Эдийн засгийн өсөлт энгийн иргэдийн амьдралыг сайжруулаагүй гэжээ
НЬЮ-ЙОРК. /TASS/. Сүүлийн жилүүдэд АНУ эдийн засгийн ололт амжилтад хүрсэн нь энгийн иргэдийн амьдралын түвшнийг сайжруулахад тус болоогүй хэмээн Мичиган мужийн амбан захирагч Гретчен Уитмер мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Улс орны нөхцөл байдлын тухай Конгрессын Сенат болон Төлөөлөгчдийн танхимд тавьсан илтгэлд тэрбээр ийнхүү хариулсан байна.
“Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг санал болгосон ажил хүн бүрт байхгүй байгаа нь бодит байдал юм. Үнэн хэрэгтээ иргэдийн дийлэнх нь сарын зардлаа нөхөж чадахаааргүй ажил хийдэг. Ерөнхийлөгч хөрөнгийн зах зээлийн тухай ярьж байгаа нь утгагүй юм. Хэдэн сая хүн өдөр хоногийг арайхийн аргацааж байгаа нь юмуу тээвэр, эм тариа, сургалтын зээлээ төлсний дараа сарын эцэст ямар ч мөнгөгүй үлдэж байгаа нь чухал юм. Хөдөлмөр эрхлэгчид манай муж улсад, Висконсинд, Охайо, Пенсильвани муж улсад болон орон даяар хүндхэн байна. Эдийн засаг хүчтэй байна гэж ерөнхийлөгчийг ярих үед ямар хүмүүсийн хувьд хүчтэй байгааг би асуумаар байна” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.
Татварыг бууруулснаар чинээлэг иргэд илүү хожиж байна гэж Уитмер үзэж байгаа аж. АНУ-ын эдийн засаг хөдөлмөр эрхлэгчдийн төлөө бус байгаа хэдий ч Ардчилсан нам үүнийг өөрчлөхөд бэлэн байгааг тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Монцамэ агентлаг
URL: