Цор цорын хариу
УИХ-ын гишүүн Д.Дондог саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа намын даргаа шүүмжилж цор цор хийлээ. Тэрээр сайд болох санаатай явж. 30 гаруй жил энэ намын сайн, мууг үзсэн юм чинь одоо сайдын албанд очих цаг болж, ээлж ирсэн байлгүй хэмээн горьдож байжээ. Тэгсэн хайртай намынх нь олигархи дарга түүнийг ойшоосонгүй.
Намд олон жил ажилласан, албан тушаалгүй өдий хүрсэн зэрэг нь С.Батболд даргад огтхон ч сонин санагдсангүй. Өөр өнгөлөг, мөнгөлөг залуусыг сонгож, сайдын томилгоо Д.Дондог гишүүнээс холуур өнгөрөв. Гэвч тэрээр сайд болмоор байгаагаа илэрхийлж, намаасаа гарсан шинэ сайд нараа ямар ч туршлага мэдлэггүй, С.Батболдын далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд ордог нөхдүүд хэмээн миалав. Харин өөрийгөө бүлэг фракцгүй, намдаа цавчуулсан хөөрхийлөлтэй хүн хэмээн өрөвдүүллээ. Үүгээрээ намынхаа хийсэн томилгооны үнэн нүүр царайг илчлэн гутааж, намын даргаа шүүмжилж байгаа хэрэг.
Уг нь Ху намынхан түүхэндээ даргаа шүүмжилж үзээгүй. Намын дарга Н.Энхбаяр байхад түүнийг шүүмжлэх нь битгий хэл муухай харах эрхгүй, бөгсийг нь долоочих шахам урд хойно нь бөхөлздөг. Алдаа гаргавал “алгадуулчихъя” гээд хацраа өгдөг байсан гэдэг. Ер нь энэ намын үе үеийн дарга нар агуу их дарангуйлагч байсан. Юм л бол ширээ шааж боссон ширүүн дарга нар байлаа. Даргын өөдөөс үг хэлбэл өчиггүй “цавчуулна”. Бүр амь насанд нь ч цөвтэй юм болж магадгүй. Тийм учраас Ху намынхан даргын өөдөөс өрвөлздөггүй байжээ.
Одоо өөр болсон байна. Аргагүй зөөлөн дарга нар энэ намын толгойд гарчээ. С.Батболд ч угаасаа зөөлөн либерал хүн юм. Гишүүддээ хүүхэд шиг загнуулаад дуугүй сууж байдаг. Бүр зарим нэгэнд нь бүлгийн хурлаасаа хөөгдөнө. “Яв зайл” гэхэд нь “Явсан ч яадаг юм” гээд жижгэрч суудаг номхон тэмээ шиг хүн гэнэлээ. Тиймээс намын гишүүд нь элэг барьдаг бололтой. Д.Дондог гишүүн ч шүүмжлэхээсээ айсангүй. Гэхдээ МАН-ын дарга С.Батболд энэ удаа яаж дуугуй өнгөрөхөв мөчөөгөө өгсөнгүй. Цор цор хийсэн Д.Дондог гишүүнд “Зууны мэдээ” сониноор дамжуулан өчигдөр хариуг нь барилаа. Тус сонины арын нүүрэнд Д.Сайнбаяр гэдэг хүний зурагтай “Өрөө төлнө үү” гэсэн зар гарсан байна.
Д.Сайнбаяр Б.Ууганцэцэгт 40 гаруй сая төгрөг өгөх ёстой юм гэнэ. Д.Сайнбаяр бол Д.Дондог гишүүний туслахаар ажиллаж байсан нэгэн. 2008 оны сонгуулиар сурталчилгааны мөнгө олох гэж Д.Дондог гишүүнтэй хамтарч залилан хийсэн нөхөр гэж байгаа. Тэгэхээр сониноор ил тод нэхэгдээд байгаа 40 сая төгрөг бол тэдний залилж авсан мөнгөний үлдэгдэл гэдэг нь тодорхой.
Д.Дондог гишүүн өнгөрсөн сонгуулийн үеэр туслах Д.Сайнбаяраараа зуучлуулж, нэгэн компанид газар авч өгнө хэмээн амлаад олон зуун сая төгрөг халаасалсан гэдэг. Ийм маягаар олсон 150 сая төгрөгөө сонгуулийн кампанит ажилдаа зарцуулж, одоогийн парламентад суух эрх олсон гэх. Гэвч энэ хэрэг нь сөхөгдөж Д.Дондог гишүүн дээлээ нөмөрчих шахсан билээ. МАН-ын нэр нүүрээр л “аавын” хаалга татчихалгүй өдий зэрэгтэй яваа гэхэд болно. Тэгэхээр сайдын суудал өгсөнгүй гээд гомдоод, шүүмжлээд байх эрхгүй. Үнэндээ намынхаа ачаар 150 сая төгрөг төлөөд л амь аврагдах шиг болсон. Ингээд бодохоор Д.Дондог гишүүн сайдын суудал нэхэх нь битгий хэл насаараа нам, дарга хоёроо шүтэж амьдрах ёстой бололтой. Улайм цайм гэмт хэрэгтнийг төрийн түшээгээр үлдээсэн нь аргагүй МАН-ын гавьяа биш гэж үү.
Тэгтэл Д.Донцог намынхаа ачийг мартчихаад даргынхаа өөдөөс цор цор гэх нь тэр. С.Батболд дарга яахав дээ. Өт хүртэл биедээ хүрэхээр атирдаг юм хойно. Ачийг нь мартчихаад давраад байгаа Д.Дондог гишүүнд сануулах гэж Д.Сайнбаярын өрийг сониноор нэхүүлэв бололтой. Д.Сайнбаярын ор Д.Дондог гишүүнийх л гэсэн үг. Тэгэхээр МАН-ынхан Д.Дондог гишүүнд шаггүй хариу өгсөн байгаа биз. Хэрэг хуучирдаггүйг сануулангаа нүнжигтэй байхыг хүсээ юм болов уу даа.
М.ИВЭЭЛ
URL: