“Хүннү Эйр”-ийн хүн чанаргүй удирдлагуудын балаг

“Хүннү Эйр”-ийн хүн чанаргүй  удирдлагуудын балаг

Цуврал-2

3f49459137ce09c0444ea59fce4e4ca3

              “Хүннү Эйр” компанийн удирдлагууд хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг хангах талаар юу ч хийдэггүйгээс болоод  23-хан настай О.Мэргэншагай гэдэг залуу  үйлдвэрлэлийн осолд өртөж хүнд гэмтсэн ноцтой хэргийн талаар бид энэхүү цувралынхаа эхний дугаарт  тодорхой өгүүлсэн билээ. Хохирогч О.Мэргэншагай нь эмнэлэгт бүтэн хоёр сар гаруй ухаангүй хэвтээд, саяхнаас тэргэнцэр дээр суудаг болсон боловч уг ослын улмаас өрөөсөн нүд нь муудаж, хөл гар саажилттай, биеийн байдал маш хүнд хэвээрээ байна. Гэвч тус компанийн зүгээс  анхнаасаа хэргийн газрын үзлэгийг хийлгээгүй бөгөөд  хэрэг бүртгэлтийн ажиллагааг  нээлгүй тэр чигт нь орхиж, улмаар хэргийн ул мөрийг баллаж бултах бүхий л аргыг хэрэглэн, эцэст нь хохирогчийг өөрийн буруугаас болж осолд орсон гэх ухааны юм яриад, түүнийгээ баталгаажуулахыг оролдсоор байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, тийнхүү эрдэнэт хүний амь, амьдарлаар тоглож буй  “Хүннү Эйр”-ийнхэн “Манайд осол болоогүй” гэдэг юм байна.

Хятадын Манжуур зэрэг хэд хэдэн чиглэлд нислэг хийдэг тус компанийн дийлэнх хувьцааг Монголын хамгийн том, хамгийн баян чинээлэгт тооцогддог МАК компани эзэмшдэг болохоор зарим нь “Яагаад осолд өртсөн тэр залууд тусалдаггүй юм бэ” хэмээн гайхаж буй нь лавтай. Ер нь хуулийнхан болоод “МАК”,  “Хүннү Эйр”-ийнхэн аль аль нь хохирогчид жоохонч гэсэн хүнлэг энэрэнгүй сэтгэлээр хандаж болох л байсан байх. Харамсалтай нь тэгдэггүй юм байна. Тэр бүү хэл “Хүннү Эйр”-ийн захирал П.Мөнхжаргал гэгч нь Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийнхэнтэйгээ хуйвалдан ослын талаарх мэдээллийг нуун дарагдуулсан нь одоо ил болоод байгаа ажээ. Жишээлэхэд, хохирогчийн ар гэрийнхнээс аргаа бараад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынханд хандахад уг ослын талаар юу ч мэдээгүй байсан гэдэг. Тэгээд 14 хоногийн дараа “Хүннү Эйр” дээр очиж шалгалт хийхэд өнөөх урьд нь механикууддаа тавьж олгодоггүй байсан 20 мянган төгрөгийн үнэтэй хөдөлмөр хамгааллын каск малгай гэх мэт бүх зүйлсийг шинээр хангаж өгсөн байв. Өөрөөр хэлбэл, нүглийн нүдийг нурилаар хуурав гэгч л болоод өнгөрчээ. Иймээс ослын талаарх мэдээлэлгүй хяналтын байцаагчид нь “Хүннү Эйр”-ийн удирдлагуудын амаар “Хохирогчийн буруу” гэсэн акт бичсэн байна. Үүнийг ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөөгүй.

Тиймээс хохирогчийн авга ах Д.Совд өөрийн биеэр хөөцөлдөж явсаар сүүлд нь “Үйлдвэрлэлийн осол” гэдгийг хагас дутуу ч гэсэн баталгаажуулж чадсан байна. Хамгийн харамсалтай нь “Хүннү Эйр”-ийн удирдлагууд хэргийн газрын шалгалт, актыг ээлжийн ахлагчаар хийлгэсэн байжээ. Энэ нь мэдээж, чих зөөлөнтэй, дарга нарынхаа хэлсэн ёсоор “хэдэн өгүүлбэр холбоод бичиж орхино” гэж анхнаасаа тооцсон хэрэг биз.

“МАК” компани нэгэнт хувь эзэмшиж буйн хувьд “Хүннү Эйр”-ийг Иргэний нисэхийн Олон улсын хэм хэмжээ, хууль, журам, стандартын дагуу хариуцлагатай ажиллуулах учиртай.  Гэтэл “Хүннү Эйр”-ийн захирал П.Мөнхжаргал нь өнгөрсөн оны хавар худалдаж авсан шинэ онгоцоо хадгалах Ангар буюу граш байхгүй тулд зориулалтын бус, өнөөх онгоцных нь сүүл хэсэг ил задгай байрлах, зориулалтын бус грашид хийдэг болсон байв. Тэгээд онгоцныхоо ил гарсан хэсгийг цас, борооноос хамгаалан юмаар хучиж тавьдаг болжээ. Тэгвэл үүнийхээ оронд хүйтний улиралд мөсдөлтөөс хамгаалах 18 мянган төгрөгийн үнэтэй шингэнийг худалдаж аваад арчуулдаг байсан бол тийм осол гарахгүй байх магадлалтай байлаа. Гэвч тэд зөвхөн гараар хучих эрт балар цагийн бүдүүлэг байдлаар аргалах гээд хоол зөөдөг машин ашиглан механикуудаа түүгээр дамжуулан дээш  хүчээр авируулснаас болоод хохирогч О.Мэргэншагай осолджээ.

Ослын газрын үзлэг хийгээгүй, хэрэг бүртгэлт нээгээгүй, хэргийн газрын камерийн бичлэгийг нууцлан хохирогчийн талд үзүүлдэггүй зэрэг нь “Хүннү Эйр”-ийн захирал П.Мөнхжаргал болон Чингис хаан нисэх буудлын захирал Д.Мөнхбаатар нартай шууд болон шууд бусаар холбоотой гэж үзэхээс аргагүй юм. П.Мөнхжаргалын хувьд урьд нь ИНЕГ-ын дэд дарга байсан тул энэ хонхортоо овоо нөлөөтэй нэгэн бололтой. Түүнчлэн Чингис хаан нисэх буудлын захирал Д.Мөнхбаатар нь УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр бөгөөд тэр бас их сүрхий “азарган тахиа” маягтай аашилдаг юм шиг байна. Тэднээс гадна Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн төрсөн дүү, цагдаагийн хурандаа Л.Ганбаатар ажилладаг.  Мань хүн  уг нь хохирогч О.Мэргэншагайн төрж өссөн нутаг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас анх ажлынхаа гарааг эхэлж байсныгаа боддоггүй юмаа гэхэд ядаж хуулиа дээдлэхийг хичээсэн бол болох л байсан юм. Гэвч цагдаагийн хурандаа Л.Ганбаатар  нь уг осол дээр хуулийн дагуу ажилласангүй. Тэр “Хүннү Эйр”-ийнхэнтэй хуйвалдав уу.

Хот газар таних хүн, ах дүү, хамаатан садан цөөнтэй хөдөөгийн малчны хүү болохоор нь О.Мэргэншагайг тийнхүү хүний тооноос хассан мэт хэтэрхий басамжлах дарга “толгойтонгууд”  ер мундахгүй бололтой.  Хохирогчийн авга ах Д.Совд ярихдаа “Надад уулзаагүй, хандаагүй дарга нар одоо байхгүй болсон. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандан, хэргийг үнэн зөв шалгаж шийдэхгүй байгааг бичиж өгсөн чинь нэг ажилтан нь “Бид нэг хүний хохирол гомдолын дагуу ажиллах боломжгүй” гэсэн. Би үүнийг нь ойлгоогүй. Бодвол тэд хүмүүс бөөн бөөнөөрөө хохирсон тохиолдолд ажил хийдэг юм болов уу.  Хамгийн сүүлд Ерөнхий сайдад албан бичиг илгээсэн. Мөн Улсын Ерөнхий прокрорт хандсан” гэж байлаа.

Үргэлжлэл бий.

О.Баяр

Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих