Коронавирусийн халдварын тоо бараг 20,000 хүрч, Америкийн мэргэжилтнүүдийг Хятадад
Хятадын эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр өнөөдөр өглөөний байдлаар шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо эх газрын Хятадад 19,668 хүрч, нас барсан хүний тоо 425 болжээ.
Үүн дээр Хятадын гадна бүртгэгдсэн тохиолдлуудыг нэмбэл дэлхий даяар нийт 19,852 хүн халдвар авч, 426 хүн нас бараад байна.
Шинэ коронавирусийн тархалт удаашрах шинжгүй байгаа тул Хятадын эрх баригчид АНУ-ын мэргэжилтнүүдийг ирүүлэхийг зөвшөөрсөн тухай Вашингтоны албаныхан мэдээлжээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жадд Диир “Манай экспертүүдийг ДЭМБ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаан шинэ вирусийг судлуулахаар илгээхийг Хятадын засгийн газар зөвшөөрлөө” гэж өчигдөр орой мэдэгдсэн байна.
Өчигдөр Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч АНУ-ыг коронавирусийн гамшигт хэт эмзэг хандаж, нөхцөл байдлыг санаатай хүндрүүлж байна гэж шүүмжилсэн юм. Өнгөрсөн долоо хоногт Вашингтоны засаг захиргаа сүүлийн 14 хоног Хятадад зорчсон гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх хориг зарласантай холбогдуулан ийм мэдэгдэл хийсэн байна.
Тэгвэл АНУ-ын Халдварт Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх Төвийн захирал Нэнси Мессониер хилийн хориг тавьсан шийдвэрийг “АНУ-ын нутаг дэвсгэрт вирус нэвтрэх явцыг удаашруулсан, шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээ” гэж хариу тайлбарлажээ.
Хэдийгээр АНУ-д халдвар авсан хүний тоо харьцангуй цөөхөн байгаа ч 2009 онд H1N1 ханиадны вирус тарж байсан шиг гамшиг тохиолдохоос сэргийлэн шаардлагатай бүх арга хэмжээг авч, бэлтгэлтэй байгааг тэр хэлсэн байна.
Одоогоор АНУ-д шинэ коронавирусийн 11 халдвар бүртгэгдээд байгаа. Тэдгээрийн хоёр нь хүнээс хүнд халдсан тохиолдол байна.
https://ikon.mn/n/1sbn?fbclid=IwAR2gXsuQ2oUkxuUmZBoueNa7sn3MuBNWWjP6_Syfikg_jGqMm8lUT1EmM_A
URL: