Б.Батсайхан: Нэг посмашинаас гарсан зуу гаруй баримтыг уншуулсан худалдагчдыг шалгаж байна

Yүрэн телефоны компанийн оператор 346 сая, шатахуун түгээх станцын ажилтан 73 сая төгрөгийн баримтыг нэг өдөр уншуулжээ

unnamed

Нэг газраас олон дахин худалдан авалт хийсэн иргэний НӨАТ-ын буцаан олголтын хэмжээ багассан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар Татварын ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайханаас тодрууллаа.

-Зарим иргэний буцаан олголтын хэмжээ багассан гэдэг үнэн үү?
-Энэ онд 911707 иргэнд 146.1 тэрбум төгрөгийг буцаан олгох тооцоо гарсан. Эдгээрээс 359171 иргэний 14.9 тэрбум төгрөгт эрсдэл тооцсон бөгөөд одоогоор 900 гаруй иргэний 2.1 тэрбум төгрөгийг шалгаж байгаа. Шалгаж үзээд татварын буцаан олголт хийх эсэхийг шийднэ. Эрсдэл тооцсон, хянаж буй баримтаас дурдвал, үүрэн телефоны компанийн оператор ажилтан 8392 ширхэг буюу 346 сая төгрөгийн баримтыг нэг дор уншуулсан, шатахуун түгээх станцын ажилтан 16 ширхэг баримт бүхий 73 сая төгрөгийн буцаалтыг системд оруулсан байсныг шалгаж байгаа.

-Гэрийнхээ ойр байдаг дэлгүүрээр байнга  үйлчлүүлдэг хүмүүсийн баримт нэг газраас олон баримт уншуулсан гээд шалгагдах уу. Ямар тохиолдолд иргэний баримтыг эрсдэлтэйд тооцох вэ?
-Систем автоматаар ажиллаж, шалгуур хангаагүй бол эрсдэлтэйд тооцож, дахин хяналт хийдэг. Эрсдлийн шалгуур нууц байдаг. Хэрэв шалгуурыг ил болговол түүнийг тойрсон байдлаар хууль бус үйлдэл хийх нөхцөл бүрдэнэ. Систем хянаж дуусаад зөрчил илрэхгүй бол “Буцаан олгох” төлөв рүү шилжүүлнэ. Зарим дэлгүүрийн худалдагч “Цаас дууссан, баримт хэвлэх боломжгүй” гэсэн нэрийдлээр иргэдийн баримтыг өөрөө уншуулах зөрчил олон гарч байгаа. Иймээс бид тэдний энэ хууль бус үйлдлийг илрүүлэхээр ажиллаж байна. Хэт олон буюу өдөрт нэг посмашинаас гарсан зуу гаруй баримтыг уншуулдаг худалдагчдыг шалгаж байна. Тэрнээс биш иргэн бүрийг хянаж шалгасан зүйл байхгүй.

-Буцаан олголтын мөнгөнөөс нь хасагдсан иргэд хаана хандах вэ?
-НӨАТ-ын буцаан олголт нь эрсдэлтэй хэмээн шалгагдаж байгаа иргэд өөрсдийн баримтыг хуулийн шаардлага хангасан гэж үзэж байгаа бол орон нутгийн иргэд харьяа татварын албанд, нийслэлийнхэн Татварын ерөнхий газарт НӨАТ-ын баримтаа авч ирж, гомдол гаргах боломжтой.

Үндэсний шуудан


URL:

Сэтгэгдэл бичих