Зарчмаасаа гажсан шүүгч, прокурорууд салбараа улстөрчдийн гарт алдаж байна

gart-aldsan“Хаана байна, тэр шударга ёс чинь” гэсэн асуултыг сүүлийн жилүүдэд иргэд байнга тавих болсон. Зуун мянган төгрөгийн эд зүйл хулгайлсан иргэн 5-7 жилийн авч байхад, улсын төсвийн хөрөнгийг тэрбум тэрбумаар нь хулгайлсан улстөрч авлига, албан тушаалын хэргээ ганц хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад л “Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан” гэх мэт шалтгаанаар хэрэгсэхгүй болгочихож байгаа цаг үед иргэд “Хаана байна, тэр шударга ёс чинь” гэдэг асуултыг тавихгүй гээд ч яах билээ.

Авлигын тогтолцоо Монголд бодитоор бий болж, авлигын гинжин хэлхээ улсын төсвөөс 11.9 их наяд төгрөгийг залгисан байхад хууль хяналтын байгууллагууд ихэнх хэргийг хэрэгсэхгүй болгож, зарим хэргийг хэрхэн шийдэх нь тодорхойгүйгээр “архивласан” байгаа. Дуулиант авлигуудыг сөхөн сануулахад:

1.Стандарт” банкны өрийг Засгийн газар төлж, Ш.Батхүү цагаадсан

2. “Хүргэн” Г.Дэнзэнгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан

3. Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэрэг хэрэгсэхгүй болсон

4. Оймсондоо 10 доллар нуусан МХЕГ-ын газрын дарга Н.Баярсайханы дуулиан мөн хэрхэн шийдэгдэх эсэх нь тодорхойгүй байгаа Ерөнхий сайд асан  Ч.Сайханбилэг, С.Баяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гээд цагтаа Монголын төрийн өндөр албан тушаалуудыг хашиж байсан хүмүүсийн нэр холбогдсон авлигын дуулиан нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргэхэд ихээхэн нөлөөлж байгаа.

Хэргийг үнэн зөвөөр шийдэх эсэх нь мөрдөн байцаалтын явц, прокурор, шүүгчдийн мэдлийн хэрэг боловч, хуулийн байгууллагын энэхүү шаталсан тогтолцоонд авлига нүүрлэж, хэрэг шийдвэрлэх чадамжгүй болчихсон ойлголтыг 2018 онд Шүүхийн салбар харуулсан юм. Тэрбумын хөрөнгө орлоготой шүүгчдийн тухай мэдээ нийгмийн бухимдлыг ихээхэн өдөөж, энэ салбарын нэр хүнд хэзээ сэргэх нь тодорхойгүйгээр унасан.

Салхитын мөнгөний ордын дуулианы сургаар бүрэн эрхээ түтгэлзүүлсэн 17 шүүгчийн 10 нь “асуудалтай” буюу “авлигачин байж болзошгүй” ангилалд багтсан хэвээр байгаа энэ мөчид өнөөдөр (2020.02.03) Төрийн ордонд “Ноёд” группын захирал Г.Буяндорж мэдээлэл хийж “100 мянган ам.доллар нэхсэн прокуроруудыг нэрлэв. Г.Буяндорж нь Ноён компаниа С.Билэгтэд алдсан хэмээн гомдол гаргаж, С.Билэгт, Г.Буяндорж нарын “хөтлөлцсөн” маргаан 2014-2015 онд тухайн үедээ асуудал багатай нийгмийн гол сенсааци болж байсан юм.

Г.Буяндорж авлига нэхсэн прокуроруудаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Халиун, Баянзүрх дүүргийн Ерөнхий прокурор Ц.Батболд, УЕГ-ын прокурор Ж.Сандагсүрэн нарыг нэрлэж байна. Тэдэн дээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Алтанцэцэг нэрлэгдсэн байгаа.

Хэрэг хуучирдаггүйн жишгээр Г.Буяндорж өнөөдөр баримтаа бариад Төрийн ордонд орж иржээ. Хуулийн байгууллага нь хуулийн байгууллага шиг байсан бол энгийн нэг бизнесмэн Төрийн ордноос прокурор шүүхийнхний шившгийг тарих гээд улс төрийн тайзан дээр гарч ирэхгүй байсан биз ээ.

Хуулийн байгууллагад нүүрлэсэн гаж тогтолцоо, хувь хүмүүсийн шунал салбарын нэр хүндээ шалд нь унагахад нөлөө үзүүлэх нь тодорхой. Тэд салбарынхаа хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад зогсохгүй Прокурорын байгууллагыг шүүгчдийн нэгэн адил улстөрчдийн гарт улам гүнзгий хийж орхих шиг боллоо. Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг таамаглахад эрт байна. Гэхдээ хуулийн байгууллагын зарим авлигачин түшмэдийн алдаа популист улстөрчдийн дэвхрэн гарах хамгийн том тайз болчихоод болж байгаа юм.

Улстөрчид үргэлж иргэдийнхээ сэтгэл хөдлөл дээр  тоглолт хийцгээдэг.  Одоо тэд прокурорын шударга биш ажиллагуудыг сөхөн нийгэмд цувралаар гарган,  олон зуун мянган хүний эмзэг мэдрэмж болох сэтгэл хөдлөл дээр тоглох болно. Иргэдийн айдас, итгэл найдвар дээр тоглох орчныг прокурорууд өөрсдөө бэлтгэж, баримтаа задруулж байгаа нь Монголын хуулийн байгууллагад нүүрлэсэн эмгэнэлт үйл явдал.

Үүнээс даган гарах таагүй үр дагаварыг шударгаар ажиллаж байгаа прокурорууд болон нийгэм, иргэд нуруундаа үүрэх нь гунигтай.

Д.ОТГОО

https://updown.mn/108818.html


URL:

Нэр: hi Огноо: 4 February 2020

хууль шүүхийнхэн дотор сайн ч бий муу нь ч бий. яагаад хууль шүүхийн систем рүү дайрах болов энэ хэнд ашигтай вэ, баахан өр зээл тавиж байгаад банк дампууруулдаг жишээ шиг баахан гэмт хэрэг хийчихээд хууль шүүхийнхэн рүү дайрч байх шиг

Сэтгэгдэл бичих