Коронавирусээс илүү бидний араншин аюултай юм

Коронавирусээс илүү бидний араншин аюултай юм

  • Ус үзээгүй байж хормой шуух гэгчээр юу юуны туханд хүрэлгүй сандралдсаны балгаар зарим хүнсний барааны үнэ нэмэгдээд эхэллээ. Харин тэр цагт чаддагаараа төр засгийнхныг хараан зүхэх байлгүй
  • Монголд вирус орж ирсэн нь албан ёсоор батлагдаагүй байхад ингэж үймэлдэж байгаа улс үнэхээр ороод ирвэл яах болж байна аа
  • Нөгөөтэйгүүр иргэд төрдөө итгэхгүй байна. Энэ төрийн нэр хүнд, чанар чансаа, итгэл даах чадвар дэндүү сул, арчаагүй, дорой байна. Өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд өнөөгийн эрх баригчид иргэдийг ямар их хуурч, итгэлийг нь ямар их алдсаны гор нь энэ

Коронавирусийн дуулианаар хүнс барааны хиймэл хомсдол үүсгэн өрсөлдөж, сандрах монголчуудын хандлага. 2020-01-28-ны өдөр “Баянзүрх” зах

2011 онд болсон Фүкүшимагийн Атомын цахилгаан станцын сүйрлийн дараа хүнс, усны аймшигт хомсдолд орсон япончууд үйлчилгээний дараалалд

Ус үзээгүй байж хормой шуух гэгчээр юу юуны туханд хүрэлгүй сандралдсаны балгаар зарим хүнсний барааны үнэ нэмэгдээд эхэллээ. Харин тэр цагт чаддагаараа төр засгийнхныг хараан зүхэх байлгүй. Японы Фүкүшимад 2011 онд болсон эмгэнэлт явдлыг монголчууд мартаагүй байх. Далайн гүнд 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас цүнами үүсэж, эргэн тойрондоо аюул учруулсан юм. Асар хүчтэй давалгаанд Фүкүшимагийн цөмийн цахилгаан станц тэссэнгүй, реакторууд нь ээлж дараалан дэлбэрч эхэлсэн. Энэхүү ослын улмаас асар их хэмжээний эвдрэл сүйрэл учирснаас гадна амиа алдсан хүний тоо 19 мянга давсан тухайн үед тусгай албадынхан ирэхээс өмнө хотын хэдэн хөгшчүүд ослын голомт руу орж, дэлбэрэлтийг саатуулах, зогсоох бүх арга хэмжээг чадлынхаа хэрээр авч байсан гэдэг. Тэдний эрэлхэг зоригтой үйлдлийн ачаар ослын хор хөнөөл мэдэгдэхүйц багассаныг хэвлэлүүд онцлон мэдээлж байв. Хэрэв тусгай албаныхныг хүлээж цаг алдсан бол ослын хор хохирол үүнээс хавьгүй их болох байлаа. Түүнчлэн хөнөөлт гамшгийн үеэр япончууд бие биедээ хэрхэн тусалж, бүхнийг хамтдаа даван туулж байсныг олон хүн бахархан өгүүлдэг. Бие биеэ хайрладаг, нэгэндээ тус дэм болдог үндэстэн тэр том аюулыг яаж гэтэлж буйн ганцхан жишээ энэ. Япончуудын энэ хандлага л тэднийг үй олон осол, гамшгийг амжилттай даван туулахад тусалдаг биз ээ. Тэгвэл өнөөгийн Монголд юу болж байна вэ. Хөрш улсад дэгдсэн коронавирусийн халдвар Монголыг бүхэлд нь айдаст автуулав. Гэхдээ энэ айдас монгол хүний амиа бодсон, арчаагүй, аминчхан занг улам илүү тодруулж өглөө. “Зах, худалдааны төвүүдийг хаахгүй, хүнсний хомсдол үүсэхгүй, битгий санаа зов” гээд байхад л хүнсий дэлгүүрүүдийг цөлмөж, лангуунуудыг хоосолж орхив. Гурил, будаа нүдний гэм болж, мах магнаг болох дөхөв. “Хүчит шонхор” зах руу бөөн бөөнөөрөө цувснаас болж түгжрэл үүсэж, тэр хавийн замыг нэг эгнээтэй болгох зохицуулалтыг замын цагдаагийнхан хийхдээ туллаа. Ус үзээгүй байж хормой шуух гэгчээр юу юуны туханд хүрэлгүй сандралдсаны балгаар өнөөх хүнсний барааных нь үнэ нэмэгдээд эхэллээ. Харин тэр цагт чаддагаар нь төр засгийнхныг хараан зүхэх байлгүй. Арчаагүй гэхээс өөр хэлэх үг олдохгүй юм. Хар амиа хичээж, хоохойлдог бидний хуншгүй зан мөн байгаа биз.“И Март”-ын сүлжээ дэлгүүрийн лангуу хоосорсон дүр зураг цахим орчинд эрчтэй тархав. Гэтэл үнэндээ энэ сүлжээ дэлгүүрээр ихэвчлэн ямар хүмүүс үйлчлүүлдэг билээ. Дундаж болон дунджаас дээгүүр давхаргынхан, хуучны хэллэгээр бол сэхээтнүүд л тус дэлгүүрийн гол үйлчлүүлэгч байдаг. Тэгвэл нийгмийн хар масс гэж гоочилдог ядуу буурай иргэд бус, өөрсдийгөө элит, дээгүүр зиндааны гэж тодорхойлдог тэр хэсгийнхэн хамгийн түрүүнд амиа бодож, бэртэгчин зан гаргаж буйг эндээс харж болно. Монголд вирус орж ирсэн нь албан ёсоор батлагдаагүй байхад ингэж үймэлдэж байгаа улс үнэхээр ороод ирвэл яах болж байна аа. Хэрэв Фүкүшимад тохиосон шиг осол нүүрлэх юм бол бид үндэстнээрээ сүйрэх юм байна л даа. Энэ бол бидний нийгэмшээгүй, хамт амьдарч, аюулыг хамтдаа сөрж чаддаггүйг харуулж байна. Түүнчлэн монголчууд гамшигт бэлэн бус гэдгийг тод томруун харуулж өглөө. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл юу болохыг урьдчилан төсөөлөхөд ч бэрх санагдана. “Уханьд байгаа 30 оюутнаа авчрах хэрэггүй”, “Эрээнд байгаа 400 п…-г авчирч яах гээд байгаан, тэндээ үхнэ л биз” гэх мэт сэтгэгдлийг харахад хэлэх ч үг олдохгүй юм. Холын аянд яваа хүнийг цай барин тосож очдог, алс замд ядарсан хэнбугайг ч зочилж дайлаад гаргадаг монгол хүний найрсаг, зочломтгой, ууж сэтгэл хааш алга болоо вэ. Одоохондоо ингэж шуугиж л байна. Гэхдээ хэсэг хугацааны дараа шинжлэх ухаан энэ вирусийг ялан дийлж, тархалтыг намжаах нь гарцаагүй. Харин энэ үед юу юугүй дэлхий сүйрэх гэж буй мэт үхэлдсэн хүмүүс юу гэж мэдэмхийрч суух бол. Үнэнийг хэлэхэд вирусээс илүү монголчуудын энэ аминчхан, арчаагүй хандлага л аюултай санагдлаа. Нөгөөтэйгүүр иргэд төрдөө итгэхгүй байна. Энэ төрийн нэр хүнд, чанар чансаа, итгэл даах чадвар дэндүү сул, арчаагүй, дорой байна. Өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд өнөөгийн эрх баригчид иргэдийг ямар их хуурч, итгэлийг нь ямар их алдсаны гор нь энэ. Тиймдээ ч олон нийт яамны албан мэдээлэлд эргэлзэж, өөр эх сурвалжийн эрэлд гарч байна. Олны итгэлийг алдана гэдэг хамгийн том гарз билээ. Харин амны хаалтны төлөө эмийн сангуудад дугаарлаж, хүн бүр толгой дараалан маск зүүж байгаа нь дэвшил гэлтэй. Вирусийн халдвараас хамгаалах хамгийн эхний, хамгийн энгийн арга нь амны хаалт зүүх юм байна, гараа сайтар угаах ёстой, хувийн ариун цэврийг сахих хэрэгтэй гэдгийг хэнэггүй монголчууд ойлгосон нь коронавирусийн тархалтын ганц сайн тал нь байлаа гэхэд надтай хэн нэгэн маргахгүй л болов уу. Ингэхэд вирусийн голомт Уханьд биш, Улаанбаатарт байсан бол бид яаж үймэлдэх бол. Бодохоос ч айдас төрөх юм. Аливаа улс орон ард түмэн нь нэгэн цул мэт нэгдэлтэй байж, бие биеэ хайрлаж, дэмжиж байж, нэгэндээ итгэж, тусалж байж аливаа аюул гамшиг, бэрхшээлийг даван туулдаг. Үүнийг нийтлэлийн эхэнд өгүүлсэн Японы жишээ тод нотлох биз ээ. Коронавирусийн халдвар дэлхийн 20 шахам оронд бүртгэгдлээ. Хэзээ мөдгүй хилийг нь даваад ороод ирэх эрсдэл бүх л улсад нүүрлэж буй. Гэхдээ бидэн шиг сургаар үймэлдэн сандарч, нэгнээсээ өрсөх гэж хөгийн араншин гаргаж байгаа нь огт дуулдахгүй юм. Харин ч гараасаа хөтлөлцөж, аюулыг хамтдаа даван туулахыг хичээж байна. Дээр дурдсан монголчуудын амиа хичээсэн, хувиа бодсон үзлийг төр засаг нь хүртэл бодлогоор дэмжээд байгаа мэт санагдана. Энэ нь өнөөгийн улстөрчдийн авираас тод харагддаг. Ааштай авгай нар хэрүүл хийж байгаа мэт элдэв хов жив ярьж, болсон болоогүй сенсаац хөөцөлддөг улстөрч өдрөөс өдөрт олшрох болов. Улсын хөгжил ярихын оронд тулга тойрсон хэрүүл хийдэг хүн ихсэхийн хэрээр ард түмэн нь дагаад тийм болоод байна уу. Харамсалтай нь энэ бол өнөөгийн бидний нийтлэг дүр төрх болжээ.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих