Н.Номтойбаярыг явуулах, эс явуулахын ард юу болох вэ

2site_HJxIhLDУИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороогоор өчигдөр хэлэлцсэн. Тус байнгын хороодоос Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Ингээд харахад түүнийг явуулахааргүй л харагдаж байна. Гэхдээ байнгын хороод Засгийн газрыг огцруулахгүй гэх шийдвэр гаргасан ч чуулганы хуралдаанаар огцруулчихаж байсан гашуун түүх бий. Хамгийн наад захын жишээ гэвэл 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан үйл явцыг дурдаж болно. Үүний нэгэн адил чуулганы хуралдаанаар “Асуудлуудынхаа үнэн мөнийг олоод ир” гэсэн гэмгүй үг хэлээд, бүрэн эрхийг нь түдгэлзүүлчихийг үгүйсгэх аргагүй. МАН-ын бүлгийн хурал дээр ч ийм л үг хэлжээ.
УИХ-ын гишүүн үнэн мөнөө тогтоолгоод эргээд парламентдаа сууж байсан түүх байдаггүй. Сонгууль дөхчихсөн энэ үед хэзээ үнэнээ олж, хэзээ нь ч буцаж ирэх юм. Энэ нь эелдгээр явуулна л гэсэн үг. Ямартаа ч МАН-ын бүлэг дээр ингэж шийдсэн нь сонирхол татаж байгаа. Энэ нь намын даргын өмнөөс өрвөлзөж, үгэнд нь ороогүйн сануулга байсан биз. Хатуу ч сануулга байв.
Хэрвээ Н.Номтойбаяр гишүүнийг явуулах юм бол хэрэг үүсгэж шалгаж байгаад сонгуулийн дараа “Уучлаарай. Та гэм буруугүй байжээ” гэж хэлэх магадлал өндөр. Н.Номтойбаяр л хүн алав гэж. Хөдөлмөр эрхлэх сантай холбоотой гэх асуудал салбарын сайдын хувьд хийх ёстой ажлуудынх нь л нэг байсан. Нэг ёсондоо энэ бүхэн ирэх сонгуулиас нэрийг нь татуулах арга л даа. Энэ технологи шинэ зүйл ч биш юм. Намбарын Энхбаяр, “Сод Монгол”-ын Ц.Анандбазараас эхлээд энэ технологид өртөгсдийн нэр хөвөрнө.
Байнгын хорооны шийдвэрээс харахад Н.Номтойбаярыг явуулахгүйгээр шийдчих шиг боллоо. Хэрэв энэ шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаанаар бататгавал УИХ болон МАН-д юу өрнөх, ямар үр дүн үүсэх вэ гэдэг нь тун сонин. Хэрэв тэр үлдвэл МАН-д жинхэнэ тулаан үүснэ. Учир нь тэрээр “Нам биш, харин гишүүд минь намайг авч үлдлээ” л гэж бодно. Үүнийг Н.Номтойбаяр ойлгохтойгоо. Тиймдээ ч түүний хэний эсрэг яаж тэмцэх нь тодорхой. Ёстой нууж хаах зүйлгүй хүчтэй тэмцэж таарна. Энэ хэрээрээ Монголын улс төр асар сонирхолтой болно. Тэгвэл Н.Номтойбаярыг үлдээж байгаад улстөрчдийн дундах хагаралдаанаар хэн нь хэн бэ гэдгийг харвал яасан юм бэ. Нэг ангиас нөгөө анги руугаа улам сонирхолтой болж үргэлжлэх, үйл явдал нь шатлан өргөжих сериал мэт л байх биш үү. Үүнд эргэлзэх зүйл огтхон ч алга.
Өдрийн сонин


URL:

Сэтгэгдэл бичих