Дэндүү давчуу, дэндүү бачуу Монгол хүн мину
“…Тал шигээ уужим сэтгэлтэй, тэнгэр шигээ саруул ухаантай монгол хүн” гэсэн магтаал бий. Бодвол бид л өөрсдийгөө тодорхойлж “зохиосон” үг байх. Яагаад гэвэл монголчууд бид түүхэнд, өнөөдөр харийнхны нүдээр, амаар аятайхан дүрслэгдэж яваагүй юм.
Бид чинь олон зууны өмнө дэлхийн хагасыг эзэлж явсан авч, удалгүй Чингисийн улс задарч, түүнээс хойш түрэмгийлэл, колоничлолыг дамжсаар 1990-ээд оныг хүргэсэн. Түүнээс хойшхи 30-аад жилд бүр эвдэрсэн дээ.
Өөрсдийгөө бол гоё хөөргөнө.
Хэдэн жилийн өмнө дөө, социализмын үед гэхэд л манай нэртэй яруу найрагч Цэндийн Чимэддоржийн бичсэн “… Давхиад очиход цоожгүй айл малчин танайх, даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин танайх” гэсэн мөрүүд байдаг.
Үнэхээр л ямар ч малчны гэрт давхиад очиход эзгүй байсан ч хаалга нь цоожгүй байв шүү дээ. Одоо бол цоожноос гадна, нохой шувуу, аягүй бол хяналтын камер тавьчихсан байгаа даа. Цаг үе нь ийм болчихсон юм.
Гэхдээ монгол малчны талаарх сэтгэгдэл Монголыг мэддэг гаднын хүний тархинд өөрөөр үзэгддэг юм шиг байгаа юм. Монголд залуу насаа өнгөрөөсөн Японы иргэн Кимура Аяако хэдэн жилийн өмнө биднийг улайтал бичсэн байдаг. Түүндээ “…Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илүү мундаг” гэсэн нь Цэндийн Чимэддорж гуайн хэлсэн шүлгэн мөртэй ижил сонсогдсон.
Харин Монголоо бодоод, монгол хүнээ харвал өөр дүр зураг үзэгдэж, дүгнэлт харагдах болжээ.
Уг нь Монгол маань нэг хүнд оногддог газар нутгаараа дэлхийд тэргүүлдэг гэдэг. Гэхдээ монголчууд бид нийслэл хэмээх дөрвөн уулын дундах сууриндаа чихэлдэнхэн амьдардаг. Хүн амынх нь талаас илүү нь энэ нийслэлд байна. Харин нийслэл маань ердөө 4.7 хавтгай дөрвөлжин км газартай. Энэ нь Монголын нийт газар нутгийн ердөө 0.3 хувийг эзэлнэ.
Сонин юм шүү. Түүхийнхээ туршид нүүдэллэж ирсэн ард түмэн сүүлийн 100 жилд суурин маягаар хамтдаа амьдарч байгаа нь энэ. Гэвч суурин амьдралын соёлыг сурдаггүй ээ.
Замын түгжрэлээс бүгд эхэлнэ дээ. Машин тэрэг барьж байгаа хүн бүр “…Би түрүүлж явах ёстой. Хэрэв үгүй бол хоёулаа хөдлөхгүй” гэдэг дүрэмтэй. Тиймээс замын хөдөлгөөний дүрмийг гэрлэн дохионоос илүүтэй цагдаа зогсож байж зохицуулдаг. Зам дээр хэрэлдэх, зодолдох бол энүүхэнд. “…Би яараад байна”, “… Яараагүй хэн байгаа юм бэ, п… минь” гээд л эхэлнэ шүү дээ. Ёстой янзтай.
Бас ямар нэг дараалалд орж, хүлээж сураагүй. 1990-ээд онд талханд алалцдаг байснаараа өнөөдөр сэтгэсэн хэвээр л байна. Хэрвээ урт дарааллын ард зогсохоор болбол өмнөх хүндээ “…Би ард чинь байгаа шүү” гэчихээд алга болно. Энд тэнд тамхи тариа, цай кофе эргүүлж байгаад ирнэ. Ийм маягаар оочер дугаар дөхөнгүүт бөөн бөөнөөр гарч ирнэ. Яг зогсоод хүлээсэн хүмүүс нь уурлана. Ингээд л бөөн хэрүүл, хэл ам болж байгаа юм даа.
Энэ бол Монголд маань маш олон жилийн турш оршиж буй, бас өөрчлөгдөж өгөхгүй байгаа том асуудал юм.
Сүүлийн хэдэн жилд интернетийн фейсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээ орж ирээд монгол хүнийг ёстой л “монгол хүн” болгож байна даа.
Зам дээр, оочер дугаарт гаргадаг зангаараа олон нийтийн цахим сүлжээнд баллаж өгдөг болсон. Твиттер, фейсбүүк дүүрэн ухаантай монголчууд бий болсон. Царайлаг ч гэж найгүй. Хамгийн гол нь бүгдийг шүүмжилнэ. Америкийн ерөнхийлөгч Д.Трампыг унагана гэж ярина. Оросын В.Путин буух болсон гэж сануулна. Францын ерөнхийлөгч Э.Макронд эхнэрээ соль гэж зөвлөнө.
Монголоо бол босч ирэхгүй болтол нүднэ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд гээд санаанд нь таарах нэг ч хүн байхгүй. Нөгөөдүүл нь ч хэрүүлийн “apple” байнга шидэж явах юм, бас. За тэгээд, олны танил “этгээд”-үүд нэг л сэжүүр гаргах юм бол бас дуусна даа. Зүгээр л бариад идчихнэ. Ийм жишээ цаг тутам харагдана.
Хамгийн харамсалтай нь Монгол төрийн ажил энэ интернет дэх олон нийтийн сүлжээгээр явдаг болчихсон. Төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд орж ирчихсэн хэрүүл хийгээд баллаж өгнө. Тэд Америкийн ерөнхийлөгчийг дуурайгаад байх шиг байгаа юм. Гэтэл Монгол Америк хоёр улс, монгол, америк хүмүүсийн ялгаа, үүнийг хүлээж авдаг антенн нь шал өөр шүү дээ.
Ер нь бол ямар нэг сэдэв гарч ирэхэд тэрийг мэдэхгүй хүн фейсбүүк, твиттерт байхгүй. Бүгд л ямар нэг байдлаар судалчихсан, үзчихсэн, дүгнэлт хэлнэ. Голдуу шүүмжилнэ.
Хамгийн сүүлд Хятадад гарсан коронавирусыг гэхэд л аль хэдийнэ Монголд оруулж ирээд, халдвар тараагаад, бас хүн үхүүлчих жишээтэй.Гэхдээ энд нэг зүйл ажиглагдах болсон. Эмгэнэлтэй ч гэж болно. Цахим сүлжээнд холбогддог хэрэгсэл болох компьютер, эсвэл гар утас нь монголчуудын хувьд бүх дэлхий, Монгол Улс, гэр орон нь болчихлоо. Тэндээ л амьдардаг. Сүүлийн үед “амьд харилцаа” гэх зүйл үгүй болж, түүнийг дагаад робот маягийн сэтгэлгээ давамгайлах болсныг эрдэмтэд, сэтгэл зүйчид хэлдэг болсон. Ийм нөхцөлд нөгөөх монгол хүний уужуу сэтгэл, тэнгэр мэт ухааны тухай ярихын ч хэрэггүй. Ганцхан жишээ. Хятадын Уханьд хөл хорионд орсон монголчуудаа хэрхэх вэ гэсэн мэдээлэл яригдахад л “…Тэднийг тэнд нь үлдээ” гээд шуурцгааж байна. Хаачсан юм, нөгөөх монгол хүний чанар?!
Жаахан маазраад хэлэхэд, интернетийн хэрэглээ ихэдсэнээс хойш манай монголчуудад улсын маань нийслэл байтугай дэлхий давчуудаад, бачуудаад байдаг болсон. Ийм л хил хязгааргүй “сэтгэдэг” болсон шүү дээ.
Гэвч дэлгэцийн цаана хэн байна вэ гэдэг маш сонин. Зураг шигээ, бичдэг шигээ хүмүүс байдаг уу гэж асуугаад хариулт авбал хачин л юм болно. Маш их стресс л гарч ирнэ дээ. Цааш нь яриад хэрэггүй байх.
Ерөөсөө л өнөөдрийн монгол хүний дүр зураг нэг иймэрхүү. Цаашид хэн болохыг бүү мэд. Энэ талаар эрдэм номын нөхдүүд маань сэтгэл зовоод эхэлчихсэн. Лондон коллеж Их Сургуулийн судлаач, антропологич, доктор Д.Бум-Очир гэхэд “…Монгол болох байтугай, хүн ч болж чадахгүй тохиолдол байна. Тиймээс, хүнийг өсгөдөг орчин хамгийн чухал.
Нийгэмшил гэдэг ийм хүчтэй юм бол Монгол гэдэг хэв шинж цусанд мянга байгаад нэмэргүй. Таны хүмүүжил, төлөвшил л таныг Монгол болгоно. Энэ бол хүний байгалиас өвлөсөн удмын хөгжил болон нийгмээс олсон соёлын хөгжил хоёрын аль нь хүчтэй вэ гэсэн маргаан юм. Тэгэхээр Монгол гэдэг угсаа гарлыг янз бүрийн төвшинд төлөвшүүлж өгөх нь маш чухал” гээд байна.
Харин хоёр жилийн өмнө бил үү дээ, Японы иргэн Кимура Аяакогийн “Тархины тураал” гэдэг бүтээл Монголд цацагдсан. Яг л шөнөжин архидсаны маргааш үзээрийн царайгаа толинд харсантай адил сэтгэгдэл төрж билээ.
Кимура Аяако бидний талаар санаанаас гарамгүй, ёгхийтэл хэлсэн хэдэн үг бий. Тэрээр “… Ер нь монголчууд нүдэнд харагдах ашгаас өөр сонирхолгүй, юу ч хэлээд нэмэргүй. Гэтэл нүдэнд үл үзэгдэх нэг юм л хүнийг хүн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын төлөө ёс жудгаа худалдаж чаддаг хүн, тэр хүнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хүмүүс”, “…Ном уншихгүй, унших ном ч байхгүй. Мэдлэг нь өөрөө олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зүйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг төвшний хүмүүс цуглаж ярилцлаа ч хөгжиж дэвжихэд ямар ч нэмэргүй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн төвшний хүмүүс бичиж, ярьж, нэвтрүүлж байгаа учраас ялгаагүй, түрүүчийн л цуглаад ярьсны үргэлжлэл”, “…Монголд хүнд хариугүй тус хүргэнэ гэж байхгүй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна” хэмээсэн.
Энэ япон хүний бичсэнд худал үг байхгүй. Бүгд л ортой шүүмжлэл, байж байгаа л царай минь энэ.
Бид ийм л болчихсон байна. Дэндүү давчуу, дэндүү бачуу монгол хүн мину…
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: