Д.Сосорбарам: Халуун зүрхний хайрыг минь хашиж битгий түгжээч

Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарамтай ярилцлаа.

-Та үсээ ямар урт ургуулаа вэ. Ямар нэгэн дүр бүтээхээр бэлдээд байна уу?

-Яг тийм. Зуу гаруй ангитай  сериал хийх гэж байгаа.  Энэ улс үндэстний түүхийг элдэв чимэггүйгээр, бодитойгоор нь гаргана гэсэн зорилготой юм билээ.

-Зураг авалт нь эхэлчихсэн юм уу?

-Төслөөрөө бол  нь энэ хавраас эхэлнэ. Үүнийгээ үндэсний эрх чөлөөний, олноо өргөгдсөний гэгддэг 29-ний өдөр Лу.Болд албан ёсоор  надад дуулгасан.

-Та ямар дүрд тоглох юм?

-Миний хувьд япончуудын хийсэн кинонд Чингэс хааны дүрийг бүтээх өмнөх мөрөөдөл минь унтарсан. Гэхдээ бүр биелээгүй гэж болохгүй юм. Б.Лхагвасүрэн гуайн зохиолоор хийсэн Баатар найруулагчийн бадрангуй эмгэнэлт драм болох “Атга нөж” жүжигт урилгаар Чингэсийн дүрийг бүтээсэн. Тэр дүрээрээ олон түмэнд хүрэхээс гадна Олон улсын  театрын өдрөөр тохиодог “Гэгээн Муза”-гийн эрэгтэй гол дүрийн шилдэг шагналыг авсан. “Лувсанвандан сан”-гийн    гоо зүйн дээд шагналыг авсан. Мөн  “Үлэмжийн чанар” гэх бүрэн хэмжээний цэнгүүн, “Атга нөж”-ийн Чингэсийн дүрд төрийн соёрхол олгосон. Миний бодлоор бол элдэв долоон шунал, янз бүрийн мөнгө тоолохгүйгээр яваад байхад ажил сайхан бүтэж байна ш дээ. Дэлхийн жишигт нийцсэн театртай болох төсөл эхэлчихсэн явж байна. Энэ төслийн хажуугаар ирэх жилийн бүтээлийн урилга ирчихсэн. Театрын төслийн хувьд Японтой хамтрах юм.

-Япончуудын хийсэн киноны  Чингэсийн дүрд яагаад тоглохоо больсон юм…

-Урьд нь бидэнтэй хамтарч ажилласан компани нь дампуураад нэг их мөнгөтэй якуза хүн гарч ирээд л тэр киноны санааг уургалж аваад  өөрснөө япон хүнээ тоглуулаад хийхээр болсон. Намайг  есөн өрлөгийн нэгд тогло гэхээр нь би татгалзсан. Яахав Чингэсийн дүрийг өөрийнхөө оюун санаанд шингээгээд л үлдсэн.

-Ямар ч байсан Чингэс хааныхаа дүрийг бүтээх мөрөөдөл тань энэ удаа биелэх нь ээ?

-Чингэс хааны дүрийг бүтээх мөрөөдөл минь  түрүүчээсээ биелсэн. Дахиад нэмж биелэх төлөвтэй байна. Чингэс хааны хэлсэн үг сургаалаас харахад дандаа оюун санааны зөв нөмөр нөөлгийг эрж хайж байсан хүн юм. Тэгэхээр оюун санаа руу нь л дөтөлж орох гэж зорьсон. Чингэс хааныг  төрөлхийн хутагт хувилгаадын увдис, бядтай хүн гэж би хараад байдаг юм. Зүгээр л сэлэм эргүүлээд дайн зарлаад байсан хүн биш. Энэ дэлхийн олон гүрнүүдийг өдөж дайн хийгээгүй. Өдсөнийг нь сөдөж өгч байсан. Сөдөхөөр барахгүй сөхрүүлж байсан эзэн хаантай юм билээ бид чинь. Жавхарлал Неру хэлэхдээ “Аугаа Александр Македонский, Напелеон нарын дайн самуун бол Чингэс хааны байлдан дагууллын дэргэд юу ч биш юм аа” гэсэн байдаг.

-Өөр ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байна?

-Уран бүтээлийн олз их ээ. Сүүлийн 20 жил амралт ая тух харалгүй ажилласан байна. Байгалийн театр гэдгийг нээсэн. 2006 оноос Баянхонгор аймгийн Баянлиг, Баянгол Цагаан агуй гээд  сүг зураг бүхий хадан дээр хоёронтоо очиж өөрийн тоглолтоо хийсэн. Нэг нь 1960-аад оны дуу шүлэг голлосон, нөгөөд нь “Үлэмжийн чанар”-аа тоглосон. Равдан гавьяат, дуучин Уянга нар оролцсон. Байгаль дэлхийг харъя гэсэн хүмүүсийг аваад явдаг. Америкийн зарим эрдэмтэд, Японоос хүмүүс ирж сонирхдог юм. Дараа нь Хамрын хийдэд очиж тоглосон. Орой нар шингэж байхад тоглолтоо эхэлдэг. Хөвсгөл далай өөрөө тайз, цаадах уул нь тайзны арын фон болдог. Долоон сард Хөвсгөлд тоглосныхоо дараа есдүгээр сард Дундговийн Их газрын чулуун дээр очиж тоглосон. Их газрын чулуу бол үнэхээр гайхалтай газар байсан. Тэнд тоглосны маргааш өглөө нь миний дуулж хуурдсан “Үлэмжийн чанар”-аа тоглосон буурин дээр цагаан эрээн могой ирж хоносон байна лээ. Цэрэндондов гэдэг өвгөн надтай 40-өөд минут хөөрөлдсөн. Тэнд 700 гаруй хүн цугласан. Манайхан чинь юм үзчихээд тарьсан хогоо цэвэрлэлгүй явчихдаг юм байна. Маргааш нь  байгаль орчны хамгаалагч тэр өвгөн ойр  хавийг нь цэвэрлэхдээ могойтой таарсан байна лээ. Тэгээд лус баярласан байна гээд найруулагч, оператор нарт ярьсан байна лээ. Одоо тэр тоглолтоо DVD болгож олонд хүргэх бодолтой. Цаад санаа нь гэвэл байгаль эх чинь амьтай. Энэ дээр амьдарч байгаа юм бол тэр амь амьдралыг нь хайрлая, өмөөрч өмөлзье. Гэр орон болсон байгаль дэлхий дээрээ аятайхан цэвэрхэн сууя л гэсэн ухаантай.

-Ойрд тавих бүтээл  бий юу?

-Байна. Хоёрдугаар сарын 18,19-нд МҮСТО-д “Алтан ураг” “Арга билиг”, “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн” гээд этник хамтлагуудын нэгдсэн гала тоглолт хийнэ. Би өөрийнхөөрөө Монголын этник, язгуур сонгодог урлагийн гэж нэрлээд байгаа. Энэ чинь Монголын сонгодог шүү дээ. Энэ тоглолтоор  монголчууд урлагаараа, ухаанаараа нэгдэж болдгийг харуулахыг зорьсон. Нөгөө талаар сар шинэ хэмээх улбаат сайхан баяраа энэ маягаар тэмдэглэж байя гэсэн шавыг нь тавиад өгчихье гэж бодсон. Залуучууд дуртай нэгдэцгээж байгаа. Тайз, гэрэл гээд бүх ажлууд эхэлчихсэн. Би ерөнхий найруулагчаар ажилласан. Энхгэрэл гэдэг хүүхэд бүжиг дэглээчээр ажиллаж байгаа. Алтайн магтаалыг жинхэнэ ном журмаар нь тавина. Цагаан сараар бид чинь жилийн заслаа хийлгэдэг ш дээ. Судлаачдын үзсэнээр бол их гүн утга агуулгатай байдаг юм байна. Цаашид Алтайн магтаалаар клип хийе гэж бодож байна. Жинхэнэ утгаараа Цагаан сар чинь монголчуудын сонгодог баяр. 1206 онд л Эзэн хаан Чингэс хаан ширээндээ заларсан. Усан морин жил мэндэлсэн хүн улаан барс жил Их Монгол Улсаа байгуулсан. Хаврын сар нь бар сар юм. Тэр бар сарын эхний өдрийг шинийн нэгэн гэж нэрлэе, энэ өдрөө нэгэндээ гомдлож туньснаа тайлдаг, хэлэлцдэг баяр болгоё гэж хэлэлцсэн юм байна лээ, түүхэндээ бол.  Монголчууд  өвөлжингөө бор хоолоо идэж, эрс тэс уур амьсгалдаа зохицон амьдарч энергиэ бор хоолноосоо авдаг байгаад хавар ханш нээгдэх үеэр буцаад тэрийгээ тайлж мацаг барьж, цагаан идээгээ  иддэг  байж. Харин 1206 оноос хойших үндэсний гол бодитой баяр нь Цагаан сар явсаар ирж. Коммунизмын үед шинэ жилтэй хольж хутгаж дөч тавиад жил явлаа. Тэглээ гээд гуйваагүй ганц үлдсэн баяр нь Цагаан сар юм байна. Энэ цагаан сараар нь Үндэснийхээ дуу бүжгийг ард түмэндээ хүргэдэг байя гэдгийн эхлэл буюу шавыг нь би тавьж байна. Энэ шав бол Их Монгол Улсын бие бие рүүгээ тэмүүлсэн тэмүүлэл, зөв эв нэгдлийн баталгаа болох юм аа.

-Хилийн цаана байгаа монголчуудаа хүрч ирэхийг урьсан Ерөнхийлөгчийн  санаатай  нэг юм аа даа?

-Тийм Ерөнхийлөгчийн хэлээд байгаа санаатай нэг. Би Ерөнхийлөгчид дуулгаж байгаа. Урьж байгаа. Ивээлдээ багтааж болгоогооч гэж.  Монголчуудын оюун ухааны орой, титэм нь болсон цэнгүүн болно гэж итгэж байгаа. Нөгөө талаас Цогтсайханы “Хонхны дуу”, “Рашаантын 18″ гээд олон сайхан дуу бий. Тэдгээр дуунуудыг нь хооронд нь сүлээд, дотор нь дүртэй болгоод UBS-ийн Б.Бадрал зохиолыг нь бичээд, хөгжмийн зохиолыг нь Алтанхуяг бичээд “Хонхны дуу” гэсэн монгол мюзикл хийе гэсэн. Хуучны хөгжимт драмаасаа мюзикл чинь ондоо. Төсөв хөрөнгө нь батлагдаад ажил нь эхэлчихсэн явж байна.

-Сүхбаатарын хөшөөг буулгана гээд нэлээд ярьсан. Тэр санаа тань  бүтсэнгүй ээ…

-Намайг зүхсэн зүхэлт, буруушаалт энэ тэр энд хамаагүй. Би бодохдоо энд цэлгэр талбай байлгаад л дэлхийн томчуудыг ирэхээр арын Чингэсийн цогцолбороор фон хийгээд асар олон DVD хийж дэлхийгээр цацах юмсан гэсэн л бодолтой байсан. Үндсэндээ урлагийн бүтээлийн хувьд ч он цаг, орон зайн хувьд ч хоорондоо зөрчилдөөд байгаа юм. Жанжин Сүхбаатарыг муулаад доош нь хийсэн юм бол үнэндээ алга. Жанжин Сүхбаатарыг цэргийн музей юмуу, Тасганы овоон дээр ч юм уу, Ардын намыг байгуулсан гэж байгаа бол намынх нь үүдэн дээр ч юм уу байлгаач ээ гэснээс ингээд гуйвуулчихна гэж санасангүй. Ер нь энэ бүтээлүүдийг уран бүтээлч хүн сэтгэж, бүтээж туурвидаг учраас үгүйсгэж болохгүй. Лениний хөшөөг ч тэр, Сталины хөшөөг ч тэр уран бүтээлч хүн л хийсэн. Уг нь түүх түүх чигээрээ байх учиртай. Нөгөө талаар хөшөөтэй дайн зарлаад байгаа юм биш улсын нийслэлд их нандин, цэгцтэй цөөн бүтээл байвал зүгээр.

-Ардчилсан намын идэвхтэй гишүүний хувьд саяын ҮЗХ-ны  хурлын талаар ямар бодолтой байна вэ?

-Би бол ҮЗХ-ны гишүүн ч биш, Ардчилсан намын гишүүн ч биш байсан.

-АН-д хэзээ элслээ?

-М.Энхсайхан намаас гараад, тогоо шанагаа хуваалцаад эхлэхээр өөрийн санаа бодлоо өмөөрч энэ намд элссэн. Нөгөө кинон дээр Балтын хэлдэг шиг “Намайг Ардын нам гэдэг шүү” гэдэг шиг “Намайг Ардчилсан намын гишүүн байсан гэж хэлээрэй” гээд үхэлтэй биш. Нэгэнтээ суурийг нь тавьсан, санаа бодлыг нь гаргаж ирсний хувьд явж байгаа. Айн Рид “Зөвшилцлийн Засгийн газар гэдэг бол фашизм” гэсэн байдаг. Тэрний баталгаа нь өнөөдөр гарч ирж байна. Ядуурал 35-40 хувь хүрчихлээ. Тэгэхээр тэд зөвшилдөөд улс орныхоо эрх ашгийн төлөө юм хийсэнгүй. Зөвшилцөж байгаад завшилцах гэж байгаад болохоо байгаад салав уу гэж хардаж байна. Би хардах эрхтэй. Яагаад хардах эрхтэй юм гэхээр үнэхээр Зөвшилцлийн Засгийн газар байгуулсан юм бол Оюу толгой, Таван толгой эргэлтэд орох учиртай. Үүнийг нь би дэмжиж байгаа. Эргэлтэд оруулахдаа эхлээд дэд бүтцээ шийдчих. Улаанбаатараас Таван толгой, Оюу толгой хүртэлх хар замаа, хурдны замаа эхлээд тавьчих тэгэх үү, Айвенхоу майнзынхаан. Энэн дээрээ гэрээгээ хийе. Тэгээд та нар тэнд суурин байгуул, тэрний зураг төслийг нь гаргаж байгаад наанаа ух. Тэгэх учиртай. Энэ улс үндэстэнд аятай тухтай амьдрах боломжийг бий болгоё гэж хүний нүнжигтэй хандсан бол энэ Засгийн газарт итгэх ёстой. Тэгтэл тэгээгүй. Тэгээгүй болохоор тэнд бөөн хар тоос босч байгаа. Тэд ийм бодлого явуулж чадсангүй, чадах чадвар ч үгүй юм байна. Харин тэд ондоо бодолтой буюу нийлж завших бодолтой хүмүүс байсан байна гэж дотроо би дургүйцэж байна. Засгаас гардаг нь зөв. Өчигдөр орой зурагтаар харж байхад одоо л сөрөг хүчинтэй мэт уур амьсгал төрж байна. Уг нь анхнаасаа Ардчилсан нам энэ зөвшилд оролцохгүй гээд хүчтэй сөрөг хүчин байх боломж байсан. Хүчтэй сөрөг хүчин байгаад хөшүүрэг хийгээд саяын хэлсэнчлэн “Наанаа эхлээд дэд бүтцээ шийд, наад улс үндэстнээ битгий цөлжүүлчих. Дэлхий угаасаа цөлжиж байхад” гээд дуугарч байх ёстой. Жирийн жүжигчин, мунхаг миний бодлоос дор ухаантай улс  төрчид байна гэхээр ямар увайгүй юм гэж л харж байна.  “Сонгогчид нь ямар байна. Депутатууд нь тийм байна” гэж Михайл Задарнов хэлсэн. Аль 1800-аад оны үед Достоевский “Ямар ард түмэн байна тийм төр байна гэж” бас хэлсэн. Тэгэхээр сонгож байгаа бид ч өөрөө буруутай. Долдугаар сарын нэгний үйл явдал болсны дараа ҮЗХ хуралдаад тэр хурал дээр нь би ҮЗХ-ны гишүүн биш ч гэсэн өөрийн эрхгүй яваад оччихсон юм. ҮЗХ дотор өрөвдмөөр амьтад байдаг юм байна лээ. Гишүүдийн ярьж байгааг сонсоод би гутсан. Тэр үед би “Ээ чааваас” гэж бодоод огиудас хүрсэн. Үг хэлэх эрх би авсан. Яагаад гэвэл энэ намын тулгын чулууг ивэлцсэн учраас. “Одоо ингээд яв. Хувьсгалт намын бэлтгэл хүчин болоод яв зайл” гээд хэд хэдэн хүний нэрийг би цохож хэлсэн. Тэгсэн “Таныг хүндэтгээд үг хэлүүлж байхад доромжиллоо” гэсэн. Тэгэхээр нь Н.Алтанхуяг даргатай шатан дээр таараад анхааруулж үг хэлсэн. Одоо яасныг нь хар л даа. Н.Алтанхуяг нь байна уу, С.Батболд нь байна уу хамаагүй энэ хэд бие биенийгээ ямар үгээр хэлэх нь хамаагүй. Жинхэнэ “алуулж” байгаа нь эдний аманд яригддаг ард түмэн байхгүй юу. Гишүүд, зарим нэг  билиг авьяастай гэгдэх хүмүүс миний ард түмэн гээд яриад эхлэхээр нь би энэ юу хийж алах гэж байгаа бол гэж харддаг. Хэдий чинээ ард түмэн гэж ярина, төдий чинээ худалч байдаг.

-Засгийн газрын гишүүн УИХ-ын  гишүүн байдгийг  өөрчилье гэж Ерөнхийлөгч санал гаргаад МАН-ынхан хүлээж авсангүй өөрсдөө шийдчихлээ л дээ…

-УИХ-ын гишүүдийг хууль батал гэсэн болохоос гүйцэтгэх ажил хийгээд яв гэж хэн сонгосон юм. Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн тусдаа л байх ёстой. Тэр бүү хэл Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн биш байх ёстой  байхгүй юу. Харин Засгийн газарт нь аж ахуйн талын хурдтай  мэдрэмжтэй чадалтай хүмүүс орж ажиллавал сайн байгаа юм.

-Жанцанноров гуай та хоёрын тухайд асуумаар байна. Нас намба суусан хоёр том уран бүтээлч чухам яагаад ингэж муудалцаад байгаа юм бэ?

-Ганц Жанцанноров гуай биш ээ цаагуур нь хийснийгээ мэрж иддэг хүмүүс байна. Жишээлбэл Жанцанноровын ажилч хичээнгүй чанар, сайхан аялгуу зэргийг нь үгүйсгэсэн хэрэг бол биш. Миний  хувьд Жанцанноровт тийм ааш зохихгүй гэж бодож байсан. Тэгж хүндэлдэг байсан болохоор түүний хөгжмийг Чойномын тухай бүтээлдээ оруулж байсан. Өөрөө ч баярласнаа илэрхийлж байсан. Уран бүтээлийн хамтрагчид байсан. Насаар бол надаас арав гаруй ах. Ах хүн намбатай байх хэрэгтэй л дээ. Зарим бүтээлүүдээ юмнуудаас туусан юм бол бий. Тэрнийг нь би мэднэ. Тиймээс би тэднийг нь үгүйсгэнэ. Мандухайг үгүйсгэж болохгүй. Аргагүй төрийн шагнал авах ёстой бүтээл. Бидний хооронд яагаад ан цав гарав гэхээр овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж. Би бол бусдыг өдөж явдаг хүн биш. Өдвөл харин сөднө. Нямдорж гуайн хэлснээр “Хурууны минь хээ хувиршгүй, алганы минь хээ арилшгүй минийх ээ, минийх”  гэж. Тэгэхээр миний хээ угалзыг эвдэх гээд хэрэггүй л дээ. Сая “Алтан Өд” гээд наадам боллоо. Уг нь тэд чинь Монголын оюун санааны түүчээ болж явах учиртай хүмүүс биз дээ. Цаг гучин минутын дараа эхэлдэг юм байна тэр ажил нь. Оосор бүчгүй цагаан өргөө гээд л нүгэлтэй худлаа ярих юм. Хаан амар хатан суудал ч гэнэ үү. Тэрнийгээ тэд чинь яруу найраг гэж боддог юм байна. Тэр орой жаахан ширүүн загнаад уйтай гарсан. Улаанбаатарын утаа шиг урьд нийгмийн утаандаа баригдчихсан хэдэн хүн л сууж байна лээ тэр дотор.

-Жанцанноров гуайн хувьд төрийн шагналыг авторууд л авдаг, гүйцэтгэгчид авдаггүй гэсэн юм л ярьсан байсан?

-Нарийндаа бол жүжигчин дуучин хүмүүсийг гүйцэтгэгч гэдэггүй. Цаазын ял авахад гүйцэтгэнэ гэж байдаг. Шүүхийн шийдвэрээр ялыг гүйцэтгэдэг. Үнэхээр гойд содон дахин давтагдашгүй бүтээлүүдийг хийсэн хүмүүст аль салбар гэхээсээ үл хамаарч төрийн шагнал авах ёстой. Би “Үлэмжийн чанар”-аа давтагдахгүй гэж бодож байна. “Үлэмжийн чанар” гэдэг дуугаа дангаар биш бүтэн хоёр цаг гаруйн тоглолтоо бүтнээр нь авч үзвэл давтагдахгүй. Буцаагаад та нарын түүхий эдийг би борлуулдаг гэж хэлж болно ш дээ.  Явуухулан гуай “Хар ус  нуурын шагшуурга” гэдэг дууныхаа тухай “Яруу найрагч Явуухулан, дуучин Зангад гуай хөгжмийн зохиолч гурвын санаа нийлж байж сая “Хар ус нуурын шагшуурга” гэдэг бүтээл гарч байгаа юм” гэж хэлсэн байдаг. Уран бүтээлээсээ өмнө бүтээгчид нь байдаг. Одоо жинхэнэ чадвараа гаргасан юм хий л дээ. Нацагдорж шиг симфони бичихгүй юу. Хангал шиг, Билэгжаргал шиг. Тэгвэл би Жанцанноровт баяр хүргэнэ. “Чи миний шүүсийг шахаж байж юм гаргалаа шүү” гэж надад баярлана. Би хэдэн сайхан хөгжмийн зохиолч андтай байлаа. Тэд маань ихэнх нь залуугаараа явчихлаа. Хангал, Нацагдорж, Билэгжаргал, Чинзориг гээд хэдэн нөхөд минь. Тухайн үеийн удирдлага нь дарж боож байсанд ихэд харамсч ярьдаг байж билээ. Чинзоригийн ая, Банзрагчийн шүлэг “Үнэн, худал хоёрыг өөрөө ч мэдэхгүй хорвоо, Өнчин зүрхний хайрыг минь өшиж битгий боогооч, Хатуу зөөлөн хоёрыг хаашдаа ч мэдэхгүй хорвоо минь, Халуун зүрхний хайрыг минь хашиж битгий түгжээч” гэсэн сайхан дуу, Билэгжаргалынхаа аяыг нь хийсэн нэг дуутай хамт би цоо шинэ бүтээл болгон  бичүүлж, дуулах  гэж байгаа. Яг одоо ч би “Халуун зүрхний хайрыг минь хашиж битгий түгжээч” гэж хэлмээр байна.

-Дуучин Болдыг төрийн шагнал авахад нэлээд шүүмжлэл дагалаа…

-Төрийн шагналыг олон жил ажилласан, олон жил амьдарсанд нь өгдөг шагнал биш гэдгийг сая харуулчихлаа. Залуу насан дээр нь, хийж бүтээж байгаа үед нь өглөө.  Болдод би баярлаж байна. Төрийн шагнал авахдаа намайг урьсан. Намайг клипэндээ тоглохыг урьсан. Клипнийх нь зохиол таалагдсан. Бас киноноос гадна Болдын клипэнд зориулж үсээ ургуулж байгаа шүү, нээрээ. Хүүхдүүдийнхээ энэ бүтээлч хандлагад баяр хүргэн, урам өгөх ёстой. Балхжав Болдыг төрийн шагнал авахад нь “Миний дуунуудыг дуулдаг юм ш дээ. Ямар гоё юм бэ” гэж өөрөө авсан юм шиг баярлаж  байсан. Ийм л байх ёстой байхгүй юу. Хөдөлмөрийн баатраас бусад бүх медалийг энгэртээ гялалзуулдаг нэг өвгөн байдаг юм.  Тэр хүн орой 23 цагт хүүхдээрээ утасдуулж байна ш дээ. “Болд төрийн шагнал авчихлаа. Та юу гэж үзэж байна” гэж. “Надад ямар хамаатай юм. Би яахаараа мэдэх ёстой юм” гээд уурлангүй утсаа салгачихсан. Тэр хүүхэд нь тэгж утасдана гэж байхгүй. Унтаж чадахгүй нойр нь хүрэхгүй, даралт нь ихсээд, зүрх нь салгалаад хүүхдэдээ “Чи явж сурагла” гэж байгаа тийм л инээдтэй дүр зураг харагдаж байгаа юм. Зүгээр л өтөл л дөө, зүгээр л хөгшир  л дөө. Эдний ингэж зөнөхийг хараад би харин ингэж зөнөхгүй юм шүү гэж бодож байгаа. Намайг доош нь хийж байсан бүхэн намайг дээш нь босгож ирсэн байхгүй юу.

Д.МӨНГӨНДАЛАЙ


URL:

Сэтгэгдэл бичих