Ц.Жаргалсайханы гэмт үйлдлийг нотлох баримт байгаа

ТЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Зулаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан хэргээр 17 жилийн хорих ял сонссон Ц.Жаргалсайханд холбогдох хэргийг Дээд шүүх хянан хэлэлцээд зөвхөн төрийн нууц задруулсан гэж үзэн хэргийн зүйл ангийг өөрчилж, таван жилийн хорих ял оноолоо. Энэ хэргийг прокурорт шилжүүлсэн танай байгууллага эдүгээ хүртэл ямар нэгэн байр суурь илэрхийлсэнгүй, одоо энэ асуудал дууссан тул ямар нэгэн тайлбар өгч болно биз дээ ?

-Анхан болон дунд шатны прокурор, шүүхийн ажилтнууд Тагнуулын байгууллагын нотолсон хөдөлшгүй баримт дээр үндэслэн шийдвэрээ гаргасан. Эдгээр шатны прокурор, шүүхийн ажилтнууд өнөөдөр Монгол Улсад үйлчилж буй хуулийн хүрээнд сайн ажиллаж асуудлыг шийдвэрлэж ирсэн гэж үзэж байгаа. Гэхдээ манай прокурор, шүүх, өмгөөлөгч нарт Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл буюу эх орноосоо урвасан гэмт хэргийг шийдвэрлэж байсан туршлага байхгүй. Энэ бол анхных болж байна.

-Ц.Жаргалсайхан төрийн нууц задалсан хэмээн ял авсан боловч өмгөөлөгч нар нь төрийн нууц задлаагүй, тэр яригдаад байгаа баримт нь тэртэй тэргүй ил байдаг төрийн нууцад хамаарахгүй УИХ-ын даргын айлчлалын хөтөлбөр төдий зүйл гэж яриад байгааг юу гэх вэ?

-Төрийн нууц гадаадынханд алдагдаж буй тухай мэдээллийг Тагнуулын байгууллага нягтлах явцад Ц Жаргалсайхантай холбогдсон мэдээллийг хоёр жил гаруйн хугацаанд шалгаж нягталсан. Ц.Жаргалсайхан төрийн нууцад хамаарах баримт бичгийг санаатайгаар бусдад задалсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон. Одоогоор үүнээс илүүг хэлэх боломжгүй. Харин өмгөөлөгч болоод хүмүүсийн яриад байгаа УИХ-ын даргын айлчлалын хөтөлбөр мэтийн зүйл үүнд ямар ч хамаа байхгүй.

-Тэгвэл Ц.Жаргалсайхан эх орноосоо урваагүй, төрийн нууц задалсан гэмт хэрэг үйлдсэн болж таарч байна уу?

-Иргэн Ц.Жаргалсайхан төрийн нууцыг бусдад дамжуулсан гэдэг нь асуудлын зөвхөн нэг тал. Тэрээр амар хялбар аргаар ашиг олох гэсэн шунахай сэдлээр гадаадын тусгай албатай хамтран ажиллаж байгаа нь тогтоогдсон. Төрийн нууцад хамаарах мэдээллийг янз бүрийн арга хэлбэрээр дамжуулсан нь ганц, нэг удаагийн үйлдэл биш, удаан хугацаанд үргэлжилсэн тагнуулын шинжтэй, төгс үйлдэгдсэн гэмт хэрэг. Магадгүй хэн нэгэн иргэн эх орноосоо урвана гэсэн бодолтойгоор гадаадын тусгай албатай хамтран ажилладаггүй байх. Гэхдээ төрийн хариуцлагатай албан хаагч, төрийн нууцыг санаатай задалж буй үйлдэл нь өөрөө эх орныхоо эсрэг ажилласан үйлдэл.

-Ц.Жаргалсайханы ар гэрийнхэн, найз нөхөд түүнийг ийм гэмт хэрэг үйлдэх хүн биш гэж удаа дараа хэлж байна. Д.Цахилгаан гуай өөрийг нь хорлох гэсэн оролдлого гээд байгааг юу гэх вэ, та бүхэн гэмгүй хүнийг хэлмэгдүүлсэн юм биш биз дээ?

-Иргэн Ц.Жаргалсайханы эцэг, эх гэр бүлийн сэтгэл өвдөж байгааг ойлгож байна, сэтгэл өвдөлт нь сэтгэл хөдлөл болж байгааг ч ойлгож байна. Харин Ц.Жаргалсайхан өөрөө бол насанд хүрсэн хуулийн хариуцлага хүлээх чадвартай иргэн. Түүнийг гэмт хэрэг үйлдсэн буруутай гэдгийг шүүх тогтоож шийдвэрлэсэн шүү дээ. Өнөөгийн ардчилсан нийгэмд хүнийг ийм ноцтой асуудлаар гүтгэх хуулийн цоорхой байхгүй ээ. Харин энэ гэмт хэрэг бол түүний гэр бүлийнхэнтэй ямар ч холбоогүй асуудал. Харин ажил үүргээ шударгаар биелүүлж байгаа төрийн албан хаагчдыг гүтгэх асуудал бас хуулийн хариуцлагатай гэдгийг хэлмээр байна.

-Тэгвэл эх орноосоо урвасан гэх Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн заалтыг дээд шүүх яагаад өөрчилсөн юм бол?

-Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн заалтын томьёолол, шийтгэлийн хугацаа нь бидний ярьдгаар, “хүйтэн дайн”-ы үед боловсрогдсон, өнөөгийн цаг үед зохицохгүй байгаа нь сая ажиглагдлаа. Энэ бол тагнуулын өнгө аястай анхны шийдэгдэж байгаа гэмт хэрэг гэдгийг би хэлсэн. Иймд энэ төрлийн гэмт хэргийн зүйл, заалтыг эргэж хянах, шинэчлэн найруулах шаардлагатай юм байна. Гэхдээ гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн гэх томьёолол одоогийн заалтад тодорхой байгаа л даа. Ц.Жаргалсайхан яг энэ заалтад дурдсан гэмт хэргийг өдүүлсэн тул одоо хүчин төгөлдөр үйлчилж буй энэ зүйлд хамруулан авч үзэхээс аргагүй байсан байх.

-Ц.Жаргалсайхантай уулздаг байсан, түүний мэдээлэл дамжуулдаг байсан гадаадын дипломат ажилтныг саатуулж болоогүй юм уу, асуудлын үнэн мөнийг тогтооход тустай байсан гэж өмгөөлөгч нь хэлсэн байх юм?

-Ц.Жаргалсайханыг энэ ноцтой гэмт хэрэгт татан оруулсан гадаадын дипломат ажилтны тагнуулч гэдгийг тогтоогоогүй гэдэг асуудал яригдаад байгаа юм. Аль ч улсын тагнуулын алба дипломат халхавчаар тагнуулын үйл ажиллагаа явуулдаг нь хэн бүхэнд тодорхой байдаг асуудал. Дипломат эрх ямба халдашгүй болох нь олон улсын эрх зүйн баримт бичгүүдээр баталгаажиж зохицуулагддаг. Тэгэхээр энэ эрх ямбанд халдах эрх бидэнд байхгүй. Тэгээд ч тухайн улс дипломат ажилтнаа тэр дор нь буцаан татсан шүү дээ, үүнээс илүү ямар нотолгоо байх юм бэ.

-Одоо энэ хэрэг нэгэнт шийдэгдсэн болохоор та бүхэн тэр баримт, нотолгоо гээд байгаа зүйлсээ иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс ил тодоор тайлбарлаж болдоггүй юм уу?

-Харин иргэд ялангуяа төрийн албан хаагчдад сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ үйлдэлд үндэслэн гадаадын тусгай албаны арга ажиллагаанаас сэрэмжлүүлсэн нэвтрүүлэг байж болох юм. Тэгвэл Ц.Жаргалсайханд холбогдох баримт нотолгоог иргэд учрыг үзэж, ойлгож, сэрэмжлүүлэг болох ач холбогдолтой. Гэхдээ эдгээр баримт нотолгоо нь гүйцэтгэх ажлын арга хэмжээний явцад хуримтлагдсан төрийн маш нууц зэрэглэлд хамаарах баримт сэлт. Үүнийг зөвхөн хуулиар л ил болгож болно. Иймд төвөгтэй. Гэхдээ судалж болох юм.

-Ер нь ийм гэмт хэрэг гарахаас урьдчилан сэрэмжлэх ямар арга хэмжээ авах ёстой вэ, танай байгууллага энэ чиглэлээр юу хийж байна вэ. Цаашдаа ийм үйлдэл гарахгүй гэх баталгаа байна уу. Үүнээс бид ямар дүгнэлт хийх ёстой вэ?

-Гол сургамж бол төрийн нууцын хадгалалт, хамгаалалт төрийн байгууллагуудад аль аль шатандаа суларсан юм байна. Төрийн албан хаагчдын сонор сэрэмж зарим байгууллагад алдагдсан юм байна. Иймд юуны өмнө төрийн нууцын тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлыг түргэтгэж байна. Эрүүгийн хуулинд ийм төрлийн гэмт хэргийн талаарх заалтыг хянан үзэж, боловсронгуй болгох ажлыг хийнэ. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж дуусч байна. Нөгөө талаар төрийн нууцтай холбогдсон баримт сэлтийг боловсруулах, хадгалах ажил нь үндсэндээ мэдээллийн технологийн орчинд шилжсэн тул энэ ажлын технологи ч шилжсэн гэсэн үг. Тагнуулын байгууллагын үндсэн чиг үүргийн нэг бол төрийн нууцыг хамгаалах явдал. Иймд төрийн нууц хадгалдаг, хамгаалдаг бүхий л байгууллагад тавих хяналтыг чангатгахын хамт төрийн бүхий л шатны байгууллагууд төрийн нууцыг хадгалах хамгаалах ажилдаа дүгнэлт хийж арга хэмжээ чиг чигээрээ авах ёстой. Өнөөдөр бид ямар нэгэн хэмжээгээр бусдын анхааралд өртөх болж Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдал өөрчлөгдсөн. Харамсалтай нь энэ үйлдэл бол илэрч шийтгэгдсэн нь анхных болохоос биш сүүлчийнх биш гэдгийг л хэлэх байна.

Д.АРИУН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих