“Элэг бүтэн Монгол”-ын луйвар буюу лабораторийн эмчгүй “Ай Ти” -V
Эх орны ирээдүй иргэн бүрийн эрүүл мэнд дээр тогтдог. Шавхагдашгүй байгалийн баялаг, тэнгэр баганадсан өндөр барилга, байгууламж, өмнө умардыг холбосон дэд бүтэц, сүүлийн үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж байлаа ч эрүүл иргэнгүй бол тэр улс мөхсөнтэй адил. Гэтэл манайд өдөр ирэх бүр эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэж байна. Төрийн эмнэлэг хүнээ багтаадаггүй, дараалал ихтэй, хүнд сурталтай учраас бид аль болох цагаа хэмнэн, өндөр өртөгтэй ч хувийн эмнэлгийг зорьдог. Гэтэл итгэж, найдсан эмнэлэг, эмч маань ёс зүйгээ уландаа гишгэн, өвчтнөө хуурч, В, С вирус тоолох нэрээр шаардлага хангахгүй аппарат, хэрэгсэл, оношлуур ашиглаж, бүр мэргэжлийн эмчгүй үйл ажиллагаа явуулж байсныг бид цувралаар танилцуулж байгаа. Тэд Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авахын тулд эмнэлэг хүртэл байгуулж, өрх, дүүргийн эмнэлгийн эмч нарт хувь хүртээн, өөрийнхөө эмнэлэг, лабораторийг сурталчлуулж, тухайн эмнэлэгт ирсэн хүнийх нь тоогоор гар цайлгадаг гэх мэт эрүүл мэндийн салбарт байж боломгүй, жигшүүрт үйлдлүүдийг хийжээ.
Мөн ЭМДЕГ гэрээний шаардлага хангаагүй хэмээн энэ 15 лабораторитай байгуулсан гэрээгээ цуцлахад “Даатгалын газар бүх лабораторитай гэрээгээ цуцалсан. Үнэгүй шинжилгээ авах эмнэлэг байхгүй” хэмээн иргэдийг төөрөгдүүлсэн нь ч байна.
Шалгалтад тэнцээгүй лабораториудад 85 мянган хүн шинжилгээ өгчээ
Шалгалтад тэнцээгүй 15 лабораторид Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр ойролцоогоор 85 мянган хүн вирус тоолуулах шинжилгээ өгчээ. Өөрөөр хэлбэл, ийм тооны хүний В, С вирусийн хариу эргэлзээтэй гарсан гэсэн үг. Энэ бүх хүнд дахин шинжилгээ хийх шаардлагатай байгаа ч салбарын яам нь лабораториудаа өмгөөлсөн тайлбар тавьж, “Манайхаас зөвшөөрөл авалгүй шалгалт хийсэн. Шинжилгээ хийвэл хийчихье л дээ” гэх ухааны зүйл ярьсан. Угтаа эдгээр лабораторийн эрүүл мэндийн салбарт дахин хөл тавих эрхийг нь хасаж, 85 мянган хүнээ энэ 15 лабораторийн мөнгөөр шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Энэ бол монгол хүн, монгол түмний эрүүл мэндийн асуудал болохоос хэдэн лабораторийн эрх ашгийг хөндөөд байгаа юм биш. Тус лабораториудаас хамгийн их асуудал дагуулж байгаа нь “Хаппи веритас”, “Итгэл”, “Айти”. Иргэдийн эрүүл мэндээр наадаж, мөнгө олохыгоо л урьтал болгосон тэдэнд ЭМДЕГ 1.6 тэрбум (“Хаппи веритас” 876, “Ай Ти” 526, “Итгэл” лабораторид 272 сая) төгрөгийн акт тавьсан. Гэтэл тэд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад байгаа. Одоогийн байдлаар “Хаппи веритас” лабораторийн шүүх хурал лабораторийнхны хүсэлтээр удаа дараа хойшлоод байгаа. Тус төвийн хувьд бүрэн автомат тоног төхөөрөмж ашиглан шинжилгээ хийнэ хэмээн материал бүрдүүлчихээд хагас автомат аппаратаар үйлчилгээ үзүүлж байсан. Тодруулбал, Жене-Эксперт гэх АНУ-д үйлдвэрлэсэн аппаратаар шинжилгээ хийнэ хэмээн материал бүрдүүлсэн ч эсрэгээрээ олон улсад оношилгоонд ашиглахыг хориглосон ABI7000 төхөөрөмжөөр шинжилгээ хийж байсан нь тодорхой болж, олон хүний хариу зөрүүтэй гарсан. Үүнийг зүйрлэвэл, бүрэн автомат угаалгын машинаар хувцсыг нь угаана гэчихээд хагас автомат, эвдэрхий машинаар угааж, халтардуулж орхисон гэсэн үг. Тэгсэн атлаа энэ үйлдэлдээ ичих нь бүү хэл, хувцсаа угаалгасан хүнээс мөнгө авч, үүнийг нь илчилснийг эсэргүүцэн, шүүхээр заргалдаж байна.
Нэг ч лабораторийн эрхийг сэргээх ёсгүй
Энэ 15 лабораториас “Гялс”, “Протлаб”, “Мед аналитик” лаборатори нь алдаагаа зассан хэмээн эрхээ сэргээлгэсэн. Энэ бол хүний аминд хүрсэн хүнд дахиад хутга бариулж байгаатай адил зүйл. угтаа нэг ч лабораторийн эрхийг сэргээх ёсгүй.
В, С вирустэй хүнийг вирусгүй гэж, эрүүл хүнийг өвчтэй болгож, эмийн хордлогод ороход хүргэсэн энэ мэт үйлдлийг салбарын сайд тэргүүтэй холбогдох албаныхан мэдсэн ч мэдээгүй царайлсан. Иймээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл та эдгээр лабораторидаа хариуцлага тооцож чадахгүй бол ажлаа өгнө үү. Бид энэ 15 лабораторийн хууль бус үйл ажиллагаа, иргэдийг хэрхэн хуурч байсныг баримттайгаар дэлгэж байгаа. Энэ удаа “Эн Ар Би” компанийн харьяа “Ай Ти” лабораторийн луйврыг илчилж байна.
“Ай Ти” дөрвөн жил лабораторийн эмчгүй үйл ажиллагаа явуулжээ
ЭМДЕГ, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээтэй хамтран өнгөрсөн зургадугаар сард хийсэн шалгалтаар “Эн Ар Би” компанийн “Ай Ти” нь лабораторийн мэргэжлийн эмчгүй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Тодруулбал, Д.Цолмон гэх эмчийн бичиг баримтыг өөрт нь мэдэгдэлгүйгээр ашиглаж, “Манайд ажилладаг” хэмээн ЭМДЕГ-ынхныг хуурсан байна. Ингэхдээ тус эмчийг 2015 оноос хойш энэ эмнэлэгт ажиллаж байгаа хэмээн мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, тус лаборатори дөрвөн жилийн хугацаанд өвчтнүүдэд мэргэжлийн эмчгүйгээр шинжилгээ хийж байсан гэсэн үг. “Ай Ти” лабораторийн талаар цахим орчинд хайлт хийхэд хэд хэдэн фэйсбүүк хуудас гарч ирэв. Нөгөөгөөсөө ялгагдах зүйлгүй, адилхан логоны зурагтай энэ хуудсуудын нэгд “Эн Ар Би” ХХК-ийн “Ай Ти Мед” эмнэл зүйн төв гэж бичжээ. Гэхдээ 2017 оноос хойш мэдээлэл оруулаагүй бөгөөд өмнө нь ийм нэрээр үйл ажиллагаа явуулж байсан бололтой. Түүнчлэн “Эмнэлзүйн төв нь Улаанбаатар хотод сүлжээ дөрвөн салбартайгаар эмнэлэг, лабораторийн үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн баг юм. Нийгмийн даатгалын сангаас 40, 45, 50, 55, 60, 65 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журмын дагуу 50 мянган төгрөгийн үнэ бүхий урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй хийж байгааг дуулгахад таатай байна” гэжээ. Харин өөр нэг “Ай Ти лаборатори” гэсэн хуудаст хамгийн сүүлд нэгдүгээр сард мэдээлэл оруулжээ. Ингэхдээ “Нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдүгээр сарын 14-нөөс хоёрдугаар сарын 14-нийг хүртэл бүтэн сарын хугацаанд өдөр бүр 100 хүнд шээс болон цусны ерөнхий шинжилгээг үнэ төлбөргүй хийхээр боллоо” хэмээн бичжээ. Мэргэжлийн эмчгүй лаборатори хэчнээн хүний эрүүл мэндээр ингэж тоглоо бол…
“Ай Ти” лабораторид эрүүгийн хариуцлага хүлээлгэе
“Ай Ти” лабораторийн мэргэжлийн хүний нөөцгүй, эмчийн хяналтгүй шинжилгээ хийж байсан үйлдэлд ЭМДЕГ 526 сая төгрөгийн акт тавьж, 91сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохгүй байхаар шийдвэрлэсэн юм. Гэтэл тэд үүнийг эсэргүүцэн, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 91 сая төгрөгийн санхүүжилтийг олгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Харин энэ сарын 4-нд болохоор товлогдсон шүүх хуралд тус лабораторийн өмгөөлөгч, төлөөлөгчид ирээгүй. Дарж болохгүй баримт ил болсон тул тэд ийн шийдэлд хүрч, чимээгүй хаяхаар шийдсэн болов уу. Иймээс “Эн Ар Би” компанид 91 сая төгрөг олгохгүй байх эрүүл мэндийн даатгалын байгууллагын шийдвэр хэвээр үлдсэн. Дөрвөн жилийн турш хуурамч бичиг баримт ашиглан, мэргэжлийн эмчгүй үйл ажиллагаа явуулж байсан энэ эмнэлгийн шинжилгээний хариу баталгаатай эсэхийг дурдаад ч хэрэггүй. Харин ч иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөр тоглож, улсад их хэмжээний хохирол учруулж, төрийн байгууллагыг залилсан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
Үндэсний шуудан
URL: