Харц ардаар тоглосон ХААН банк хариуцлага үүрэх ёстой

Монголын хамгийн их үйлчлүүлэгчидтэй гэж сайрхах Хаан банк байс хийгээд л халдлагад өртөж байдаг. Нэг үгээр хэлбэл тэд байнгын түгшүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг.

Үүндээ ч бараг  дасчихсан тус банкны ажилтнууд хувь тавилантайгаа эвлэрч өөрөө өөрсдийгөө хамгаалан ширээн доороо биеэ хамгаалах зэвсэгтэй явдаг гээд хэлчихэд шоглосон болохгүй байх. Хаан банктай холбоотой дээрмийн хэрэг их гарч байсан. Тус банкны ТБД андууд, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг аймгууд дахь салбарууд халдлагад өртөж байсан.

Энэ хэргүүд тухайн үедээ сонор сэрэмжтэй байх хэрэгтэй шүү гэх сануулгыг тус банкны даргаасаа эхлээд цэрэг хүртэл нь өгч байсан. Хүн хэлэхэх нааш, цаас чичихээс цааш гэдэгтэй ижил тэдний хайхрамжгүй ажилчдаа хөсөр хаясан хэнэггүй байдал эцэстээ хүний аминд хүрлээ. Тодруулбал, Налайх дүүрэгт байрлах “Хаан” банкны салбарт галт зэвеэгтэй этгээд халдаж тус салбарын эрхлэгчийн нөхрийн амийг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан.

Өмнө нь тус банканд хүн халдлаа гэхэд банкны нэр сүрийг бодож мөнгөний хүчээр сүр дуулиан болголгүй дардаг байсан. Харин тэд одоо аргалаад өнгөрөх боломжгүй болжээ. Нөгөө талаар их өрөнд орж байна гэсэн үг юм. Өмнө нь энэ явдлаас болж тэдэн төгрөгийн хохирол учирлаа гэдэг байсан бол одоо хүний амь үрэгдлээ гэж ярих болсон нь ямар аймшигтай хэрэг вэ. Жил ирэх бүр асуудал хүндэрсээр л байна.

Банк онцгой объектод тооцогддог. Тиймээс удирдах албан тушаалтантай уулзах гэж байгаа хүний бичиг баримт үнэмлэхийг нь заавал шалгаж оруулах ёстой. Энэ нь харуул хамгаалалттай ямар ч байгууллагад байдагтогтсон дүрэм журам. Худалч хүнд хаа сайгүй байх бааранд ороход ч бараг бичиг баримтаа үзүүлдэг болсон цаг. Гэтэл онцгой объектод тооцогддог, мөнгө ихээр төвлөрч байдаг банк наад захын хийх ёстой зүйлээ яагаад хийсэнгүй вэ?

Мэдээж банк үйлчилгээний газар учраас олон хүн орж гарч байдаг. Гаднаас нь хараад гэмт хэрэгтэн мөн бишийг нь таних аргагүй. Гэхдээ сэжигтэй харагдсан нэгнийг шалгачихад л болно. Энэ бол үүдэнд зогсох хамгаалагч гэж нэрийг зүүсэн хүний хийх ёстой ажил. Тэгээд ч энэ ажлыг хийснийхээ төлөө цалин авч буй. Харин даргын өмнөөс бичиг баримт үзэж уулзалтын цаг товыг нь гаргаж хэнтэй уулзах уулзахгүйг нь мэдэж байдаг нарийн бичиг, даргатайгаа хэн уулзах гэж байгааг заавал асуудаг байх учиртай. Энэ нь ч мөн нарийн бичгийн хийх ёстой ажил үүрэг. Гэтэл сэтгүүлч байна гээд ирж байгаа тэр хүний үнэмлэхийг нь шалгаад ямар сонин. Сэтгүүлээс яваа юм гээд асуучих сөхөөгүй овсгоогүй хүмүүс тэнд ажиллаж байсан байх нь. Тэр хүнийг сэтгүүлч гэдгийг юугаар бататж оруулсан юм бол… Бас бодох л ёстой асуудал.

Магадгүй өнөөдөр энэ хоёр хүн өөрөө өөрсдийнхөө үүргийг ухамсарлаж хийх ёстой ажлаа хийчихсэн бол, “Хаан” банк харуул хамгаалалтаа сайжруулчихсан бол, эрдэнэт хүний амь нас эрсдэж гурван хүүхэд өнчирч хоцрохгүй л байсан байх. Үүнийг хэн ч, хаана ч хэлнэ. Налайх дүүрэгт хамгийн том барилга нь “Хаан банк”. Хамгийн их орон зайг нь эзэлж байрлачихаад тэд харуул хамгаалалтаа юу юунаас илүү хангах ёстой. Магадгүй нийслэлээс хол зайдуу байдаг газар гэмт хэргээс хол байна гэж андуурч байгаа бол тийм биш.

Өнөөдөр манай улсад үйлдэгдэж байгаа онц ноцтой гэмт хэргийн ихэнх нь хөдөө орон нутагт хүн бага төвлөрдөг газар болоод байгааг анзаарахгүй, ойлгохгүй байх шиг байна. Банк бол онцгой объект гэдгийг дахин сануулъя. Харуул хамгаалалт гэдэг дээд зэргээр хангагдсан байх учиртай. “Хаан банк”-ны хувьд тийм байгаа ч үгүй, байсан ч үгүй, байх ч үгүй байж мэднэ.

Хүн алдаан дээрээсээ суралцаж явдаг байтал Хаан банкны хувьд тийм байж чадалгүй явсаар нэг хүний алтан амийг авч одлоо. Мөнгө ихээр төвлөрч байдаг газар дор хаяж үүдээр нь ороход металл илрүүлэгч байх хэрэгтэй биш гэж үү? Хамгаалагч нарын эрх үүргийн тухай ярихгүй өнгөрч боломгүй.

Тухайн хэрэг болдог өдөр хамгаалалтанд гарч байсан хамгаалагч “Ахиад ийм зүйл болохгүй байлгүй дээ” хэмээн хээв нэг ярьж байсан юм. Түүнчлэн тэр өдөр түүнд байсан зүйл нь ердөө л гав, станц хоёр. Хэрэг гарсны дараа түүнд “май энэ зэвсэг” гэж цахилгаан бороохой өгсөн байх юм. Ер нь банкны хамгаалагч нар ямар зэвсэгтэй байх ёстой талаар мэдэхээр 3,4 дүгээр хороололд байх Хаан банкны салбарт очиж Сурутай хамгаалалтын газрын хамгаалагчтай яриа өрнүүллээ.

-Налайхад болсон хэрэг олон хүнд цочрол өглөө шүү?

-Харин тиймээ. Тэр өдрөөс хойш их айдастай байгаа. “Хаан банк”-ны бүх хамгаалагч нарыг буудна гэж сүрдүүлсэн гэсэн. Би айгаад гадагшаа хоол ундандаа ч гарахаа байсан. Манай хамгаалалтын газраас гадагшаа битгий гараарай гэж тушаал өгсөн, мөн энэ хэрэг болсны дараа сургалтанд хамруулсан.

-Ямар сургалт?

-Яахав даа. Хүнтэй зодолдох арга, яаж гавлах гээд л.

-Налайхад болсон хэрэгтэй холбоотойгоор харуул хамгаалалтандаа анхаарна гэнэ үү?

-Металл илрүүлэгч тавина гэж байсан. Хэзээ юм мэдэхгүй ээ. Манай хамгаалалтын газраас гав, бороохой л өгдөг.

-Та нар энэ салбарын даргатай уулзана гээд хүн ирлээ гэхэд бичиг баримтыг нь шалгадаг уу?

-Үгүй ээ. Оройдоо л шалгадаг. Өдөртөө хэн орж ирэх вэ дээ.

-Налайхад болсон хэрэг өдрийн цагаар үйлдэгдсэн шүү дээ?

-Би дээрэм хийх гэж байгаа хүнийг танихгүй шүү дээ.

-Танай эрхлэгчийн өрөөнд камер байдаг юмуу. Тэрийг хэн хянадаг юм бэ?

-Манайд зөндөө камер байгаа. Эрхлэгч өөрөө бүх камеруудаа хянадаг. Би хянадаггүй гэсэн юм.

Тэгэхээр тус банканд гэмт этгээдийг бичиг баримтгүй нэвтрүүлсэн тохиолдолд хичнээн ч олон камер ажиллаж байсан ч нэмэргүй гэдэг нь харагдаж байна. Гэхдээ хамгаалагч гэхээр хамгаалалтын хувцас, дугуй хар малгай өмссөн том биетэй залуус байдаг ч тэдний ухаан нь бие шигээ том биш бололтой. Тийм гэдгийг надаар хэлүүлэлтгүй дээрх ярианаас анзаарсан байх.

Түүнчлэн хамгаалалтын албанд орж байгаа хүмүүст гав бороохойг хэрхэн ашиглахыг зааж сургалтанд суулгаснаар хамгаалагч гэх нэрийг зүулгэж ажилд оруулдаг л байлтай. Эсвэл сүүлийн үеийн хамгаалагчид супермен шиг болчихсон юм уу. Супермен шиг болчихсон юмуу гэж бодохоор хаа сайгүй хэрэг төвөг гараад байх юм.

Бас болоогүй ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хэрэг төвөг гарсны дараа тэдэнд гав, бороохой ашиглах талаар нэг өдрийн сургалт явуулсан байгаа юм. Үйл ажиллагаа явуулж байгаа, хамгаалтын газруудад хяналт, шалгалт тавьдаг газар гэж байна уу.

Тухайн хамгаалагчийг авч ажиллуулж байгаа банкууд хяналт тавьдаггүй гэж үү. Эсвэл зүгээр нэг муу хамгаалагчтай байснаас сайн тоног төхөөрөмж аваад тавьчихвал хэд дахин илүү байж мэдэх юм. Манайд үйл ажиллагаа явуулж буй банкнуудад ийм тоног төхөөрөмж аваад тавьчих чадал бололцоо бий. “Хаан банк”-ны хувьд Монголын өнцөг булан бүрт салбараа нээж бараг л тэр аймгийн, тэр сумын, тэр багийн Хаан банк гээд нээчихсэн байгаа.

Магадгүй банкны хэр их бэлжүү сайн банк гэдгийг нь нээсэн салбаруудаар нь тооцоолдог бол Хаан банк хамгийн эхэнд явж байх учиртай. Гэтэл ийм банк хамгаалалтын тал дээрээ анхаарлаа хандуулж сайжруулчихаж чадахгүй байна. Жаахан ч болтугай. Хаан банк Японы хөрөнгө оруулалттай банк. Хэрвээ Японд нэг банканд хүний амь эрсдээгүй зүгээр л халдлага болсон бол юу хийхийг төсөөлөхийн аргагүй.

Гэтэл өнөөдөр бүхэл бүтэн хүний амь үрэгдэж Монголын нэг гэр бүлийн амьдрал хөсөр хаягдаад байхад Хаан банкны зүгээс хийсэн зүйл нь сонин дээр эмгэнэл илэрхийлсэн хэдэн үгс. Өөр цаагуур юу хийж өгч байгааг мэдэхгүй.

Магадгүй ихээр бодлоо гэхэд хоёр өрөө байр л ирнэ биз. Гэхдээ одоо Хаан банкны зүгээс хийж байгаа үйл ажиллагаандаа дүгнэлт хийж өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд хэрэггүй гэж хэлмээр байна. Тэд өнөөдөр хичнээн мөнгө төгрөг, байр сав амлалаа ч амь эрсэдсэн залууг, аавыг, нөхрийг босгож ирж чадахгүйгээс хойш яалтай ч билээ.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Хаан банкны асуудал хөндөгдөж байгаа болохоор цаашид анхааралдаа аваасай гэдэг үүднээс бичиж байна. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ дээ. Өнөөдөр манай улсын малчдын ихэнх нь Хаан банканд өртэй. Хамгийн баян хүмүүс гэж хэлэгддэг малчдад Хаан банк төмөр нүүрээ харуулах юм бол тэд бүгдээрээ малаа хураалгаж ядуусын эгнээнд шилжинэ.Түүнчлэн Хаан банкныхан үйлчлүүлэгч нартайгаа дарангуйлсан доромжилсон, дугаарласан, байдлаар харьцдаг гэх.

Тус банкныхан зээлээ төлж чадахгүй хэдхэн хоног өнгөрөхөд ар гэрт нь очиж дарамталж сэтгэл зүйгээр нь тоглож хөрөнгийг нь маш хямдаар авах гэж улайрдаг байх юм. Энэ талаар олон хүн ярьдаг. Албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байгаа банк болохоос мөнгө хүүлэгчид биш шүү дээ.

Ядуу буурай хөгжиж байгаа оронд тусалж дэмжинэ гэж үйл ажиллагаа явуулах эрхээ авч эхлүүлчихээд эсрэгээрээ тэднийг дарамталж ядуурлын түвшин рүү аваачиж байна гээд хэлчихэд буруудахгүй. Өнөөдөр манай улсын ихэнх иргэдийн амин голоо зогоож байгаа мал тэдний гарт үрэгдэж өрөндөө өгсөөр дуусах вий. Түүнчлэн тус банкны сүлжээ гэдэг хамгийн муу сүлжээ гэж байгаа. Үүнээсээ болж жилд хэдэн арван саяыг хакеруудад алдаж үүнийгээ татвар төлөгчдөөс буюу төрөөс мөнгө авч нөхдөг гэдэг.

Энэ мэт тус банкны дотооддоо хийдэг бусармаг үйлдлүүд их. Өнөөдөр тус банк ямар нэгэн асуудалд оролгүй хорхойд ч хоргүй мэт явж байгаа нь мөнгөний хүчээр байж болох юм. Гэхдээ хүний алтан амийг мөнгөөр үнэлж болдоггүй юм шүү дээ.

Магадгүй гадаадын хөрөнгө оруулалттай банк учраас гадаадад ямар зарчим үйлчилдэг тэрүүгээр явж байж болох ч усыг, нь уувал ёсыг нь дагах л ёстой .”Гурав хүрэхгүй сая хүн амтай манай улсын хувьд хүний амь гэдэг мөнгөнөөс илүү чухал гэдгийг олон жил үйл ажиллагаагаа явуулж байгаа хүний хувьд мэдмээр л юм даа, ноён Хидео Савада.

Г.Түмэнтогос

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих