НЗДТГ: Бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүй
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан болон Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнгөрсөн амралтын өдрүүдэд хэлэлцсэн.
Хуралдаанаар ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, их дээд сургууль, ЕБС, цэцэрлэг, МСҮТ-ийн үйл ажиллагааг мөн энэ хугацаанд хориглох шийдвэрийг гаргасан. Харин томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хаах шийдвэрийг гаргаагүй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааны талаар тодорхой байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Зах, худалдааны төвүүдэд аль болох эрсдэл гаргахгүй байхаар зохион байгуулна. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд Засгийн газрын хуралдаан болон нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн юм. Харин зах, худалдааны төвүүдэд чийгтэй цэвэрлэгээ хийж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэхийг холбогдох албаны хүмүүст Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар Хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болгосон.
Тийм учраас иргэд, олон нийтийг цахим орчноор тархаад буй зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүй гэдгийг уламжилж байна. Ийм ташаа мэдээлэлд автахгүй байхыг иргэд, олон нийтэд анхаарууллаа.
URL: