Судалгаа: Дэлхийн оршин суугчдын талаас илүү хувь нь ардчилалд сэтгэл дундуур байна
МОСКВА. /TASS/. Их Британийн социологичид дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа 4 сая хүний дунд томоохон хэмжээний судалгаа явуулж, түүнд оролцогчдын 57 хувь нь одоо байгаа ардчилсан институцэд итгэж, найддаггүй болохыг тодрууллаа гэж Кембрижийн их сургуулийн хэвлэлийн албан мэдээлжээ.
“Ардчилал дэлхий даяар эрүүл бус байдалтай байна. Сүүлийн жилүүдэд ардчилсан улс төрийн институцэд сэтгэл ханамжгүй байдал хурдацтай нэмэгдэж байгааг бид олж харсан. Одоо ийм байдал тэр дундаа хөгжилтэй орнуудад оргил цэгтээ хүрсэн” гэж Кембрижийн их сургуулийн улс төр судлаач Роберто Фоа ярьсан байна.
АНУ болон бусад оронд үзэл бодлын туйлшрал нэмэгдэж байгаа бөгөөд үүний улмаас өрсөлдөгч улс төрийн хүчнүүд хоорондоо хамтран ажиллах бараг боломжгүй болж байна гэж улс төр судлаачид, улс төрийн тоймчид сүүлийн жилүүдэд байнга ярих болсон билээ.
Тэдний үзэж байгаагаар, энэ нь үндэсний болоод дэлхийд тулгамдаж буй эдийн засаг, улс төрийн шинж чанартай, хуримтлагдсан асуудлуудыг шийдэхэд голдуу радикал, ардчилсан бус саналуудыг тавьдаг популист нам, хөдөлгөөнүүд бий болоход хүргэсэн байна. Тухайлбал, Дональд Трамп, Борис Жонсон болон “Brexit”-ийг дэмжигчид ялсныг, мөн Испани, Грекийн парламентын сонгуулиудад хэт зүүний үзэл баримтлагч хүчнүүд ялсныг ийм жишээгээр тайлбарлаж болно.
Фао болон түүний багийнхан орчин үеийн дэлхийн улс төрд иймэрхүү хандлагууд бий болсон шалтгааныг тодруулжээ. Ингэхдээ тэд дэлхийн хэмжээнд улс төрийн байдлыг бүхэлд нь үнэлж дүгнэх төслийн хүрээнд Кембрижийн их сургуулийн сүүлийн 25 жилийн турш цуглуулж байгаа мэдээллүүдэд дүн шинжилгээ хийсэн байна.
Энэ хугацаанд эрдэмтэд 4 сая гаруй хүний саналыг асууж, 154 оронд хэдэн мянган судалгаа явуулж, сонгогчдын улс төрийн сонголт, төрийн байгууллагуудад хандах хандлага 1995-2020 онд хэрхэн өөрчлөгдсөн талаар маш олон мэдээлэл цуглуулж чаджээ.
Эрүүл бус ардчилал
Эдгээр мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ одоо ардчиллын бүх институц хямралын байдалд байгааг харуулжээ. 1990-ээд оны дунд үеэс хойш ардчилалд итгэх итгэлийн дундаж түвшин 10 хувиар буурсан бөгөөд энэ нь одоо дэлхийн оршин суугчдын талаас илүү хувь нь ардчилсан институцүүдэд сэтгэл дундуур, тэдгээр нь дэлхийн бүхий л томоохон асуудлыг шийдэж чадна гэдэгт итгэхгүй байгаатай холбоотой байна.
Ялангуяа энэ үзүүлэлт хүйтэн дайн дууссаны дараа ардчиллын үр ашиг, түүний улс төрийн тогтолцооны бусад хэлбэрээс давуу байдалд хүн амынх нь 75 орчим хувь нь итгэж байсан АНУ, Их Британи, Франц болон өөр олон улсад эрс өөрчлөгджээ. Энэ үзүүлэлт 2005 он гэхэд 60 хувьд хүрч буурсан бөгөөд үүнээс хойш эрчимтэй унасан байна. 2020 он гэхэд 43 хувьд хүрч буурсан нь эдийн засгийн хямрал төдийгүй дайн, улс төрийн дуулиан шуугиантай холбоотой аж.
Британийн судлаачдын бичиж байгаагаар, үүнд цөөн тооны улс үл хамаарна. Тэдгээрийн тоонд Швейцар, Норвеги, Нидерланд зэрэг Европын орнууд, мөн Зүүн Өмнөд Азийн улсууд орж байгаа аж. Бусад оронд, тэр байтугай ардчилалд үл итгэгч Латин Америкт ч гэсэн түүнд итгэх итгэлийн түвшин улам буурч, хамгийн доод түвшинд хүрчээ.
“Өөрөөр хэлбэл популизм бол шалтгаан биш, харин ардчилал одоо эрүүл бус байдалд байгаагийн шинж тэмдэг юм. Ардчилсан институцүүд эдийн засгийн хямралаас эхлээд дэлхийн дулаарал зэрэг бидэнд тулгамдаж байгаа гол асуудлуудыг шийдэж чадна гэдэгт хүмүүс итгэх нь улам багассаар байна. Хэрэв ардчиллыг дэмжигчид түүнд итгэх итгэлийг сэргээхийг хүсвэл энэ байдал өөрчлөгдөх ёстой” гэж Роберто Фоа дүгнэлээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: