Д.Баясгалан: Иргэдээр эм, тариа авахуулдгийг зогсооно

vRZEmC1ZgMH2SRpYz7v3-smallЭрүүл мэндийн даатгал төлөгч иргэн улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 300,000 төгрөгний хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлдэг байсан бол энэ  сарын 01-нээс эхлэн 400.000 төгрөгийн суурь тарифаар тооцож хөнгөлөлт авах боломжтой болов. Ингэхдээ даатгуулагчийн өвчний оношоос хамаарч ялгаатай байх бөгөөд хамгийн дээд тал нь 1.682.000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх юм байна.

Харин хувийн хэвшлийн эмнэлэгт хэвтэхдээ 175.000 төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол одоо эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын хэмжээ 225.000 төгрөгөөр нэмэгдэж суурь тариф 400.000 төгрөг болж улсын эмнэлэгийнхтэй ижил болжээ.

Энэ талаар ЭМДEГ-ын дарга Д.Баясгалан “Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс улс даяар Эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлж байгаа хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний үнэ тарифийг 30 орчим хувиар нэмэгдүүлж байна.

Эмнэлэгийн байгууллагад хамгийн хүндрэлтэй асуудал бол эрүүл мэндийн санхүүжилтийн асуудал байлаа. Санхүүжилт гарч байгаа зардалдаа хүрэхгүй байгаа учраас ард иргэдээр эм тариа авахуулах асуудал байдаг. Үүнийг таслан зогсоох зорилгоор үндэсний зөвлөлийн шийдвэр гараад улс даяар мөрдөгдөж байгаа хэвтэн эмчлүүлэх үнэ тарифийг 400 мянган төгрөгөөр баталж байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгуулагч болон даатгалын байгууллага төлнө гэсэн заалт байгаа. Тэгэхээр даатгалын байгууллагын зүгээс эрүүл мэндийн байгууллагад өгч байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний оношийн бүлгийн санхүүжилтийг нэмэгдүүлж байгаа.

Оношийн бүлгийн санхүүжилтийг өмнө нь байснаас олшруулж 330 бүлэгээр санхүүжилт хийгдэнэ. Мөн өмнө нь эрүүл мэндийн даатгалын байгууллагаас хувийн хэвшил болон төрийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлэхэд өөр үнэ тарифтай байсан. Одоо бол хэвтэн эмчлүүлэх үнэ тарифийг ижил түвшинд авчирч байна. Ингэснээр ард иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж чанар дээшилнэ гэж харж байгаа.

 Улсын болон хувийн эмнэлгийн даатгуулагчаас гарах төлбөрийн хэмжээг эцэслэж тогтоогоод хэрэгжүүлж байна. Энэ тогтоол оношийн бүлгийн санхүүжилтээр явна.

Эрүүл мэндийн даатгалын орлого, зарлагыг тэнцүүлээд тэгш хүртээмжтэйгээр иргэддээ зарцуулах чиглэл барьж байгаа. Энэ жилийн төсвийн хувьд өнгөрсөн жилийнхээс 20 орчим хувиар нэмэгдсэн. Тодруулбал 506.5 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулна” гэв.

Оношийн бүлэг гэж юу вэ?

Уушгины хатгалгаа болон ходооны үрэвсэл өвчин нь өөр өөр оношийн бүлэг аж. Өөрөөр хэлбэл 330 орчим нэр төрлийн оношоор санхүүжилтийг өөр өөр аргачлалаар бодож гаргасан байна. Зарим өвчин их зардалтай байдаг. Тухайлбал мухар олгойн хувьд хүндрэлгүй бол зардал бага гардаг. Харин үрэвссэн олгойд их зардал гардаг байна. Иймд даатгалаас гарах санхүүжилтийн хэмжээг өөр өөрөөр тусгасан аж.

Мөн эрүүл мэндийн байгууллагуудад даатгуулагчдад уламжлалт эмчилгээ,сувиллын тусламж үйлчилгээ,сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 110.000-117.000 төгрөг олгодог байсан бол энэ тариф мөн нэмэгдэж тусламж үйлчилгээ тус бүрт 250.000 төгрөг олгож эхэлсэн байна.

 Энэ тухай ЭМДЕГ-ын бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэн “Төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн сан ч бай иргэд тусламж үйлчилгээ авахад нь эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг хасаад олгодог. Эрүүл мэднийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг нь эрүүл мэндийн байгууллагад өгөөд явдаг зохицуулалттай. Хоёрдугаар сарын 1-нээс хувийн болон төрийн хэвшлийн эмнэлгийн үнэ тарифийг ижил болгосон тогтоол хэрэгжиж байна.

Зөвхөн хэвтэн эмчлүүлэх биш рашаан сувилал сэргээн засах сувиллын үнэ тариф ижил болсон. Тэгэхээр рашаан сувилалд үйлчлүүлэхэд даатгалын сангаас 110 мянган төгрөг олгодог байсан бол хоёрдугаар сарын 1-нээс 250 мянган төгрөг олгохоор болсон. Уламжлалтын эмчилгээнд 117 мянган төгрөг олгодог байсан бол 250 мянган төгрөгийг хэвшил, өмчийн хэлбэр харгалзахгүй олгоно” гэлээ

 Ингэснээр даатгуулагчид зөвхөн улсын эмнэлгийн орны оочер дараалал хүлээх шаардлага багасч хувийн эмнэлгүүдээс сонгон цаг алдалгүй хэвтэн эмчлүүлж боломжтой болжээ.

Дашрамд мэдээллэхэд Эрүүл мэндийн даатгалын хуулинд зааснаар шимтгэл төлөх хугацааг зааж өгсөн байдаг. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, оюутан сурагч, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд хагас болон жилээр даатгалын шимтгэлээ төлнө. Ажил, хөдөлмөр эрхлэгч иргэд сар бүр төлөх бол төрөөс шимтгэлийг нь хариуцдаг даатгуулагчдын шимтгэлийг төрөөс эрүүл мэндийн даатгалын санд сар бүр шилжүүлнэ гэж заасан.

 shuud.mn

Г.Сүрэн


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих