Одоо “өгзөг” Д.Одбаяр, ЖДҮХС “гөвсөн” гишүүдээ намаас гарсанд тооцчих
МАН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаас гарсанд тооцсон юм. Хяналтын хорооны дарга Д.Батбаатар түүнийг намаас гарсанд тооцсон үндэслэлээ “Нийгэмд биеэ зохистой авч явж чадаагүй, намын нэр хүндэд сэв суулгаж байгаа асуудалд нь хариуцлага тооцож, МАН-аас гарсанд тооцсон” хэмээн мэдэгдэв. Өмнө нь улс төрийн намуудад байгаагүй л жишиг. Манай намууд нэр цэвэр, шударга гишүүдтэй байх ёстой. Энд тэнд зодоон цохион хийдэггүй, авлига, хээл хахуулд нэр холбогддоггүй, Олон улсад эх орныхоо нэр хүндийг унагадаггүй, ард түмэнд очих ёстой мөнгийг хуу хамдаггүй гишүүдтэй байвал бүр ч сайн.
Харин ганц хүнийг зодоон, цохионы асуудал гаргалаа гэж намаас гарсанд тооцож байгаа нь жаахан тиймхэн байна. Өчигдөр Н.Номтойбаяр гишүүн өөрийнхөө цахим хуудсаар “Аливаад бүрэн мэдээлэлтэй байж санал дүгнэлт хийх нь сэхээлэг үйл бөгөөд таны ажлын ч үүрэг. Би цав цагаан амьтан биш ээ. Гэхдээ бусдын чихэнд төлбөртэй орж ойлгогдсоноор хав хар амьтан ч бас биш. Тийм учраас чуулганыг нээлттэй явуулаач гээд байгаа юм” хэмээн байр сууриа илэрхийлнэ билээ. Тэр угаасаа цагаан биш. Нэр холбогдсон элдэв асуудлыг нь тоочвол олон. Бас хэрээ шиг хар ч гэж шууд дүгнэж болохгүй байх. Угаасаа манай УИХ-д хун шиг цагаан хүн нэг ч байхгүй. УИХ-д битгий хэл намууд дотор ч гэсэн. Бас хөө шиг хар гэж бүгдийг нь харлуулж боломгүй.
Ганцхан хүнийг намаас хаслаа гээд нэр хүнд нь өсөөд, УИХ цэвэршчихгүй. Үүнийг хамгийн залуу гишүүний жишээ ч харуулж байгаа. МАН үнэхээр нэрээ бодож, сэв нөсөөг нь арилгахаар “энгэсэг” тавих гэж байгаа бол “өгзөг” Д.Одбаяраа намаасаа гарсанд тооц. Эсвэл хөө. Намын нэр хүндийг сэвтээх нь битгий хэл Монгол Улсын нэрийг шавартай хутгасан хүн. Хоёр залуу хүн хоорондоо муудалцахтай харьцуулахад арай л илүү жин дарах хэрэг байлтай.
ЖДҮХС-гийн мөнгийг “цөлмөсөн” гишүүдээ яах гэж байгаа билээ. Бас намаасаа гарсанд тооцохгүй юм уу. “Мэдээлэлд ойрхон нь зээл авдаг юм”, “Сүртэй юм бэ, тэр зээлийг чинь төлчихнө” гэх мэтээр томорсон гишүүд чинь намын нэр хүндийг сэвтээгээгүй юм уу. Авлигын асуудалд орооцолдсон маш олон намын гишүүн байгаа. Тэднийгээ ч гэсэн хөөдөггүй юм гэхэд намаас гарсанд тооцмоор санагдах юм. Жаахан сэвэнд санаа зовоод, шавартай нь хутгалдаж байгаа талаа мартчихвал цэвэрхэн болохгүй л байх даа.
URL: