Гуравдугаар сарыг дуустал ариутгал халдваргүйжүүлэлтийг нийслэлийн хэмжээнд хийхээр боллоо
Нийслэлийн онцгой комисс өнөөдрийн хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэлт, түүнд тавих хяналт зохион байгуулалтын ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх танилцуулгыг хийлээ.
Нийслэлийн хэмжээнд иргэдийн хөдөлгөөнийг багасгаж хязгаарлахын тулд эрүүл мэндийн байгууллагуудад иргэдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна. Шинэ коронавирусийн талаарх иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн цахим сүлжээгээр тогтмол түгээж байна” гэлээ.
Улаанбаатар хотын ерөнхий менежер Л.Гантөмөр нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийг комиссын гишүүдэд танилцууллаа. Тэрбээр “Засаг даргаас өчигдөр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зах худалдааны төв, орон сууц, гэр хорооллуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлыг яаралтай зохион байгуулах үүрэг өглөө. Энэ дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийх төлөвлөгөө гарсан. Гуравдугаар сар дуустал ариутгал халдваргүйжүүлэлтийг нийслэлийн хэмжээнд хийхээр болсон. Тусгай зөвшөөрөл бүхий 41 аж ахуйн нэгж энэ ажлыг хийж гүйцэтгэнэ, Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын газар хяналт тавин ажиллана” гэсэн юм.
Хуралдааны төгсгөлд Нийслэлийн онцгой комиссын гишүүн, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан онцгой комиссын гишүүдэд үүрэг чиглэлийг өглөө. Мөн тэрбээр “Улаанбаатар хот руу орж, гарч байгаа хөдөлгөөн төмөр зам, орон нутгийн агаарын тээвэр, авто тээвэр зэрэгт тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ажил сулрах ёсгүй. Иргэдэд хандсан уриалга заавар зөвлөмжийг цаг тутам хүргэж ажиллах хэрэгтэй.
Гадуур амны хаалт зүүх, урьдчилан сэргийлэх иргэдийн хариуцлага сул байна. Урд хөршид шинэ төрлийн вирусийн тархалт буурахгүй байгаа учраас хяналт, урьдчилан сэргийлэлтийг тэр хэрээр дээшлүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн онцгой комиссын зарим гишүүн хариуцлагатай байх ёстой. Төрийн алба түшмэлээр дутахгүй. Онцгой нөхцөл байдал үүсчихээд байхад хариуцсан ажилдаа эзэн болж чадахгүй, ажил хийдүүлж байгаа албан тушаалтнуудад хатуу анхааруулж хариуцлага тооцно” гэдгийг сануулаад вирусийн тархалт буурах хүртэл хариуцлагатай ажиллахыг бүх гишүүнд онцгой анхаарууллаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
URL: