Орхоны Засаг ноён бусдын амь нас, эрүүл мэндэд заналхийлдэг үү?

IMG_0092Орхон аймгийн Засаг ноён Д.Батлутаас болж амь нас, гэр бүлийнхэн нь аюулд учраад байгаа талаар иргэн Э.Баярхүү олон нийтэд хандсаар байна. Түүний хэлж байгаагаар аймгийнхаа Засаг ноёны хуудуутай үйлдлийг илчилж, улмаар хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж, жагсаал хийсний төлөө амь нас, эрүүл мэндэд нь заналхийлсэн гэж байгаа. Тэр бүү хэл, хилс хэрэг тулгах, айлган сүрдүүлсэн үйлдэл ч гаргасан талаар хэлж байв.

Иргэн Э.Баярхүүгийн олон нийтэд ил гаргаж тавьсан эхний асуудал нь аймгийн Засаг дарга Д.Батлутын автомашины тансаглал. Үнэндээ Засаг ноён болон аймгийн ИТХ-ын даргын авто машины тансаглал гурван жилийн турш хэвлэлүүдийн хуудаснаас салаагүй нь үнэн юм. 2019 оны аудитын тайланд хүртэл энэ тухай бий. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн төлөх газрын төлбөрийн 2019 оны арванхоёрдугаар сарын төлбөрөөс 208.5 сая төгрөгийг суутган тооцож Аймгийн Засаг даргын Тамгын газарт 2 ширхэг автомашин авсан тухай онцолсон. Ингэхдээ “TCL Prado 150 petrol, AT” маркийн авютомашиныг 133.5 сая төгрөгөөр, 2000 оны “Toyota land cruiser 100” маркийн автомашиныг 30.0 сая төгрөгөөр авсан байдаг. Мөн аймгийн Татварын хэлтэс 2008 оны “Toyota Highlander limited edition” маркийн автомашиныг 45.0 сая төгрөгөөр авсан байгаа юм.

Уг нь мань Засаг ноён төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан компани хүмүүсийг олон нийтэд зарлаж шүүхэд хандана хэмээн өнгөрсөн жил нь тунхаглаж байв. Харамсалтай нь өөрөө төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд ийнхүү зарцуулж эхэлсэн тул иргэдийн бухимдал тийнхүү эхэлсэн хэрэг.

Түүнчлэн тойрон хүрээлэгчиддээ орон сууц “бэлэглэсэн” Д.Батлут өнгөрсөн 3 жилийн хугацаанд 20 гаруй улсаар аялсан байдаг. Тодруулбал, Бээжин, Манжуур, Хонг Конг, Шанхай, Дубай зэрэг хотуудаар, Оросын Холбооны улсын олон хот район, Хойд ба Өмнөд Солонгос, Турк, Япон, Герман, Вьетнам, хамгийн сүүлд гэхэд Унгар улсын Секешфехервар хот гэх мэт дэлхийн 20 гаруй хот, улсаар хэд хэдэн удаагийн давтамжтайгаар хамгийн ихдээ аймгийн ИТХ-ын 20 орчим төлөөлөгч дагуулан төсвийн мөнгөөр зочилсон байгаа юм. Туршлага судлах нэрээр явсан нөхөд  Вьетнамд төрийн өмчит компанийн захирлуудын хамт шар айраг ууж, Ханой хотоор зугаалж байгаа зураг өөрсдийнх нь цахим хуудаст тавигдаж олны шүүмжлэлийг дагуулж байв. Вьетнамын аялал Орхон аймгийн ИТХ-ын төсвөөс гарсан гэх хүчтэй шүүмжлэл хэсэгтээ тасраагүй. Харь улсад хангалттай туршлага судалсан Засаг ноён аймагтаа харин юу хийв гэдэг анхаарал татна.

Солонгос явж ирснийхээ дараа ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Бат-Эрдэнэтэй хамтран ББ орон сууцны хотхоны ажлыг эхлүүлсэн ч ахиц гарсангүй. Тус хотхон наадмын талбай, цэнгэлдэх хүрээлэнгийн газраас хумсалсан үндэслэлээр хэл ам дагуулсан. Энэ талаар иргэн Э.Баярхүү “Хууль бусаар газар олголтын асуудлыг асар их хэмжээгээр хийсэн. Наадмын талбайгаас газар өгч, Солонгосын хөрөнгө оруулалттай барилгын ажил эхлүүлсэн. 2016 оноос хойш хууль зөрчсөн байж болзошгүй мэдээллүүдийг АТГ-д шалгуулж байгаа” хэмээсэн.

Аймгийн Засаг даргын суудалд “ногоон гэрэл”-ээр шахам суусан Д.Батлут 2013 оноос хойш аймгийн МАН-ын хорооны даргын албан тушаалыг хашиж байгаа. Энэ хугацаандаа мэнд мэдсэнгүй хэмээн бусдын биед гар хүрч явсан түүний туслах хүртэл боевик нэгэн байсан аж. Ямартаа нударганы асуудлаас болж туслахаа шинэчлэн, шинэ залуугаар цүнхээ бариулсан бөгөөд шинэ Туслах хоёр жил цүнх барьж гүйгээд байртай болсон гэдгийг Засаг даргын Тамгын газар даяар жиг жуг гэж байна.

Тэрбээр төсвийн хөрөнгөд энэ мэтчилэн тун үрэлгэн нэгэн бололтой. Ёстой баруун, зүүнгүй цацдагийг шилэн данснаас нь харж болно.

Ийнхүү олон асуудалд таагүйгээр холбогддог түүнийг дээрх иргэн өөрийн цахим хуудсаар амь нас, гэр бүлийнхэнд нь ямар нэг зүйл тохиолдвол Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут байх болно гэдгийг илэрхийлсээр байхад хуулийн байгууллагууд болон Засаг ноёны зүгээс ч ажин түжин суугаа нь хачирхалтай.

http://niigmiintoli.mn/article/27586


URL:

Сэтгэгдэл бичих