Монголд долоон улсаас 1.5 сая амны хаалт илгээжээ
Гаалийн ерөнхий газрын мэдээлж буйгаар, Монгол Улс 2020 оны нэгдүгээр сард 68.7 мянган амны хаалт импортолсон бол 2019 оны нэгдүгээр сард 509.0 мянган амны хаалт импортолж байжээ.
Харин хоёрдугаар сар гарсаар импорт огцом өсөж, өнөөдрийн байдлаар Монгол Улсад Турк, БНСУ зэрэг 7 улсаас 16 аж ахуйн нэгж, 10 гаруй хувь хүмүүсийн импортолсон нийт 1.5 сая ширхэг амны хаалт орж ирсэн байна.
Гаалийн байгууллага шинэ коронавирусний халдвартай холбоотойгоор тусламжаар ирж буй амны хаалт болон хувийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.
Хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр, эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр улсын хилээр нэвтрүүлж байгаа аж.
URL: