Сайд Н.Цэрэнбат хүсэлтийг нь илгээж, сайд асан Б.Батзоригийн дүү зээлийг нь авчээ
Дуулиант ЖДҮ-гийн хэрэг хэмээгчид ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, тус яамны ажилтнууд нийлсэн долоон хүн буруутгагдаж, яллагдагчаар татагдсан. Гэхдээ энэ хэрэг үүсэхэд УИХ-ын гишүүн, сайд, Төрийн өндөр албан тушаалтан, МАН-ын удирдах албан тушаалтнууд, өндөр албан тушаал хашиж явсан нөлөө бүхий хүмүүс нөлөөлсөн байдаг.
Тэдний нэг нь БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат юм.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нь “Баруун загвар” ХХК, “Баян таван тэс” ХХК, “Аргалантын хур” ХХК-ийн төслүүдэд санхүүжилт олгож, дэмжихийг хүссэн албан бичгийг ХХААХҮЯ-нд илгээсэн.
Н.Цэрэнбатын дэмжихийг хүссэн “Баруун загвар” ХХК нь Увс аймгийн төвд байдаг гутлын үйлдвэрлэл эрхэлдэг аж. Захирлыг нь Ц.Нямсамбуу гэдэг. Гэвч энэ компани Монголбанкны зээлийн муу түүхтэй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад орчихсон байжээ. Гэсэн ч ХХААХҮ-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний А/88 тоот тушаалд багтаж 2018 оны долдугаар сарын 5-ны өдөр 160 сая төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэн авчээ. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг “Ямар учраас Монголбанкны муу зээлийн түүхтэй компани ийнхүү шалгарч, санхүүжилт авсан талаар би мэдэхгүй” гэсэн байна.
Дараагийнх нь “Баян таван тэс” ХХК гэж бий. Тус компанийг Увс аймгийн Засаг дарга асан Л.Тогоогийнх, ферм байгуулна гэж зээл авчихаад “Тобу” худалдааны төвөө тохижуулсан гэх хардлага байдаг. Л.Тогоо нь сайд Н.Цэрэнбатын сонгуулийн менежерээр ажиллаж байжээ. “Баян таван тэс” ХХК мөн л ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А/88 тоот тушаалд багтаж, 2018 оны долдугаар сарын 9-ний өдөр 250 сая төгрөгийн санхүүжилт авсан.
Гурав дахь компани нь “Аргалантын хур” гэдэг. Энэ компанийг дэмжүүлэхээр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж, төсөл нь шалгарсан байгаа юм. Гэхдээ энд нэг сонин юм гарч ирнэ.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын дэмжлэг хүсч, хүсэлт явуулсан энэхүү “Аргалантын хур” ХХК нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн төрсөн дүү Б.Ганзоригийнх болж таарсан байна.
“Аргалантын хур” ХХК нь 2018 оны хаврын сонгон шалгаруулалтад орсон боловч журамд заасан наад захын шаардлагуудыг хангаагүй учир хасагджээ. Тэгэхэд сайд Б.Батзориг нэлээд бухимдсан байгаа юм.
Харин намрын сонгон шалгаруулалт буюу сайдын 2018 оны наймдугаар сарын 24-ний А/141 тоот тушаал гарахын өмнө Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг өрөөндөө дуудаж “Б.Ганзориг гэдэг хүний утсыг тэмдэглээд ав. Энэ хүн сайдын дүү шүү” гээд 9910…… дугаарыг тэмдэглүүлсэн байна.
Удалгүй нөгөө дугаараас сайдын дүү Б.Ганзориг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийн гар утас руу залгаж “Уулзъя” гэсэн байгаа юм. Тухайн үед С.Төгсбилэг “Хүүхдийн 100” орчимд явж таараад тэндээ Б.Ганзоригтой уулзжээ. Тэгэхэд Б.Ганзориг “Нэг төслийн материал бэлдэж байгаа. Өмнөх сонгон шалгаруулалтад ороод тэнцээгүй. Одоо материалаа сайн бүрдүүлээд ормоор байна. Зөвлөгөө өгнө үү” гэсэн байна. Тэр компани нь “Аргалантын хур” ХХК байжээ.
“Аргалантын хур” ХХК, бас нэг компанийг “зүтгүүлж” байгаагаа Б.Ганзориг тэгэхэд хэлж байжээ. Юутай ч “Аргалантын хур” ХХК нь “Заавал санхүүжилтэд багтаах жагсаалт”-д орсон тул сонгон шалгаруулалтад тэнцэж ХХААХҮ-ийн сайдын 2018 оны наймдугаар сарын 24-ний А/141 тоот тушаалд багтаж, 2018 оны есдүгээр сарын 600 сая төгрөгийн санхүүжилтийг авсан байна.
Ер нь бол сайд Н.Цэрэнбат, сайд асан Б.Батзориг хоёрыг нэр бүхий компаниудаар холбогддог гэх мэдээлэл өмнө нь хэвлэлүүдээр нийтлэгдэж байв.
Энэ удаа ЖДҮ-гийн асуудал дээр ч сайд Н.Цэрэнбатын хувьд хүсэлт явуулчихаад хараад суугаагүй аж. Тэрээр ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийн 9911 …. дугаарын утас руу вайбераар мессеж бичиж сануулсаар байжээ.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: