Аяллын хөлөг онгоцонд сууж явсан хүмүүсээс коронавирус илэрчээ

5e3a30e0493efЯпоны Канагава мужийн Ёкохама хотын ойролцоо хөл хорионд орсон аяллын хөлөг онгоцны тавцан дээрх 10 хүнээс Хятадын Ухань хотод анх дэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдвар илэрсэн талаар Японы Эрүүл мэндийн яам лхагва гарагт мэдээлжээ.

“Diamond Princess” нэртэй аяллын хөлөг онгоцны тавцан дээр 3700 орчим хүн байгаа бөгөөд уг онгоцоор зорчсон Хонконгийн 80 настай оршин суугчаас анх коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин илэрсэн байна.

“Уг зорчигчтой ойр байсан 273 хүнээс коронавирусний шинжилгээ авсан. Тэдгээрээс 31 хүний шинжилгээний хариу гарснаас 10 нь вирусээр халдварласан байсан. Тэднийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд ноцтой шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй” гэж Эрүүл мэндийн сайд Кацүнобү Като мэдээлжээ.

Японы Засгийн газар уг хөлөг онгоцон дээр байгаа 56 улс орон, нутаг дэвсгэрийн иргэдийг лхагва гарагаас эхлэн 14 хоногийн турш тусгаарлахыг үүрэг болгожээ. Халдвар авсан Хонконгийн оршин суугч өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур Токиод ирж, дээрх хөлөг онгоцонд 20-нд сууж, 25-нд Хонконгт буусан байна.


URL:

Сэтгэгдэл бичих