Титэмт вирусын хурд эдийн засгийг сааруулсаар

712-1580946663800_377df1a6b66397a-1Коронавирусын халдвар өчигдрийн байдлаар 24000 тохиолдол бүртгэгдэж 492 хүн амь насаа алдаад байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Коронавирусын тархалт 2013 онд тохиолдсон  Сарсаас  10 дахин хурдан байна гэж шинжээчид хэлж байгаа юм. Халдвар авсан хүмүүсийн 2.2 хувь нь амь насаа алдаж байгаагаас ийнхүү ДЭМБ-аас дүгнэсэн аж. Хятад болон хөрш орнууд, бүс нутгийн эдийн засагт вирусын нөлөөлөл их байна. Дэлхийн ДНБ-д эзлэх хувийг улсаар нь авч үзвэл 2019 оны байдлаар АНУ 23.6, БНХАУ 15.4 хувийг эзэлж дэлхийн хоёр дахь том эдийн засгаар нэрлэгдэж байна. Зөвхөн 2004, 2006 онд Хятадад дэгдсэн Сарс халдвараас  80 мянган ам.долларын эдийн засгийн хохирол учруулж байсан бол  2014, 2016 онд  Африкт дэгдсэн эбола вирусаас ДНБ-д 3.2 миллиард ам.долларын хохирол учруулж байжээ. АНУ-ын шинжээчдийн хэлснээр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор цар тахал улам нэмэгдэж 60-80 мянган ам.долларын хохирол учрах магадлалтай гэжээ. Сарс халдвараар 8000 гаруй хүн халдвар авч 813 хүн нас барж байсан бол харин эболагаар 34500 гаруй хүн халдвар авч 15100 гаруй хүн нас барсан гэсэн тоог ДЭМБ-ын статистикт дурьджээ. Харин коронавирусын тархалт хурдтай байгаа нь иргэдийн болон улс орны эдийн засагт шууд нөлөө үзүүлж байна. Энэ тухай манай эдийн засагчид байр сууриа илэрхийлж байна.

ЭКСПЕРТИЙН ҮГ
Эдийн засагч Б.Дөлгөөн: Манай гадаад худалдаа хумигдвал эдийн засагт хүнд тусна
-2020 оны I улиралд зөвхөн Хятад улс гэлтгүй, Монгол Улсын эдийн засгийн идэвхжил буурах нь тодорхой болчихлоо. Хятадын эдийн засгийг харвал 6.1 хувийн  өсөлт үзүүлнэ гэсэн нь зарим судалгаагаар 4.9 хувь руу буухаар таамаглаж байна. Хамгийн муу хувилбар гэвэл Хятадын эдийн засгийн өсөлт хоёр хувь руу буух  таамаг байна. Монголын эдийн засаг гадаад худалдаанаас хамааралтай. Хятадын хийж буй гадаад худалдааг (импорт, экспортыг нийлүүлээд тооцоход) дотоодын нийт бүтээгдэхүүн буюу ДНБ-ийхээ 32 хувь байдаг бол Монголын хийж буй гадаад худалдаа дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ тэнцдэг. Хэрэв гадаад худалдаа муудах юм бол ялангуяа, экспорт хумигдвал манай эдийн засагт хүнд тусна. Хэдийгээр манай экспортын бүтээгдэхүүн хамгийн өндөр хэмжээгээр гардаг Гашуун-Сухайт, Шивээ Хүрэнгийн боомтыг бүхэлд нь хаагаагүй ч цаад талаас манай бүтээгдэхүүнийг авах ажиллагаа нүүрс дээр гэхэд зогссон байна. Хятадад бараа бүтээгдэхүүний эрэлт буурсан, экспорт гарах магадлал муугаас үүдэн гадаадаас хийх түүхий эдийн импортыг бууруулсан болов уу. Тиймээс Монголчууд бид гаднаас авах импортын барааны хэмжээг дагаад бууруулах бодлогын болон бодлогын бус арга хэмжээг яаралтай авахгүй бол энэ байдлаараа гадаад худалдааны алдагдал нь төлбөрийн тэнцэлийн алдагдал руу их хэмжээгээр нөлөөлж, ойрын хугацаанд ханшийн хямрал руу түлхэх вий хэмээн эмээж байна.
Эдийн засагч, судлаач Б.Хаш-Эрдэнэ: Шанхайн хөрөнгийн биржийн индекс 8.2 хувиар  буурсан
-Коронавирусын халдвар тархах тусам хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, аялал жуулчлал гээд дэлхийн эдийн засгийн бүх салбарт, бүх улс оронд ихээхэн сөрөг нөлөө үзүүлнэ. Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд сүүлийн 29 жилийн хамгийн доод түвшинд очно гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн Азийн хөрөнгийн зах зээлүүд дээр аль хэдийнэ бууралт ажиглагдаад эхэлсэн. Тухайлбал, өчигдрийн байдлаар Шанхайн хөрөнгийн биржийн индекс 8.2 хувиар  буураад байна. Өөрөөр хэлбэл, Хятадын эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор Азийн зах зээл рүү оруулж байсан хөрөнгийн урсгал энэ зах зээлээс гарч байна гэсэн үг. Лондон, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр уул уурхайн компаниудын хувьцааны ханш мөн унаж байна. Монгол Улсын хувьд ч мөн ялгаагүй. Манай улс нийт экспортынхоо ихэнх хувийг Хятад руу гаргадаг. Гэтэл энэ өвчний тархалт болон Хятадын эдийн засгийн өсөлт буурахтай холбоотойгоор 2020 онд манай экспортын орлого бүхэлдээ буурна. Энэ нь зөвхөн тоо хэмжээний өөрчлөлтөөс хамаарахгүй дэлхийн зах зээл дээр эрдэс бүтээгдэхүүний үнэ буурсантай холбоотой байх болно. Үүнтэй холбоотойгоор манай улсын төсвийн орлого буурах, тасалдаж ч магадгүй учраас улсын төсвөөс санхүүжүүлэхээр тусгагдсан байсан төслүүдийн санхүүжилтэд сөрөг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн манай эдийн засгийн гол салбар болох уул уурхайн салбарын борлуулалт буурч, энэ салбараас орлого олдог ЖДҮ эрхлэгчдэд ч хүндрэл үүснэ. Хэсэг хугацаанд манай дотоодын зах зээл дээр гадаад валютын ханш сулрах боловч энэ нь тийм ч удаан үргэлжлэхгүй. Энэ мэт тодорхой сөрөг нөлөө манай улсын болон дэлхийн эдийн засагт бий болно. Иймээс бид эдгээр эрсдэлээс хэрхэн сэргийлэх, эрсдэлийн нөлөөллийг сулруулах арга хэмжээнүүдийг одооноос авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
Эдийн засагч Г.Ганзориг: Худалдан авагч талын  индекс 50-аас дээш байгаа нь  аюул хараахан ирээгүй
-Аливаа хөрөнгийн зах зээл гэдэг бодит эдийн засгийнхаа тусгал байдаг. Энэ вирусын асуудал нь эдийн засагт нөлөөлж л байвал тэр нь хөрөнгийн зах зээлд нөлөөлнө. Харин хэр хэмжээтэй нөлөөлөх вэ гэдгийг шууд тооцоход хэцүү. Ямартай ч “Оксфорд экономикс” судалгааны байгууллагаас энэ талаар тодорхой үзүүлэлт гаргасан. Үр дүнгээс нь дурдвал вирустай холбоотойгоор энэ оны БНХАУ-ын өсөлтийг 5.6, Дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2.3 хэмээн таамагласан. Энэ бол маш том бууралт. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойшх хамгийн муу үр дүн болно гэсэн үг. Төдий чинээгээр л хөрөнгийн захад нөлөөлнө. Гэхдээ энэ бол ердөө тооцоо болохоос бодитой үр дүн биш гэдгийг бас санах нь зүйтэй.
Коронавирусаас шалтгаалж Хятадын эдийн засаг худалдааны эргэлт саарсан. Манай эдийн засагт хэзээнээс нөлөөлөх тухайд одоогоор тоо хэлэхэд төвөгтэй ч БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд хүчтэй муудаад эхэлбэл манай улсад зургаан сараас нэг жилийн дотор нөлөө нь гарч ирнэ.
Манай улсад яахын аргагүй БНХАУ-ын эдийн засаг нөлөөлдөг. Тэр тусмаа худалдааны эргэлт гэхээсээ илүүтэйгээр төмрийн үйлдвэрлэл нь хамгийн хүчтэй нөлөөтэй. Монгол Улсын экспортын 40 орчим хувийг коксжих нүүрс эзэлдэг бөгөөд зөвхөн урд хөрш рүү гардаг шүү дээ.
Гэхдээ 2020 оны нэгдүгээр сарын эдийн засгийн түрүүлэгч индикатор болох худалдан авагч менежерүүдийн индекс 50-аас дээш байгаа нь дээрх аюул хараахан ирээгүй байгааг харуулж байна. Энэ бол хүмүүсийн хүлээлт. 2017 оны эдийн засгийн ухааны дээд шагналыг яг энэ төрлийн судалгаа авсан. Санаа нь иргэд вирус гээд гэнэт айдаст автаад зах зээл дээр байгаа бүх бүтээгдэхүүнийг хамаад эхлэх үед тодорхой хомсдол үүсч, үнийн хөөрөгдөл явагдана. Гэхдээ иймэрхүү үзэгдэл нь харьцангуй богино настай, буцаад хэвийн түвшинд очдог. Дэлхийн банкны судалгаагаар нүүрсний үнэ унана гээд сүүлийн жилд олон удаа мэдэгдсэн. Мөн худалдааны дайн, Иран-АНУ-ын асуудал гэх мэт олон хүчин зүйл алтны үнийг өсгөсөн. Энэ бол вирус байсан байгаагүй болж буй үйл явдал. Мэдээж энэ байдал нь манай улсын эдийн засагт тэр дундаа валютын орох урсгалд сөрөг нөлөөтэй.
“Голомт Капитал” ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргал: Хөрөнгө оруулалтын багцын шийдвэрээ гаргах шаардлагатай
-Сүүлийн өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлын төвд коронавирусын тархалт зүй ёсоор орж байна. Ийм нөхцөл байдал нь дэлхийн хөрөнгийн зах зээлд ч багагүй өөрчлөлт авчирдгийг өнгөрсөн үеийн мэдээллээс харж болох юм. Өөрөөр хэлбэл, зах зээлд  тодорхойгүй нөхцөл байдал үүсдэг учраас хөрөнгө оруулагчид алт болон засгийн газрын бонд зэрэг эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийдэг.
Одоогийн байдлаар нэг унц буюу 28.35 грамм алтны үнэ 1600 ам.долларт хүрч, нэгдүгээр сарын 28-ны өдрийн арилжааны үеэр  богино хугацаат хүү нь урт хугацаат xүүтэй тэнцэж 0.06 хувийн өсөлт үзүүлсэн байна.
Өгөөжийн муруй гэдэг нь 10 жил болон гурван сарын хугацаагаар АНУ-ын векселийн өгөөжийн ялгааг зааж буй индикатор юм. Өнгөрсөн  оны 3-10 дугаар сарын  хооронд өгөөжийн муруйг харвал хүүгийн давхцал болохоос өмнө 0.33 хувьтай  байна. Тиймээс хөрөнгө  оруулагчдын хувьд АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны 15:00  цагийн байдлаар Англи улсын төвбанкнаас нэгдүгээр сарын 30-ны өдөр зарлах тарифыг анхааралтай ажиглаж, энэ мэдээлэлдээ тулгуурлан хөрөнгө оруулалтын багцын шийдвэрээ гаргах шаардлагатай гэж зөвлөхөөр байна.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих