Ц.Элбэгдорж Ардчилсан намыг хилийн цаанаас удирдаж байна

5c6fca8ef1937Яг өнөөгийн байдалд Ардчилсан нам дарга С.Эрдэнийгээ магтсан, муулсан хүмүүсийн нэгдэл болж хувирчээ. Энэ талцалд аль тал нь хүчтэй байхаас хамаарч ирэх сонгуулийн үр дүн, гишүүдээ зангидах ажил хамаарах болчихоод байгаа юм. Үүнтэй зэрэгцээд өдгөө өөрсдийнх нь хэлж байгаагаар 180 гаруй мянган гишүүд дэмжигчтэй гэгддэг энэ намыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хилийн цаанаас удирдаж буй гэх мэдээлэл байна. Ингээд ярихаар тус намын дарга С.Эрдэнэ өөрийн гэсэн баггүй, хэн нэгний үгээр явдаг хүн үү гэж эгдүүцэх хүн гарч ирж магадгүй. Одоо тайлбарлая.
С.Эрдэнэ намын даргын тамга атгасан ч эрх мэдэлтэй байж чадах уу гэж хоёр жилийн өмнө би бичиж байсан. Гэвч тэр өнгөрсөн хугацаанд хангалттай эрх мэдэлтэй байж чадсангүй. Намын даргын сунгаанд журмын нөхөдтэйгээ “эвтэй тав” гэх уриатай оролцож, таван нэр дэвшигчийн хэн нь ч намын дарга болсон цаашид  хамтраад ажиллах болно гэж мэдэгдэж байсан ч сунгаа дуусаж, сонгууль болсны маргаашнаас шил шилээ харах болсон юм. Тухайн үед АН-ын удирдлагууд намын даргын сунгаа, сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл хийхэд зөвхөн “Шонхор” фракцийнхан хуралд сууснаас мөн сунгаанд өрсөлдсөн Д.Эрдэнэбатаас бусад гурван нэр дэвшигч “С.Эрдэнийг намын даргын сонгуулийг мөнгөөр худалдаж авсан учир дэмжихгүй” гэх мэдэгдэл гаргасан зэргээс харж болох юм.

 “Шонхор”-оос “Шонхор” фракцид намын даргын тамга шилжсэн учир АН-ын бусад фракц С.Эрдэнэтэй тохирох зайлшгүй шаардлага гарч ирсэн ч өнөө хэр учир зүйгээ олж чадаагүй яваа. Нэгэнт тохироонд ороогүй учраас намын гал тогоонд ажиллах “эрхээ хасуулж”, тойргийн гадна үлдсэн.
Гэтэл энэ бүхний цаана анхнаасаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Ерөнхийлөгч “Нэг Ардчилал” фракцынхныг дэмждэг байсан ч намын даргын сунгаанд өрсөлдсөн таваас хамтарч ажиллах хамгийн боломжит хувилбар нь С.Эрдэнэ байсан учраас ил, далдаар дэмжиж ялуулжээ. Нэг ёсондоо, ирэх сонгуулиар АН үнэмлэхүй ялалт байгуулбал Ц.Элбэгдорж “Шадар сайд” болох тохироотой улс төрийн холын нүүдлийг тэр Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буугаагүй байхдаа буюу 2016 оны сүүлч 2017 оны эхээр олж харсан гэсэн үг.
Хэдийгээр Ц.Элбэгдорж гадаадад байгаа ч Ардчилсан намын аппаратад хүмүүсээ байршуулж эхэлжээ. Түүнийг барина, хорино, шалгана гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарах үеэс тэр эргэн тойрон дахь хүмүүсээ намынхаа аппаратад багтаах болсон байна.

АН ДАХЬ ФРАКЦУУД “АМЬ” ОРОХ ЦАГ

Хэдийгээр АН фракцгүй болно гэж ярьж буй ч хөшигний цаана фракцуудтайгаа эв нэгдэлтэй байхгүй бол ажил урагшлахгүй. Өнгөрсөн парламентын сонгуулийн үр дүнгээр УИХ-д есөн суудал авсан АН албан тушаалын бялууг фракцууддаа эн тэнцүү хуваарилсан билээ. Сөрөг хүчний намын бүлгийн дарга гэдгээрээ УИХ дахь хамгийн том албан тушаалыг “Шонхор” фракц намын даргын сонгуульд өрсөлдөхгүй гэсэн тохироотой авсан ч хэлсэн, ярьснаасаа буцсан. Энэ нь бусад фракцын эгдүүцлийг төрүүлсэн билээ. Гэсэн ч энэ  болоод өнгөрсөн зүйл.
АН шинэчлэл хийж буй нь зөв ч мөнгөний сонгууль явуулж болохгүй, бодлого, хөгжил, гарц шийдэл ярьдаг нам болъё гэх саналыг намын лидерүүд нь гаргаж байсан ч С.Эрдэнэ өөрийн дүрмээрээ тоглосон нь шууд бусаар намаа хоёр хуваахад хүргэсэн. Нам ялагдчихаад байхад дотоод сонгууль явуулж дахин бужигнууллаа гэх гомдлын үгсийг намынх нь нөхөд түүн рүү чулуудах болсон.
Одоо “Нэг Ардчилал”, МҮДН, “Алтангадас” гээд намын даргын сунгаанд хүнээ сойсон фракцууд нягтрах, хамтрах шаардлага үүссэн байна. Хэрэв энэ гурван фракц хамтарч чадвал хүмүүсээ багцалж чадна. Үүнээс гадна МоАХ гэж том фракц АН-д бийг мартаж болохгүй.

С.ЭРДЭНЭ МОАХ-Д ӨРӨӨ ТӨЛСӨН ҮҮ

АН-ын даргын сонгуульд саналаа өгсөн 83 мянга гаруй хүний ихэнх нь 50-иас дээш насныхан байжээ. Өөрөөр хэлбэл, ихэнх нь МоАХ-ын партизанууд гэсэн үг.
С.Эрдэнэ МоАХ-аар дамжуулж, Э.Бат-Үүл, П.Цагаан нарын дэмжлэгийг авсан гэдгийг зарим эх сурвалж хэлдэг. Үүний цаана Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан гэх хардлага ч бий. МоАХ өнөөг хүртэл АН-ын массыг бүрдүүлсэн хэвээр байгаа ч энэ нь МоАХ-ын гишүүдийг хамарсан хамгийн сүүлийн сонгууль байсан. 50-иас дээш насныхан түлхүү сонгуульд оролцсоноос харахад 30 жилийн түүхтэй АН ахмадуудын нам ч юм шиг.
С.Эрдэнийн толгойлсон Ардчилсан намд одоо “Шонхор”, МоАХ гэсэн хоёр фракц л үлдлээ. Яагаад гэвэл энэ хоёр фракцын лидерүүд эрх мэдэлтэй, албан тушаалтай байгаа юм. “Шонхор”-т бусад фракцын лидерүүд бус гишүүд нь “элсэх” үзэгдэл явагдаж эхэлсэн. Энэ “нүүдэл” одоо ч үргэлжилж буйг дурдах хэрэгтэй. Эрх мэдэл хаана байна, хүч тэнд төвлөрдөг энгийн логик энэ намд үйлчилж буйг улс төр гадарладаг хэн бүхэн төвөггүй ойлгож байгаа биз ээ.

ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ ЧАДСАН УУ

С.Эрдэнэ дарга болсныхоо дараа намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж, Үндэсний зөвлөлдөх хорооныхоо нэрийг өөрчилж, гишүүдийнхээ тоог ч нэмсэн. Шат шатны намын байгууллагын гишүүдийн татварын хэмжээг тогтоож, мөнгөө төлөөгүйг нь хасдаг системд яг таг шилжээд байна. Өмнө нь тэр бүр “салхи оруулдаггүй” байсан хуучнаар Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнд одоо Үндэсний бодлогын хороо хоёр жилд нэг удаа ротаци явуулж байхаар тогтов. Гэхдээ сонгуулийн өмнөх жил ротаци хийхгүй. Энэ хорооны гишүүн жилийн гурван сая төгрөгийн татвартай. Нийслэлийнх 1.5 сая, дүүргийн намын  хорооны гишүүн 500 мянган төгрөгийн татвар төлөх хатуу хуваарьт шилжив. Татвар төлсөн, төлөөгүйгээс хамаарч ротацид явуулж байгаа ч гэж ойлгож болно.
Үүн дээр нэмээд УИХ-ын сонгуульд өрсөлдөх сонирхолтой хүмүүс 60, 100 сая төгрөгийн дэнчинг хоёрдугаар сарын 15 гэхэд намдаа өгөхөөр болов. Сонгуульд нэр дэвших сонирхолтой ч дэнчингийн энэ мөнгөн дээр “унаж” буй улстөрчид олон байгаа аж. Үүгээрээ С.Эрдэнэ улс төрд зөвхөн мөнгөтэй, нөлөө бүхий хүн орох боломжтой, боловсрол мэдлэгтэй нь тойргийн гадна үлдэх хэт харалган бодлого явуулах болов. Эцсийн үр дүнг сонгогчид АН-д өгнө. С.Эрдэнэ ирсэн шигээ буцна.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин


URL:

Сэтгэгдэл бичих