Тува Монголоос оюутнуудаа татлаа
ОХУ-ын Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол Монголд суралцаж байгаа тува оюутнуудыг эх оронд нь яаралтай эргүүлэн авчрах тушаал гаргалаа.
Монголд коронавирусийн халдварын улмаас их, дээд сургуулиудын үйл ажиллагааг гуравдугаар сар хүртэл зогсоосон тул оюутан залуусынхаа эрүүл мэндийг хамгаалах үүднээс ийм зарлиг гаргажээ.
Шолбан Кара-оол “Манай Боловсролын яамнаас Монгол дахь оюутнуудтай холбоо тогтоосон байгаа. 100 гаруй тува оюутан бий. Харин Гадаад харилцааны агентлагаас Монголын Гадаад хэргийн Яамтай холбоо тогтоож, оюутнуудыг Улаанбаатараас Улаан-Гомд автобусаар авчрах тохиролцоонд хүрсэн байна. Тэднийг Улаан-Гомоос Кызылд авчрах асуудлыг бид өөрсдөө зохион байгуулах хэрэгтэй. Увс, Тувагийн хооронд явдаг тува таксины жолооч нар коронавирусийг далимдуулан, үнээ 10 дахин нэмж байгааг зогсоох ёстой. Ард иргэддээ би Хятад, Монгол явахгүй байхыг уриалж байна” гэжээ.
URL: