Хар тамхинд хорлогдсон монгол “ОДОД”

15806466105e36c0d25000fХар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг газар авч, үүнд донтогчдын тоо ч улам бүр нэмэгдсээр байна.

Хэдхэн жилийн өмнө манай улс хар тамхи тээвэрлэгч орны тоонд бүртгэгдэж байсан бол өдгөө хар тамхи хэрэглэгч орны тоонд орох болжээ. 

Хамгийн аймшигтай нь АЮУЛЫН ХАРАНГА дэлдээд буй цагаан тахал өсвөр насны, тэр дундаа хөрөнгө мөнгөтэй айлын хүүхдүүдийг онилж байна. Тэр ч утгаараа өсвөр насны хүүхдүүд хар тамхинд донтох, хэрэглэх тохиолдол ихээр бүртгэгдэх болсон. Тухайлбал, 2019  оны эхний найман сарын байдлаар, улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 169 гэмт хэрэг бүртгэгдэж, 294 холбогдогчийг шалгажээ. Нийт холбогдогчдын 49 хувийг 19-25, 43 хувийг 26-35, долоон хувийг 46-55 насныхан эзэлж байна.

Өсвөр насны хүүхдүүд ийнхүү хар тамхи хэрэглэх болсон нь олон шалтгаантай. Тэдний нэг нь олны танил дуучин, урлагийнхан ч энэ төрлийн хэрэгт холбогдох явдал юм.  Угтаа бол олны танил, од байна гэдэг үзэгч, сонсогчдод уран бүтээлээ хүргэхээс гадна зөв үлгэр дууриалал үзүүлэх ёстой хэмээх ёс зүйн ойлголтыг давхар агуулдаг атал, өнөө цагт харин ч эсрэгээрээ эргэж байгаа нь бидний нүднээ ил байна. Өөрсдийн амжилт, нэр хүнддээ бардан, шоу цэнгээн, хар тамхинд ихээр донтох болсон.

Тэр ч утгаараа тэд Монголын ирээдүй болсон олон мянган залуусыг хар тамхи хэрэглэхэд хамгийн гол нөлөө үзүүлсэн гэж олон нийт үздэг. Дууг нь сонсдог, шүтэн биширдэг дуучин, хамтлагийнхан хар тамхи хэрэглээд эхлэхээр тэднийг даган дуурайх болсон.

Дээрээс нь манай улсад хар тамхитай холбоотой хэрэгт оногдуулдаг ял сул. Тэр дундаа олны танил эрхмүүд нэр холбогдсон ч дараа нь уран бүтээлээ туурвих, тоглолтоо хийх зэргээр сул чөлөөтэй болдог. Гэтэл олон улсад хар тамхины хэрэг өөрөө өндөр ялтай, хүнд гэмт хэрэгт тооцогддог нь нууц биш. Хятадад цаазаар авах насаар нь хорих хүртэл шийтгэх тогтолцоог хэрэгжүүлж байгаа бол бидний сайн мэдэх Өмнөд Солонгосчууд хар тамхитай холбогдсон алдартнуудаа уучилдаггүй.

Томоохон компаниуд гэрээгээ цуцалж, рекламны самбараасаа зургийг нь буулгах, уран бүтээлүүдийг нь цацахыг хориглох зэргээр цогц арга хэмжээ авдаг. Ингэснээр одуудын карьер унаж,  нийгэм, ард түмнээсээ уучлал гуйж буруу үлгэр дууриалал үзүүлснээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл манай улсад энэ тогтолцоо эсрэгээрээ шахуу байгаа нь нууц биш. Өнөөдөр нэр холбогдоод хэдхэн сарын дараа сул чөлөөтэй явж байдаг эрхмүүдээс жишээ авсан өсвөр насныхан ч хар тамхины хэрэглэгчид болсоор байна.

Сүүлийн хэдхэн сарын дотор л гэхэд  Б.Амархүү, Б.Энхтүвшин, Т.Билэгжаргал тэргүүтэй олны танил ЭРХМҮҮД шил дараалан хар тамхины хэрэгт холбогдсон байдаг. 

  • Жүжигчин Т.БИЛЭГЖАРГАЛ

Өнгөрсөн долоо хоногт ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан иргэдэд сэрэмжлүүлэг болгох  үүднээс жүжигчин Т.Билэгжаргалын хар тамхи хэрэглэсэн үедээ төрсөн эхээ зодож буй бичлэгийг олон нийтэд дэлгэсэн. Түүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан үйлдэлд эрүүгийн хэрэг үйлдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Тэрбээр мансуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь баримтаар нотлогдсон байна.

  • Дуучин Б.АМАРХҮҮ

Дуучин Б.Амархүү өнгөрсөн есдүгээр сард нэгэн зочид буудлын гадаа машин дотроо хар тамхи хэрэглэж байсныг цагдаа нар илрүүлэн баривчилж, түүнд шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон.

Гэвч Б.Амархүү давж заалдаж, хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гарсан байна. Мөн түүнийг батлан даалтад гаргахыг зөвшөөрч, одоо гадуур байгаа юм.

  • Жүжигчин Б.ЭНХТҮВШИН

-Өнгөрсөн 10 дугаар сард “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоороо олонд танигдсан жүжигчин Б.Энхтүвшинг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид баривчилсан.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь баримтжуулан баривчилсан байдаг. Түүнийг нэр бүхий хоёр этгээдийн хамтаар саатуулсан бөгөөд биеэс нь метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй бодис хураан авчээ. 

  • Мотив хамтлагийн дуучин ЖИЖГЭЭ буюу Б.ЭРДЭНЭБАЯР

-Нэгэн цагт уран бүтээлээрээ охид залуусыг байлдан дагуулж явсан “Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Г.Эрдэнэбаяр өнгөрсөн 12 дугаар сард хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Одоо хэрэг нь шүүхэд шилжсэн байгаа.

Тэрбээр өмнө нь бас хар тамхины хэргээр ял шийтгэгдэж байсан юм. Тодруулбал, 2018 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис /хар тамхи/ хадгалсан, хэрэглэсэн хэрэгт шүүхээс 2 жил хорих ял шийтгэгдэж, 6 сар орчим хорих ял шийтгэгдээд шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байдаг. 

Энэ бол сүүлийн хэдхэн сарын хугацаанд хар тамхины хэрэгт холбогдсон олны танил эрхмүүд. Үүний цаана хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, зөөсөн гэх хэрэгт ял шийтгүүлсэн хүн олон бий.

Тухайлбал,  “Харанга”-ын Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож 10 жилийн ял сонссон нь ч Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, түүнийг сулласан. “Ice top” хамтлагийн Коби буюу С.Чулуунбаатар, Д.Манлайбаатар нар, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, реппер Don Dior гэх мэт хар тамхины хэрэгт холбогдсон урлаг соёлынхны цуваа хөвөрнө.

Хамгийн аймшигтай нь үүний цаана дахиад хэдэн хүн нууцаар хэрэглээд мансуураад явж байгааг бид таашгүй.

Т.ГЭРЭЛ

http://www.zaluucom.mn/read/4417ge65c


URL:

Сэтгэгдэл бичих