирус мутацид орж намар нь дайралтаа дахин эхлэв. Нас барагсдын тоо огцом өслөө. Испанид намрын гурван сарын дотор 300 мянга, АНУ, Германд 600 мянга, Энэтхэгт таван сая хүн нас барав. 1919 оны хоёрдугаар сар гэхэд Испани ханиад Австрали болон Номхон далайн орнуудад хүрэв.
Тахал хаана үүсч, хэрхэн тарсан талаар хэн ч мэдэхгүй байв. “Испани ханиад” гэсэн нэр нь хүртэл тохиолдлынх аж. Дайнд оролцож байсан гүрнүүдийн цэргийн цензурын улмаас тахалын тухай мэдээг нууцалж байлаа. Дэлхий ертөнц тахалын талаар мэдээллийг Испаний нэгэн сониноос олж мэджээ.
Хожим судлаач Марк Хамфрис (Mark Osborne Humphries) Испани ханиадны тархсан түүхийг тодорхой бичсэн байдаг. Энэ бол маш сургамжтай түүх. Нэгдүгээрт Дэлхийн нэгдүгээр дайн эхэлж өмнө нь бие биенээсээ хол байсан хүмүүс тээврийн хөлөг онгоц, галт тэрэг, нуувчинд нэг нэгэндээ ойртсоноос болсон. Өвчин тархахад хамгийн их түлхэц болсон зүйл бол арьс өнгөний үзэл. Цэргийн эмч нар Европт ажиллаж байсан шар арьстнууд гэгдэх Хятад ажилчдын эрүүл мэндэд хайхрамжгүй хандсанаас өвчин чөлөөтэй “зугаалах” нөхцөл бүрджээ.
Дундад улсад мэндэлсэн вирус
1917 оны 11 дүгээр сард Хятадын Умард нутгуудад ойлгомжгүй, аюултай өвчин гарсан тухай мэдээлэл цацагдав. Хэрэв өвчин боомт хотуудад гарвал хөлөг онгоцуудаар дамжаад Баруунд очиж магадгүй учир Бээжин дэхь Элчин сайдын яамны эмч нар түгшүүр зарлалаа. Тэд Хятадын Засгийн газраас Төмөр замын зангилаанууд болон Цагаан Хэрэмийн дагуу хориг тогтоохыг шаардав. Гэвч эрх баригчид гадаадын эмч нараас илүү Хятадын орон нутгийн эмч нарт илүү итгэхийг хүсч байв. Харин орон нутгийн эмч нар Хятадууд тахлаар бус харин Хятадад өвөл гардаг хууч өвчнөөр өвдсөн гэж үзэж байв. Улмаар Хятад болон Европ эмч нарын хоёр экспедици байгуулагдав. Гэвч ард олон эмч нарт дургүй байдгаас болж хангалттай материал цуглуулж чадсангүй. Харин 1918 оны гуравдугаар сард тахал хачирхалтайгаар намжив. Хятадын эрх баригчид нас барагсадын тоо бага учраас тахал биш гэж үзсээр байв.
Гэтэл 11 дүгээр сард өвчин урьдын адил шинж тэмдэгтэйгээр дахин гарч нас барагсадын тоо олшров. Өдөрт 20-30 хүн нас бардаг байлаа. Энэ удаа Хятад дахь Европын дипломатууд Шаньси мужийн генерал Паод шууд хандаж, цэргийн эмч нар уг өвчнийг хурц хэлбэрийн ханиад гэж тодорхойлов. Энэ хооронд Испани ханиад Ази, Европыг хэдийнэ сандаргаж эхлэв.
Хачирхалтай нь хүн ам шигүү суурьшсан Хятадын ядуу хотууд болон боомтуудад тахлаар нас барагсадын тоо бага байлаа. Үүнээс харахад Испани ханиад дэлхийн тавцанд гарах үед Хятадуудад уг өвчнөөс хамгаалах дархлаа бий болж байжээ гэсэн дүгнэлт хийж болохоор байна.
Бүхнийг фронтод, залхуучууд л өвчин тусдаг
Хятадын ядуу тосгодод гарсан энгийн нэг “өвлийн хууч өвчин” ямар замаар дэлхийд тархаж олон сая хүний аминд хүрэв? Испани ханиад Европт ирснийг яаж тайлбарлах уу? Гэнэт яагаад Испани ханиад 1918 оны гуравдугаар сард АНУ-д илрэв? Эдгээр асуултын хариулт Баруун фронтод мянга мянган Хятад ажилчдыг тээвэрлэж байсан цэргийн ажиллагааны талаархи баримтуудад бий.
Нэгдүгээр дайны үед Хятадын Засгийн газар төвийг сахиж байсан бөгөөд сайн дураараа дайнд оролцох хүмүүсийг хувийн компаниуд хөлсөлдөг байв. Эхлээд хөлсний ажилчдыг Шаньдун мужийн Вэйхайд байрлах далайн цэргийн бааз руу илгээнэ. Хятад хөлсний ажилчдыг “куличууд” гэж нэрлэдэг байв. Куличууд Вэйхад ирээд Хятадын хөдөлмөрийн армид (Chinese Labour Corps, CLC) элсдэг байв. Уг байгууллагыг Англи, Францын цэргүүдийг арын албанаас чөлөөлөх, нөөц хүч байгуулах зорилгоор 1916 онд байгуулжээ. Тээврийн онгоц дутмаг байснаас болж 1917-1918 онд Вэйхад ирсэн Куличууд тэндхийн казарм, түр орон сууцанд чихцэлдэн амьдарч байв. Энэ нь өвчин тархах хамгийн тохиромжтой нөхцөл байлаа.
Эхэндээ хөлсний ажилчдыг Суэцийн суваг, Өмнөд Африкийн Кэйптаунаар дамжуулан Баруун фронтод хүргэдэг байжээ. Гэвч Атлантын далайн замыг Германы флотоос хамгаалах хөлөг онгоц хэрэгтэй байсан учир ажилчдыг Канадын төмөр замаар дамжуулан тээвэрлэхээр болов. Канадуудын хувьд Хятад ажилчид замаасаа үлдэж хөдөлмөрийн зах зээлийг эзлэх вий гэхээс болгоомжилж байв. Эцэст нь куличуудыг төмөр замын цэргийн хамгаалалтан дор, тусгай вагонуудад, маш нууц байдалтай тээвэрлэв. Цензур чанга байсан учраас Канадын “Globe” сониныхон Умард Хятадад гарсан хачирхалтай өвчний тухай мэдээлж, харин Канадаар дамжуулан тэрхүү өвчнөөр халдварласан байх магадлалтай 25 мянган ажилчдыг тээвэрлэж буй талаар нэг ч үг бичиж чадсангүй.
Куличууд танк засах цехэд ажиллаж байна
Энэ хооронд Вэйхайн эрх баригчид ажилчид илгээх төслийг зогсоох тухай бодож эхлэв. Гэвч олон хятад ажилчдад өвчний шинж тэмдэг байсан ч 1918 оны гуравдугаар сарын эхээр 1899 ажилчинг “Коннода” хөлөг онгоцонд суулгаж Ванкувер лүү илгээжээ. Дөрөвдүгээр сар гэхэд Вэйхайн боомтод 3660 ажилчдыг хорионд оруулж 300-г эмчилгээнд хамруулав. Эцэст нь Лондонгоос тахал дуустал ажилчдыг зөөхийг хориглосон тушаал ирэв. Гэвч гэрээний нөхцөлд заасны дагуу эрүүл мэндийн байдлаас үл хамааран нэгэнт Канадад очсон ажилчдыг буцаалгүй Баруун фронтод хүргэхээр боллоо.
Түүнчлэн Канад, Англи эмч нар Хятад ажилчдын эрүүл мэндийг хайхраагүй нь өвчин гаарах бас нэг шалтгаан болов. Хэрэв ажилчин хоолой өвдөж байна гэж хэлвэл түүнийг ажлаас залхуурлаа хэмээн хүлээж авдаггүй байлаа.
Цэргийн лагераас дэлхийн бүх боомтод
Ажилчдыг Канадаар өнгөрөөхдөө нутгийн хүмүүстэй ойртуулалгүй битүүмжилсэн вагонд суулгадаг байв. Европт ирсэн хойноо куличууд Эталла дахь Английн цэргийн баазад байрлана. Өвчтэй ажилчдыг хурандаа Грэйгийн удирдаж байсан “Хятад эмнэлэг”-т хүргэнэ. Хурандаа эмнэлгийн бүртгэл хийдэг байжээ. Гэхдээ тэр өвчнөөс илүү өөрийн өрөөний температурт илүү анхаардаг байв. Хурандаа Грэй нүүрсэнд хольж болох элдвийн химийн бодисын тухай, пийшинг илүү халаахын тулд өөр ямар түлш ашиглаж болох тухай голдуу бичсэн байлаа. Гэхдээ үүний хажуугаар тахалын тухай хальт дурьдсан байв. Тухайлбал 1918 оны хоёрдугаар сард 9, гуравдугаар сард 5, дөрөвдүгээр сард 5, тавдугаар сард 25 ажилчин нас барлаа гэж бичжээ. Эмч нар нарийн шинжилгээ хийхээс залхуурч нэг бол бронхит, нэг бол сүрьеэ, эсвэл “тодорхойгүй өвчин” гэсэн онош тавьдаг байлаа. Намар болж дэлхий даяар олон сая хүн нас барах үед Хятад ажилчдын дунд нэг ч тохиолдол илрээгүй байна. Учир нь энэ хооронд тэдэнд хэдийнэ дархлаа тогтож эхэлсэн гэж үздэг.
Гэвч дархлаатай болсон эдгээр ажилчин Эталла дахь хамгийн том цэргийн лагерт байрлаж байсан Англи цэргүүдэд өвчнөө халдаажээ. Удалгүй Францын Брест, Сьерра-Леоны Фритаун, Америкийн Бостонд тахал гаргав. Эдгээр боомт хотуудад Британий Плимутаас Английн онгоцнууд тогтмол ирдэг байв. Харин Плимутад Канадаар дамжуулж авчирсан хятад ажилчид ирдэг байлаа. Түүнчлэн Плимутаас Фритаун руу “Мантуя” нэртэй хөлөг онгоц аялалд гарчээ. Уг онгоц хоёр долоо хоног хөвөхдөө замаараа нэг ч боомт руу ороогүй бөгөөд онгоцон дээр тахал гарчээ. Улмаар тахал Фритаунаас Африкийн гүнд нэвтэрч бөмбөрцгийн өмнөд хагасын боомт хотуудад тархчээ. Тэр үед Плимутаас Бостонд өөр нэгэн онгоц ирж Испани ханиад эхлээд Америк цэргүүдийг, дараа нь Дорнод мужуудын энгийн иргэд рүү халдав. 1918 он дуусахад хагас сая америк нас баржээ.
Мэдээж хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт тахал тархсаны гол буруутан нь Дэлхийн нэгдүгээр дайн. Дайны уршгаар Хятадын гүн дэх тосгодоос хөлсний ажилчид дэлхийн томоохон боомтуудад очсон. Мөн “цагаан”, “шар” арьстнуудын харилцаа үүргээ гүйцэтгэжээ. Хэрэв өвчтэй куличуудад анхаарал тавьж байсан бол тэд Вэйхайгаас цаашаа явахгүй байсан. Энэ бол хүн төрөлхтөнд өгсөн эхний сургамж. Хоёр дахь сургамж бас бий. Аль ч аймшигт өвчин хаана ч үүсч болох бөгөөд Засгийн газар, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараанд өртөлгүй нууцаар “бойжих” аюултай.
Undesten.mn
URL: