Тойм: Улсын хилийг хийж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүллээ

TOIM-1-750x400Өнгөрч буй долоо хоногт маш олон үйл явдал өрнөж, улс даяараа завгүй байлаа.  Тиймээс өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Их, дээд сургуулиудыг амраалаа 

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт цаг, минутаар нэмэгдэж эхэлсэнтэй холбогдуулан их, дээд сургуулиуд, коллежийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ы өдөр хүртэл амраахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн Хятадтай хиллэдэг боомтуудаар тээврийн хэрэгслээр болон явган зорчиход хязгаарлалт хийж, дэглэмийг өндөржүүлэх ажлыг 2020 оны энэ сарын 31-ний дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэнд даалгасан юм.

Нийслэлийн 4 мандатыг орон нутагт шилжүүлэв 

УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногийн даваа гарагт хуралдаж, сонгуулийн тойрог, мандатыг хэрхэн хувааж байгаагаа зарласан юм.  Улс бүхлэээрээ 29 тойрог, 76 мандаттай байхаар шийдвэрлэсэн. Орон нутагт 20 тойрог, 52 мандат өгсөн бол нийслэлд 9 тойрог 24 мандат оноолоо.  Үндсэндээ нийслэлийн мандатаас 4-ийг нь орон нутаг руу шилжүүлэв. Нийслэлд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 5 мандат оногдсон. Тэгвэл Налайх, Багануур, Багахангай гэсэн 3 дүүргийн дунд 2-хон мандат л ногдлоо.

МАН нэг  гишүүнээ намаас гарсанд тооцов 

МАН-ын Хяналтын Ерөнхий хороо өнгөрсөн лхагва гарагт  Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцсэн байна.  Улмаар түүнийг намаас гарсанд тооцсон юм.  Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар  “МАН-ын нэрээр төрийн өндөр албан тушаалд очиж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа Н.Номтойбаяр олон нийтийн газар биеэ зохисгүй авч явж, удаа дараа зодоон цохион хийсэн.  Энэ нь намын нэр хүндийг унагаж байгаа учраас авч хэлэлцэж, тодорхой хариуцлага тооцох зүйтэй гэсэн.

Энэ асуудлыг авч хэлэлцээд, намын дүрмийн 6 дугаар зүйлийн дагуу нийгэмд биеэ зохистой авч явж чадаагүй, намын нэр хүндэд сэв суулгаж байгаа асуудалд нь хариуцлага тооцож, МАН-аас гарсанд тооцсон.  Гарсанд тооцно гэхээр намаас хөөсөн гэж ойлгож болохгүй. Хөөнө гэвэл эргэж намд орох эрхгүй болно.  Гарсанд тооцно гэдэг бол намын гишүүд гаргасан алдаа, дутагдалдаа дүгнэлт хийгээд, эргэж орж болно” хэмээсэн юм.

Тэтгэврийн зээлийг цагаан сараас өмнө тэглэнэ 

Тэтгэврийн зээл тэглэх асуудлаар ХНХ-ын сайд С.Чинзориг энэ долоо хоногийн лхагва гарагт мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Сар бүрийн 1-ий өдөр тэтгэвэрүүдийг олгодог. Хоёрдугаар сарын 1 хагас сайн өдөр тохиож байгаа учраас 3-ны өдөр олгоно. Тэтгэвэр олгоход “Эрдэнэс Монгол” компани бонд гаргах асуудлыг шийдээгүй байна.  Бонд гараагүй байгаа учраас Монголбанк арилжааны банкуудтай маргааш санамж бичигт гарын үсэг зурах байх.  Хоёр зүйл дээр банкууд санал нэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарын тэтгэврээс зээлийг нь суутгахгүй байх асуудлыг тохиролцож, шийдсэн. Нэмэгдсэн тэтгэврийг 100 хувь олгоно.   Хоёрдугаарт, хууль нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх ёстой байсан. Нэгдүгээр сарын тэтгэвэр буухад зээлийг нь суутгаж тооцсон. Тиймээс хоёрдугаар сарын тэтгэвэр дээр нэгдүгээр сарын тэтгэврээс суутган тооцуулсан мөнгөө нэмж авна” хэмээн мэдэгдсэн.

Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүллээ

Пүрэв гарагийн УИХ-ын чуулганаар жонхуу хутгасны эцэст Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм.  Ерөнхий прокуророос орж ирсэн хүсэлтийн дагуу Халдашгүй байдлын дэд хороо дуншиж дуншиж арай гэж хуралдсан. Улмаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэн.  Харин хоёр байнгын хороогоор асуудлыг хэлэлцэхэд түдгэлзүүлэхийг дэмжээгүй. УИХ-ын чуулганаар асуудлыг хаалттай хэлэлцэж, нууцаар санал хураасан.  Гишүүдийн ихэнх нь дэмжсэн. Гэвч шийдвэрийг албажуулах УИХ-ын тогтоолын төслийг дэмжих санал хураалтыг илээр явуулахад, олонх нь татгалзаж, унагасан юм. Ингэснээр МАН-ын мухардалд орж, завсарлага авсан. Энэ хооронд Н.Номтойбаяр гишүүн чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өгч, ТББХ-ныхон ч дэмжсэн юм. Гэвч чуулган хуралдахад дахиад л мухардаж, эцэстээ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Ийнхүү Н.Номтойбаяр гишүүн бүрэн эрхээ хасуулж, үнэн мөнөө тогтоолгохоор боллоо.

Хил хаахаар боллоо 

Монгол Улс, БНХАУ-ын хилийн агаарын, төмөр, хуурай замын бүх боомтоор БНХАУ-ын болон Хятад улсаар дамжин Монгол Улсад ирэх болон дайрах гуравдагч улсын иргэдийг  хоёрдугаар сарын 1-ий өдрөөс гуравдугаар сарын 2-ы өдөр дуусталх хугацаанд нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргалаа.  Хятадын талаас ирэх монгол иргэдийг “Чингис хаан” нисэх буудлын боомт, Замын-Үүдийн галт тэрэгний буудлаар л хүлээж авна. Гэхдээ өчигдөр шийдвэр гарч байгаа учраас БНХАУ-д байгаа олон иргэн бий. Тэд эх орондоо ирэх хүсэлтийг гаргаад байгаа аж. Тиймээс бусад боомтуудаар эх орон  руугаа ирэхээр хүсэлт тавьж байгаа өөрийн иргэдээ хоёрдугаар сарын 6-ны өдрийг хүртэл зүүн, баруун талын нэг нэг буюу нийт хоёр боомтоор нэвтрүүлэх юм байна. Түүнээс хойш зөвхөн Замын-Үүд, Чингис хаан онгоцны буудлаар л нэвтрүүлэх ажээ.

Намрын чуулганыг хаалаа 

 УИХ-ын намрын чуулган өчигдөр хаалтаа хийлээ. Бүтэн 11 сарын турш чуулган хуралдаж, олон хуулийг баталсан юм. Энэ хугацаанд чуулган 82 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, байнгын болон дэд, түр хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, 154 хууль, УИХ-ын 51 тогтоол хэлэлцэн баталсан хэмээн УИХ-ын дарга мэдэгдсэн юм.  Энэ парламентын үед 11 сар тасралтгүй хуралдахдаа  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь гол онцлох зүйл байлаа.

http://www.zaluucom.mn/read/440696a94


URL:

Нэр: Anonymous Огноо: 1 February 2020

Тэтгэвэр картанд орохгүй байна . Яагаад мэдээлэл өгөхгүй байна Төрийн банк минь . зээл тэглэхээсээ илүүтэй өгдөг авдаг хэдийг нь цагт өгмөөр юм биш үү

Сэтгэгдэл бичих