Монголчууд хүний мууд ямар дуртай болоо вэ?

470c2e7b9a90ba55c6a1712c35162f7d227a4186Үл үзэгдэгч нийгэм

...Нэгэн банкны “ATM”-ын дэргэд олон хүн дугаарлан зогсоно. Дунд эгнээний туранхай залуу хэн нэгнийг дуудсанаа төдөлгүй яваад очив. Удалгүй буцаж ирээд эгнээндээ орох гэтэл ард нь байсан 30 орчим насны дунд зэргийн нуруутай, дэгжин нүдний шилтэй бүсгүй дүрсхийн уурлалаа. “Чамайг энд байсныг мэдэхгүй юм байна. Би яарч байна” хэмээн ам хэлээ билүүдлээ. “Та намайг хараа биз дээ. Би таньдаг хүнтэйгээ мэндлээд ирлээ” гэж туранхай залууг учирлавал нөгөө бүсгүй “Ёстой мэдэхгүй юм байна. Үхсэнээ хийх гэж гарсан юм бэ” гэж илт гүжирдээд залууг түлхэх мөртөө урдуур нь дайраад орчихлоо. Залуугийн дургүй гэнэт хүрсэн бололтой “Өө муу хөдөө царайлсан маанаг чинь яах нь вэ. Бичиг үсэг мэдэх үү чи” гэж хэлээд тавьчихав. Бөөн хэрүүл…Хэдхэн хормын өмнө тайван амгалан байсан орчин “дайны байдалд” шилжих нь тэр. Бүсгүй яарч байж болно. Гэхдээ өөртэйгөө адилхан дугаарлан зогсоо хүнийг эхэлж хэл амаар доромжлох эрхтэй гэж үү? Хэчнээн их яарч байгаагаа эелдгээр хэлж гуйсан бол амгалан тайван байдал ингэтлээ алдагдахгүй байсан нь тодорхой.
Өдрийн 14 цаг.  Автобусанд олон хүн байлаа. 20-иод насны  залуу орж ирээд жолоочид бэлэн 1000 төгрөг сарвайв. Нөгөө жолооч нь 500 төгрөг хариулж өгч байх юм. Гэтэл 40 гаруй насны эр “Чи бэлэн мөнгө авахаа болиоч” гэвэл жолооч уурлаж “Юу хуцаад байнаа” хэмээн цохиод авахад бэлэн ааш гаргав. Аргагүй нас тогтсон хүний өөдөөс тэвчив бололтой. Шаардлага тавьсан эр ч мөчөөгөө өгсөнгүй “Та нар хамаг орлогыг нь хамаад байхаар цаад автобус компани чинь дампуурна биз дээ” гэж хэлээд “Тэгээд үнэгүй явуулах юм уу” гэдэг тэнэг хариултыг жолоочоос сонсов. Бусад зорчигчдоо хүндлэх ухамсар алга
Буруутан нь бэлэн мөнгө өгсөн зорчигч, түүнийг нь уухайн тас шүүрэн авсан жолооч-кондуктор. Нийтийн тээвэр бол улсын нүүр царай, хөгжил дэвшлийн нэгэн бодит илэрхийлэл. Англи, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй оронд нийтийн тээврээ бодлогоор дэмждэг нь ач холбогдлыг нь олон жилийн өмнөөс харсны л үр дүн. Манай улсын нийслэл шиг түгжрэл ихтэй хотод нийтийн тээврийн үүрэг нөлөө маш их. Тийм учраас л зорчигчдын ая тухтай байдлыг хангах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн ЗДТГ, Нийтийн тээврийн үйлчилгээний газраас олон нийтийн тээврийн хэрэгсэл рүү хандсан бодлогодоо өөрчлөлт хийх гэж зүтгээд байгаа хэрэг шүү дээ. Гэхдээ энэ бүхэн зөвхөн төрийн захиргааны байгууллагуудын ажлаас хамаарах үр дүн биш иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг хаа хаанаа ухамсарлах цаг болжээ. Нөгөө талаас автобус олон нийтийн газар гэдэг ухагдахуунд зүй ёсоор хамаарна. Энэ утгаараа амгалан тайван байх ёстой орчин гэдгийг иргэд бодох ёстой.
…Бүтэн сайн өдөр. Сонгинохайрхан дүүргийн нэгэн жижиг хүнсний зах. Махны лангуун дээр 40 гаруй насны эмэгтэй төрөл бүрийн мах худалдаалж байлаа. Гэтэл нэгэн настайвтар эр орж ирээд лангуун дээр нь гялгар ууттай зүйл шидчихэв. Худалдагчаас гадна бүгд гайхаж, зарим нь багагүй цочив. “Чи ийм мах өгөхдөө ичээч. Энэ чинь даагдахын аргагүй хатуу юм байна. Мөнгөө буцааж авъя” гэж нөгөө эр танхим дүүрэн хашгирав. Худалдагч эмэгтэй “Бусад нь аваад болоод байхад чи юун маягтай юм бэ. Манай зарсан мах биш л байна. Муусайн юмнууд хэл ам хийх байсан юм бол үхсэнээ хийх гэж авсан юм бэ” гэж тачигналаа. Бараг 5 минут хэртээ хэрүүл болов. Арай соёлтой байрын хоёр залуу авах гэж байсан махаа орхиод хурдан гарч одлоо. Настай эр “Улаан махны хэрүүл хийгээд яасан бузартай хогнууд вэ” гэж хэлсэн ч “байлдагч талууд” сонсохыг хүссэнгүй. Ийм хэрүүлтэй газраас хэн хоол хүнснийхээ зүйлийг авах билээ. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг шиг учир зүйгээ ололцох ухаан худалдагч, худалдан авагч хоёрын хэн хэнд нь байсангүй.
…Хотын төвд орших эмийн сан. Өдрийн 13 цаг. Нэгэн бор залуу орж ирээд хоолойны эм асуув. Эмийн санч нуруулаг эмэгтэй дуртай дургүй босч жижиг шилтэй эм авч өгөв. Залуу үнийг нь асууснаа “Эм импексийн эмийн санд хамаагүй хямд байсан даа” гэвэл эмийн санч өгсөн эмээ шүүрэн авснаа “Тэр газраасаа очиж авахгүй юу. Чамд тоож өгөхгүй” гэж муухай хахир хатуугаар зандрав. Нөгөө залуу ч эм авсангүй гараад явав. Хүнийг гаднах байдлаар нь харж харилцдаг зан тэр эмийн санчаас үнэртэх шахам мэдрэгдэж байлаа. “Хэрэглэгч хаан” гэдэг маань нэг талаас худалдан авагчаа хүндэлж харилцахыг л хэлээд байгаа хэрэг шүү дээ. Худалдааны соёл гэдэг үнэт зүйл зарим газарт үнэхээр үгүйлэгдэж байгаагийн нэгэн жишээ бол энэ.
…Сүхбаатар дүүргийн баруун хойно орших найман нэрийн хүнсний дэлгүүр. 6, 7 дугаар ангийн бололтой хоёр хүүхэд орж ирээд тамхи авъя гээд мөнгө сарвайв. Худалдагч эмэгтэй “Хүүхдэд тамхи өгөхгүй” гэвэл “Тэнэг авгай чинь цадчихаж” гэж том хүнээс гарамгүй бүдүүлэг үг хэлээд хаалга савж одлоо.
Орон сууцны нэг давхарт байдаг эмийн сан руу орвол эмийн санч бүсгүй хөмсгөө зангидан, уурласан мэт харагдана. “Хоромхон” гэдэг тосон түрхлэг байна уу? хэмээн асуувал “6000” гэж дурамжхан өгүүлээд хэрэглэгч рүү огт харахгүй юм. “Үзье” гэвэл “Байдаг л тос ш дээ” хэмээн уцаарлах нь гайхмаар. Ийм үйлчилгээтэй газраас хүн сэтгэл хангалуун гарах уу? Дахиж орох уу?
Шинэ жилийн өдөр юм даа. “Архи авч байж надтай аятайхан харьцаарай” хэмээн худалдан авагчаа загнаж, олны өмнө эвгүй байдалд оруулах кассчинг цөөнгүй жил үйл ажиллагаа явуулж буй сүлжээ дэлгүүрт харж л байлаа. Нөгөө хүн нь “Баярын өдөр хамаг “настр” унагаад, худалдаа хийх сонирхолгүй болгочихлоо” хэмээн их л гонсгор гарч явж билээ. Бас нэлээд нэртэй сүлжээ эмийн санд эмийн санч эмэгтэй нь гэнэт шүгэлддэг байгаа. Үүдэнд суугаа кассчин бүсгүйг дуудаж байгаа нь тэр гэнэ. Гараад явчихмаар санагдсаныг нуугаад яахав. Энэ мэт хэрэглэгч орж ирж байхад мэндэлж угтах нь бүү хэл утсаар ярих, бохь зажилах, үл тоомсорлон  дуугарч ядах, тэр ч бүү хэл хээв нэг хумсаа авах, өндөр дуугаар зандрах  зэрэг үйлчилгээний наад захын соёл мэдэхгүй хүмүүс гадна, дотнын хэнд ч таалагдахгүй! Наадмаар ирсэн жуулчин “Юмаа зарж байж уурладаг хүнийг Монголд л харлаа” гэж цахим хуудсаараа дамжуулж дургүйцлээ илэрхийлсэн нь тухайн худалдагчийн гэхээсээ Монгол Улсын нэр хүндэд тийм ч таатай нөлөөлөхгүй л байх. Нийслэлчүүд бидний амьдралд өдөр бүр тохиолддог энэ хэдхэн нийтлэг үзэгдлээр жишээ татвал бид зан харилцаандаа анхаарах цаг хэдийнэ болжээ. Хамгийн харамсалтай нь насанд хүрэгчид нь иймэрхүү байгаа юм чинь хүүхэд багачууд ямар орчинд өсч хүмүүжих нь тодорхой. You tube сайтад тавигдсан багш, шавь хоёрын зодооныг цөөнгүй хүн үзсэн юм билээ. Багш бүсгүй нь нэгэн эмэгтэй шавиа загнаж гарлаа. Өөрийг нь хүндэлсэнгүй гэж уурссан бололтой юм. Нөгөөх нь ойлгох нь битгий хэл урдаас нь том дуугаар хэрэлдэж, түүгээр ч барахгүй багшийнхаа үс гэзэгнээс зулгааж байх юм. Сурагчтайгаа зүй бусаар харилцсан багшийн буруу байж болно. Гэхдээ сурагч хүн түүнээс дор авир гаргаж болно гэж үү?
Уг нь монголчууд бид зан суртахууны асар баялаг уламжлалтай ард түмэн шүү дээ. Хүүхэд багачууд ахмад настны дэргэд хашгирч орилж, хараал хэлэх нь битгий хэл хамаагүй хөдөлгөөн хийх цээртэй байлаа. Залуучууд ч гэсэн өөрөөсөө ахмад хүнээ тохойноос нь өргөн хүндэлж, эвгүйхэн харах вий гэхээс эмээдэг байсан юм.
  Ахмад, эгчмэд хүмүүстэй хэрэлдэж муудалцахыг ёс суртахууны том доройтол гэж үздэг байлаа. Бусад үндэстнээс ялгарах тэр сайхан онцлог шинжээ амархан алдмааргүй байна! Ер нь Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт ардын уламжлалт ёс заншилтай холбоотой хичээлийг зориуд бодлогоор оруулах цаг болжээ. Нөгөө талаас 21 дүгээр зуун гараад 20-аад жил өнгөрчихөөд байхад бид иргэншиж, соёлжмоор байна. Хамгийн наад зах нь харилцааны соёлоор тухайн нийгмийн хөгжил илэрхийлэгддэг нь даанч үнэн.
Хүн төрөлхтний ахуйтай зэрэгцэн сошиал ертөнц үүссэнээс хойш ёстой л хүнээ байж, мөс чанараа гээж байна даа. Сайтуудын сэтгэгдэл, фейсбүүк, твиттерийн постуудыг хар! Элэг нэгт Монгол хүнээ долоон шидээр хэлж, доромжлон гутааж байгаадаа сэтгэл нь зовох биш харин ч хамгийн адгийн муухай, хорон үгийг олж хэлсэндээ бах тав нь ханадаг олдмол гаж дон нийгмийн сэтгэлгээнд нэгэнт үүсчихжээ. Уулзаж ярилцах нь бүү хэл нэг ч удаа барааг нь хараагүй хүнээ хараахын сайнаар харааж, “Ал, цаазла” хэмээн зандалчин шиг авирлах нь хэвийн үзэгдэл боллоо. Хувь хүний нэр төрөөс үнэтэй зүйл гэж хорвоод бий гэж үү? Ямарваа нэгэн асуудлын учир шалтгааныг огт мэдэхгүй байж хэн нэгнийг дээд зэргээр эвгүй байдалд оруулсан үг бичиж, элдэв бичлэгийг юу ч бодолгүйгээр цацахдаа зүрх нь өвдөж, сэтгэл нь зовохгүй байгаа тэр “хүнд” эмгэнэл илэрхийлье.
Улстөрийн болоод материаллаг ашиг сонирхол хүний хувь заяанаас үнэтэй болсон цаг үед амьдарч байгаадаа харамсч, бас гутаж байна. Хэрвээ намайг, хайртай дотнын маань хүмүүсийг тал талаас нь чичлэн дайрч, тэсвэрлэхийн аргагүйгээр гутаан доромжилбол ямар байх вэ гэж яагаад нэг удаа ч гэсэн эргэцүүлж бодож болдоггүй юм бэ?
Монголчууд хүний мууд ямар дуртай болоо вэ? Монгол хүний язгуур шинж чанар ийм амархан алга болж байгаа нь чухам ямар гээч хүчин зүйлийн нөлөө вэ? Хувь хүний ёс суртахуун, нийгмийн үнэт зүйлс газрын гаваар орсон цагт Монгол үндэстэн, Монгол Улс байх уу, үгүй юү, орших уу, эс орших уу гэдэг асуудал сөхөгдөнө шүү дээ. Дахиад асууя. Яагаад аливааг гэгээнээр, эерэг өнцгөөс харж чадахаа больчихсон юм бэ? Хүн хүнээ гэсэн тусархуу, өгөөмөр, өрөвч зөөлөн, өршөөлт нигүүлсэнгүй сэтгэл хаачив? Нэг мэдэхэд хараал зүхэл, үзэн ядалт, өс хонзонтойгоо хамт  хүн чанараа залгих вий. Хамгийн гол нь бид цөөхүүлээ гэдгээ хэзээ ч мартах ёсгүй. Нэг нэгнээ хайрла, хүндэл, ойлго, өргөж босго!  Хүн чанар, ёс суртахууны уналт нийгмийн мөн чанарыг бүдгэрүүлж, үл үзэгдэх түгшүүрт ангалыг үүсгэж эхэлснийг анзаар!
Дажсүрэнгийн  Лхагвадорж

URL:

Сэтгэгдэл бичих