Х.Наранхүүг онц их хэмжээний хохирол учруулсан гэж сэжигтнээр татжээ

Банк дампуурахад “тусалсан” Мон-Уран” компанийн захирал Х.Наранхүүг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэн Улсын мөрдөн байцаах газраас шалгаж эхэлсэн тухай мэдээллийг манай сайт өмнө нь мэдээлсэн юм. Эх сурвалжийн мэдээллээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг онц их хэмжээгээр завшиж үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр  сэжигтнээр татсан байна. Одоогийн байдлаар түүнээс  мөрдөнгийнхөн  хэд хэдэн удаа  хэрэгтэй нь холбогдуулан  мэдүүлэг авчээ. Түүнчлэн эрүүгийн хэрэг үүссэнээс хойш таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтийг ч мөрдөн байцаагч нь хяналтын прокурортоо уламжилсан гэнэ.

Манай улсын  томоохон арилжааны банкуудын нэгт зүй ёсоор тооцогдож байсан Анод банкыг үүдээ барихад хүргэж 1200 хадгаламж эзэмшигчийг хохироосон хэрэгт холбогдсон Х.Наранхүү тун удахгүй улсын хилээр гарах эрхээ хасуулж,  эд хөрөнгөө битүүмжлүүлэхэд хүрэх нь. Гурван жилийн жил турш хэдэн тэрбумыг хурдны морь, үнэтэй унаанд зарцуулж баярхсан ч өрөө төлж гүйцээлгүй  “луу унжсан”-ыхаа  төлөө  өнөөдөр тэр  хуулийн байгууллагын хаалгыг сахихад хүрсэн нь  энэ.

Олон зуун хохирогчтой уг хэрэгт хяналт тавьж буй прокурор нь тус банкыг дампуурахад нөлөөлсөн хохирлоо төлөөгүй томоохон зээлдэгч нарт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсоноор шалгуулах даалгаврыг бичиж мөрдөн байцаагчид явуулснаар томчуудыг нэг бүрчлэн шалгах эхлэл болсон юм. Хууль хяналтынхны зүгээс энэ арга хэмжээг авах болсон нь Анод банкны харилцагч, хадгаламж эзэмшигч нарт учирсан хохирлыг шуурхай барагдуулах, гэмт хэрэгт оролцсон хүн нэг бүрийн үйлдлийг нарийвчлан тогтоох боломжтой болгож байна.

Тэрбумаас дээш төгрөгийн өртэй зээлдэгчдийн тэргүүн эгнээнд мөнөөх “Мон-Уран”-ы Х.Наранхүү бичигдэнэ. Түүнийг   “Дүнжингарав” худалдааны төвийг барихдаа тус банкнаас 22 тэрбумыг  зээлж улмаар   худалдааны төвөө эзэмшлийнх нь газартай, бас одоогийн Анод банкны төв байрлаж байгаа барилгыг  ч барьцаанд тавьж байсан  гэх баримт бий. Газрын наймаанд гаршиж, банк дампууруулсан  гэж олноо цоллуулах болсон түүнийг их хэмжээний өрөө  хугацаанд нь төлж хүчрэхгүй худалдааны  төвөө өрөндөө тавьж туусан гэх.

”Мон-Уран” компанийнхаа нэрээр Нийслэлийн тусгай хамгаалалтын бүсэд 30 га газар авч, түүнээсээ “Шилмэл шилтгээн”, “Монгол гранд”, “Дунд мандал”, “Сүрэг агт”, “Визамар”, “БНЧ” зэрэг голдуу Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад таслан өгч  байсан гээд түүнийг газрын наймаанд гаршсаныг нотлох баримтын жагсаалт хөвөрнө.

Анод банкинд зээлийнхээ өрөнд барьцаалж өр тавьж байсан  “Дүнжингарав”-аа олон улсын чанар стандартын дагуу хамгийн сүүлийн үеийн дизайнаар барьж  2008 оны наймдугаар сарын 08-нд ашиглалтад өгнө гэж сурталчилж байсан  ч хэлсэндээ хүрээгүй.

Томоохон зээлдэгч нараас болж хэвийн үйл ажилллагаа нь доголдоход хүрсэн Анод банкийг  дампуурсны дараа  хөрөнгийн биржээр дамжуулан Анод банкны хувьцааг худалдаж авсан жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудлыг хууль хяналтын байгууллагын хүрээнд шийдэж байгаа тухай тус  банкны эрх хүлээн авагч мэдээлж байсан юм.

Монголбанк Анод банкыг хяналтдаа авснаас хойш нийт зээлийн багцын 40-45 хувийг эргэн төлүүлсэн ч тус банкны холбогдох  томоохон зээлдэгч  Х.Наранхүү нараас гадна  банкны удирдлагуудын ах дүү, хамаатан садны зээлсэн зээлийн өрийн 54,4 тэрбум төгрөг эргэн төлөгдөөгүйгээр  хууль хяналтын  байгууллагын хараанд өртсөн билээ.

Үүн дээр банкны холбогдох этгээдийн гаргасан нийт аккредитив, батлан даалтын дүн дөрвөн сая ам.доллар (Япон улсын Иточу корпорацийн Анод банкнаас нэхэмжилж байгаа аккредитивийн дүнг оруулахгүйгээр), банкны хувь нийлүүлэгч, удирдлагад ажиллаж байсан Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нараас авах авлага 58.6 тэрбум төгрөг, Анод банкны үндсэн хөрөнгөтэй холбоотой авлагын дүн 7.8 тэрбум төгрөгийг оруулан тооцвол нийт 120.8 тэрбум төгрөг, дөрвөн сая ам.долларын багаггүй хувийг үрэн таран хийсэн Х.Наранхүүгээс эхлэн Гачууртын  Чинбат нарын томоохон зээлдэгч нарт  албадлагын арга хэрэглэн өрийг нь нөхөн төлүүлэх ажлыг эрчимжүүлэхээр прокурорын байгуулагынхан  ханцуй шамлан орлоо.

Хэрэв Х.Наранхүү хуулиас тогтоож өгсөн хугацаанд өрөө барагдуулахгүйд хүрвэл өөрт нь үүсгэсэн Эрүүгийн хуулийн 150.3 дахь хэсэгт зааснаар арав хүртэлх жилийн ялыг  шүүхээс сонсох магадлалтай.

Н.Бүжин shuud


URL:

Сэтгэгдэл бичих