Гудамж талбайд нус цэрээ хаяж, бие засвал хуулийн хариуцлага хүлээлгэнэ
Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан өчигдөр орой хурал хийж, нийслэлчүүдийг коронавирусаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.
Хуралд оролцсон Нийслэлийн Онцгой комиссын зарим гишүүн:
- Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан
- Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн
- Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар
- Нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал
- Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар.
Хотын захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан “Манай улсад хэдийгээр шинэ коронавирус бүртгэгдээгүй боловч эрсдэлтэй орны тоонд бид багтаж байгаа. Та бидний үүрэг бол нийслэлчүүдийнхээ аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг аливаа эрсдэлд оруулахаас хамгаалах явдал.
Коронавирусаас сэргийлэх үйл хэрэгт иргэдээсээ эхлээд назгайрах, амны хаалтаа зүүхгүй байх тохиолдол гарах боллоо. Тиймээс сэрэмжлүүлэг мэдээллийг бүхий л чиглэлээр иргэдэд олгох нь чухал байна. Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, худалдаа үйлчилгээний газрууд хэрэгжүүлнэ. НОК-ын даргын тушаал шийдвэр гарч байгаа. Тус шийдвэрийн хүрээнд шинэ коронавирусаас сэргийлэхтэй холбоотой бүхий л арга хэмжээг тусгасан, шуурхай штаб байгуулахыг үүрэг болгосон байгаа.
Мөн Зам тээврийн сайд Л.Энх-Амгаланд хандан Нийслэлийн Засаг даргаас албан бичиг хүргүүлнэ. Албан бичгийн хүрээнд нийслэл хот руу чиглэж байгаа авто замын шалган нэвтрүүлэх постууд дээр шуурхай штаб байгуулан ажиллахад дэмжлэг үзүүлэх, орон нутгаас хот руу ирж байгаа зорчигчидод эрүүл мэндийн анхан шатны шалгалт явуулах зэрэгт хамтран ажиллах саналыг хүргүүлсэн.
Түүнчлэн Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай захирамж гарч байгаа. Захирамжийн хүрээнд коронавирусаас сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай авч ажиллахыг НЭМГ, НМХГ, НЦГ, НОБГ, ТЦГ, НМЭГ, Захирагчийн ажлын алба болон дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон. Дээр нь нэгдүгээр орлогч аймгийн дарга нартайгаа ойрхон мэдээллээ солилцож хамтран ажиллах ёстой. Ингэж байж бид үнэ зөв бодитой мэдээллээр бие биенээ хангаж, зөв зохион байгуулалттай ажиллаж байж Монгол улсын өнцөг булан бүрт суугаа иргэдээ эрсдэлээс хамгаалж ажиллаж чадна гэж бодож байна.
Нийслэл хотод Монголын хүн амын талаас илүү нь ажиллаж, амьдарч байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн иргэд бид ухамсартай, соёлтой, мэдээлэлтэй байх нь өөрийгөө болон гэр бүлээ элдэв эрсдэлээс хамгаалах боломжтой юм. Энэ хүрээнд Зөрчлийн хуульд заасан зарим зөрчилд хариуцлага тооцох ажлыг НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, НЦГ-тай хамтран хэрэгжүүлнэ.
Тухайн зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцоод байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ нийтийн эрх ашгийг хамгаалсан, тухайн хүний гэр бүл, үр хүүхэд, ойр дотнын хүмүүст халдвар тарахаас сэргийлсэн үйлдэл гэж ойлгох хэрэгтэй. Энэ асуудалд хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэсэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон нийтэд хүргэхэд анхаарч ажиллах, үүнтэй холбоотойгоор бүх байгууллагууд 00-оо иргэдэд нээж, үнэ төлбөргүй болгох асуудлыг хэрэгжүүлнэ” гэснээр Нийслэлийн Засаг даргын ажлын өрөөнд болсон НОК-ын зарим гишүүний оролцсон хуралдаан өндөрлөв.
URL: