ТӨР-ийн шийдвэр дагасан хүмүүс ОРК болохгүй!
Нийгмийн сүлжээгээр Emart, Номин г.м дэлгүүрийн гурил, будаа дуусч, хомсдол үүссэн тухай шуугиж байна. Рестораны хангамжаа татаж буй ажилтны гэрэл зургийг тавьчихаад л сургаж эхэлсэн. Нэн ялангуяа “боловсролтой” гэж өөрсдийгөө дүгнэдэг хүмүүс элдэвээр цэцэрхэж харагдана. Бүр сүүлдээ “гүүрний цаана байдаг хүмүүс аминдаа хамгийн хайртай”, “Хан-Уул дүүрэг, Зайсан хавийн иргэд хамгийн орк” г.м-ээр доромжилж харагдана. Иргэдийн олонхи сандарсандаа худалдан авалт хийгээгүй. БНХАУ-д дэгдсэн короновирус өвчний халдвар бүртгэгдэн, тархаж магадгүй тул гэр бүлтэйгээ аль болох гэртээ байж, дархлаагаа дэмжихийг хичээж байгаа харагдана. Тиймдээ ч өдөр тутам хийдэг худалдан авалтаа хязгаарлан, хүнсээ бөөндөн авч гэртээ хүүхэд хөгшдөө харж байна. Чухам тэднийг ийм арга хэмжээ авахыг хүсч л ТӨР ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020.03.02 хүртэл түр зогсоосон билээ. Ийм байхад иргэддээ талархал илэрхийлэхийн оронд доромжлоод сууж буй хэсэг дэндүү өрөвдөлтэй санагдана.
Эмийн сан, дэлгүүрүүдэд амны хаалт, цэнхэр спирт, гар ариутгагч бодисууд дууссан нь урьдчилан сэргийлэх уриалгыг иргэд 100% хэрэгжүүлж буйг харуулж байна. Одоо харин дотоодын үйлдвэрлэгчид болон Улсын онцгой комисс энэ чиглэлд анхааран хангамж, үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжихэд л хангалттай. Үнэгүй амны хаалт, элдэв зүйл тараасанаас энэ нь илүү үр дүнтэй. Хангалттай нөөц байвал иргэд дуулгавартай нь аргагүй гэртээ суугаад өвчний тархаж болзошгүй үеийг эрсдэлгүй давчихна.
Угаасаа олныг хамарсан тахал өвчин гарсан тохиолдолд хөл хорио тогтоодог. Иргэд харин ч асуудал хүндэрсэн хойно гудамж, дэлгүүрт “алалцаад” байхгүй сонголтыг хийчихлээ. Намайг Германд хэсэг амьдарч байхад тэндэхийн хуучны орон сууц, хауснууд олонхи нь нөөцийн агуулахтай байдаг байв. Иргэд нь түргэн муудахгүй хүнсний бүтээгдэхүүнээр агуулахаа ямагт дүүрэн байлгана. Нөөцийн агуулах нь ихэвчлэн хонгилд байрлан, өдөр тутмын хэрэгцээндээ санаа зовохгүй хэрэглэнэ. Улмаар нөөцийн 30% хэрэглэгдвэл сар, улирлын эцэст дахин дүүргэнэ. Дайн буюу зовлон үзсэн орны иргэд гэнэтийн аюулд үргэлж бэлэн амьдардаг юм билээ. Ийм ч учраас болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэлийг дор бүрнээ авахыг ТӨР олон нийтэд уриалдаг. Монголын иргэд баян таргандаа биш тандалтын 1 сарын хугацаанд хувийн бэлтгэлээ чамбай хангачихсан нь бидний эрсдлийг улам л бууруулж байна. Харин ч өвчин гарсан тохиолдолд сандарч, үймэхгүй байх хэмжээнд болсон санагдана.
Одоо 2020.03.02 хүртэл телевизүүд онлайн хичээл үнэ төлбөргүй гарган, Univision Skymedia г.м IPTV сувгууд шилдэг контентуудаа 50% хямдруулаад өгөх хэрэгтэй. Кинотеатр, тоглоомын төвүүд амарсан тул тэдэнд оюуны хэрэгцээг хангах бяцхан бэлэг өгчих. Хувийн бэлтгэлээ чамбай хангасан хүмүүсээс болж хомсдол үүсэхгүй. Үйлдвэрүүдийн агуулахад байсан хэсэгхэн зүйлс айл өрхийн хангамжинд шилжсэн. Цаана нь ч хангалттай нөөц бий. Битгий санаа зов. Дэлгүүрүүд татан авалтаа хийж, компаниуд борлуулалтаа хийсээр л байх болно.
Аа харин нэг асуудал бий. Тэр бол цагаан сарын бэлтгэл нэрээр зах, худалдааны төвөөр явж буй хөгшчүүд. Дархлаа муутай эдгээр хүмүүс халдварт өвчин дэгдлээ гэхэд хамгийн түрүүнд тээвэрлэгч болно. Тэднийг эртхэн санааг нь амраагаад “цагаан сарыг цуцалчих” хэрэгтэй. За тэгээд хүүхэд хөгшдөө гэртээ санаа амар үлдээн, хоол хүнсэнд санаа зовохгүй болчихсон тул ХӨДӨЛМӨРИЙН НАС-ныхан бид ажлаа хийгээд л явахад хангалттай.
Эцэст нь хэлэхэд:
- Амны хаалт тогтмол зүү, аль болох гадуурх ажлаа хязгаарла
- Гараа тогтмол угаа, хүнтэй гар барьж мэндлэхээ зогсоо
- Ус сайн уу, дархлаагаа дэмжсэн шим тэжээлтэй хоол ид
- Орой гэртээ хариад шууд усанд орж, гэрийн үүд алчуур, өмссөн гадуур гуталаа Comet-той усаар арч
- ЭМЯ, Улсын онцгой комиссын өгч буй мэдээллийг үзэж бай.
URL: