ХӨШӨӨТ ЯАГААД ХӨГЖСӨНГҮЙ ВЭ? ХӨЛЖИЖ ЯАГААД ДЭВЖСЭНГҮЙ ВЭ?

Нэг: ЭХЛЭЛ БА инээдэм, элэглэл

Хөшөөтийн уурхай нь Ховд аймгийн Сутай хайрхан уулын ар бэл, Баатарын нуруу дамжин оршдог. Энэ газар нутагт тарвага, туулай нэгэн цаг үед элбэг байв. Газрын шар тос хэмээдэг тарваганы нүхний ам , дошин дээр хар шороо, чулуу байх. Нутгийн иргэд, айл өрх аргал, харганы адил түлж болдогийг эс мэднэ. Харин ганц хоёр дархан хөөргийн галандаа ашигладаг байсан тухай аман яриа байдаг. Тэгвэл анх хэдэн онд, хэн, ямар хөрөнгөөр хийсэн тухай асуулт аяндаа гарна. Тэгвэл анхны хайгуулыг Баянхонгор аймаг дахь Геологийн экспедици 1967 онд эхлэн хийж, улмаар 1978, 1981 онд дахин үргэлжлүүлж, 27 цооног өрөмдөлт, 10 шуудуу ухалтаар 1,1 тэр бум тонн нүүрсний нөөцтэй хэмээн тогтоосон байдаг. Зарим эх сурвалжид 2,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж бичигдсэн нь бий. Нөөц нь үнэн тогтоогдох цаг ирнэ байлгүй. Цаг хугацаа бүхний шударга шүүгч, мэргэн нотлогч бус уу?. Хайгуулын ажил улсын хөрөнгө оруулалтаар хийгдсэн бөгөөд орос ах нар мэргэжлийн туслалцаа үзүүлж байсан нь мэдээж билээ.

Нүүрс олзворлолтыг анхлан 1969 оны 6  дугаар сард Говь-Алтай аймгийн Цахиуртайн уурхайн салбар хийж, 1971 оноос Хөшөөтийн нүүрсний уурхай хэмээгдсэн улсын үйлдвэр байгуулагдаж, ажиллаж эхэлсэн, Энэ уурхай 1990 он хүртэл 24,9 сая тонн нүүрс олборлож, Ховд, Говь-Алтайн аймаг, сумын уурын зуух, айл өрхийн хэрэгцээнд нийлүүлж байжээ. Инээд гижигдэж, гайхашрал төрүүлсэн нэг сонин яриа байдаг. Уурхайн өргөтгөл өнгөрсөн зууны 80-аад оны сүүл 90-ээд эхээр төвлөрсөн хөрөнгө оруулалтаар хийгдсэн байна. Гэтэл нүүрс олзворлох хэмжээнд хөрс хуулагдаагүй байв.. Учир юу болов хэмээвэл хөрс хуулалтыг тооцоолсон маркшейдер нь тооны таслал буруу тавьсантай холбоотой гэсэн яриа ам дамжин яригддаг байв, Орос ардын дунд «миловать» хэмээх үгийн хоёр дахь үе дээр өргөлт өгвөл өршөөх, хэрэв гурав дахь үе дээр өргөлт өгч дуудвал цаазлах гэсэн утгатай болж, утга санаа нь эсрэгээр эргэдэг шиг юм болж, Хөшөөтөд бөөн инээдэм, элэглэл болж байсан гэлцэнэ.

Хоёр: ХОЙНООС ИРЭЭД ХОТОНД, ХОТОНД ИРЭЭД ЭЗЭН СУУЖЭЭ

Гэтэл дээрх жишээ баримтаас хэд дахин илүү алмайрал, гайхшрал төрүүлсэн, Ховд, Монголын ард түмний төдийгүй дэлхийн хөрөнгө оруулагчдыг шуугиулсан нэгэн үйл явдлын амьд гэрч нь бид болоод байна. Учир юу гэвэл Хөшөөтийн уурхайн орд газрыг эзэмшигч «Монголиа Энержи» ХК гэнэт тодорч, хувьцаагаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр борлуулж, 2,9 тэрбум ам. долларын хөрөнгө босгосон байна. Анх энэ компанийн эзэд нь Хятад хүмүүс хэмээн намтраа зурагтайгаа тавьж байсан гэдэг. Энэ талаар нутгийн иргэд, иргэний хөдөлгөөнийхөн аймгийн Засаг дарга Г.Нямдаваагаас асуувал тэр “Би тийм компанид хөшөөтийн уурхайгаас хайгуулын болон ашиглалтын нэг ч зөвшөөрөл, лицензи өгөөгүй” хэмээн бултаж үзэв. Гэтэл худал хэзээ ч илэрдэгийн адил олборлолтын лицензүүд нь гэхэд л 1640А, 4322А, 6525А, 11887А, 11888А, 1414А 11889А, 11890А гэсэн дугаартай байсан нь тодорч .нийт олборлолт хийх талбай нь 34265 га газар байна гэсэн баримт сөхөгдөж, Г.Нямдаваа даргын лизенци олгохыг хүссэн зөвшөөрөл бичиг олдсон байна. Монгол Улсын Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас олгосон хайгуулын болон олборлолтын лицензийг 70 жилийн хүчинтэй хугацаатай нь Хонконгийн хөрөн­гийн бирж дээр сурталчилсанаар бүр ч баталгаажив.

Хөшөөтийн уурхайн хайгуулын лицензийн байгаль орчны үнэлгээг Г.Нямдаваагийн хувийн компани хийж, багагүй мөнгө гөвшсөн хэмээн яригдаж эхлэв. Г.Нямдаваа дарга аргагүйд автагдаж, үнэнд гүйцэгдэж, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн хамтарсан хурал гээчийг хуралдуулж, хуурамч гэрээг Мон-Эн-ко компанитай байгуулжээ. Нөгөө Монголиа Энэржи компанитай биш шүү. Мон-Эн-ко компанид монгол захирал нар ажиллаж байжээ, Байгуулсан гэрээ гэгчид 6 сумын нутгийг дайран өнгөрөх хүнд даацын 17 гүүр, 200 гаруй ус дамжуулах хоолой бүхий 328 км авто замыг Монголын хил дэх Ярант боомт хүртэл барьж ашиглалтад оруулах, Хөшөөтийн уурхайд 1,0-1,5 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр, 36 МГВ-ын хүчин чадалтай цахилгаан станц, шахмал түлшний үйлдвэр баригдах, нэг ч тонн түүхий нүүрс импортлохгүй байх, Хөшөөтөд орчин үеийн тосгон бий болж, жил бүр аймгийн төсөвт 5,0-10,0 тэр бум төгрөг татвараар оруулахаар тусгагдсан байна. Үүнийгээ Мон-Эн-ко-гийн удирдлага, засаг дарга Г. Нямдаваа нар бүх хэвлэл, мэдээлийн хэрэгслээр сурталчилж, ард түмний уур хилэнг дарж, намжаасан. Гэтэл авто зам барихаас бусад ажил бүрэн орхигдсон байна. Хилээр түүхий нүүрс дээж нэртэйгээр тээвэрлэгдэн гарч эхэлжээ. Энэ ажилд УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн «Мафи» орж ирж, түүхий нүүрс импортлогдсон орлогоос татвараар 2011 онд 1,4 тэрбум төгрөг, Ховд аймгийн төсөвт оруулах даалгавар өгчээ. Гэтэл энэ татвараа өгөөгүйгээс аймгийн эдийн засаг, санхүү ихэд хямарч, оны эцсээр шахуу аймгийн төсөвт тодотгол хийгдэж, тэр мөнгө улсын төсвөөс олгогджээ.

Энэ 2О12 онд бас л түүхий нүүрс импортлогдсон орлогоос татвараар 3,4 тэрбум төгрөг аймгийн төсөвт оруулах даалгавар өгөгджээ. Түүхий нүүрс хямд үнээр импортлох нь лав л улсад, ард түмэнд ашиггүй харин хэн нэгэн хүн, олигархиудын халаасыг зузаалахад хэрэгтэй биз ээ. .Аймгийн санхүү ч оны эхнээс хямарч эхэллээ. Түүхий нүүрс эх орны хил аязгаар давуулан хямд гарч, борлуулахтай холбогдуулан бас нэг “протокол” хийгджээ. Тэнд бохир нүүрс экспортловол 1,0 тонн тутамд 2, цэвэр нүүрс экспортловол 1 доллар аймгийн хөгжилд зарцуулахаар нүүрсийг Монголын авто машин тээвэрлэж, хилийн ойролцоо байгуулагдах нүүрс шилжүүлэн ачих цэгт буулгах зэрэг ач холбогдол бүхий асуудлууд тусгагдсан байжээ. Нүүрс шилжүүлэн ачих нь олон хүнийг ажлын байраар хангах, жолооч, ажилчдын хөдөлмөрийн хөлс нэмэгдэх, нүүрс дор элдэв хориотой болон үнэт түүхий эд нууж гаргах нөхцлийг багасгах зэрэг олон ач холбогдолтой санааг агуулж байжээ.Гэтэл энэ “протокол” Г.Нямдаваа даргын санаачилагаар ёстой будаа болж, өгөх ёстой мөнгө нь Ховд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд хандивлах 500,0 сая төгрөг болон хувирчээ. Одоо чинь захын нэг наймаачин залуутай сайн яривал ийм хэмжээний мөнгө салгачих байх л даа. Барьсан зам нь аюулгүйн нөхцлийг огт хангаагүйн дээр Хөшөөтийн нүүрс зөөгөөд дуусахад хамт эвдэрч зам биш там болох хэмжээнд баригдсан байна. Мон- Эко-гийнхны тогтоосон 87,9 сая тонн нүүрсний нөөцөөр тооцвол 7- 8 жилд түүхий буюу бохир нүүрсийг зөөж дуусах ажээ. Хөшөөт нутаг минь баахан онгичиж сийчсэн нүх цооног, хотгор болоод гүдгэр бүхий шар шороо хийсэн үлдэх нь ээ.

Өнгөрсөн 2 жилд нүүрс биш алт бас бусад ашигт малтмалын хайгуул хийдэг Хятадын нэгэн томоохон компанийн мэргэжилтэн 200-гаад хүнтэй нууцаар орж ирж, Мон-Эн-Ко компанийн эзэмшил талбайгаар төдийгүй Дарви сумын Өлзийт, Булган сумын Олонбулагийн уурхайгаар доншуучилж яваад гарсныг Г.Нямдаваа дарга мэдэж буй тул Монголын талд нүүрс шилжүүлэн ачих цэг барихыг эсэргүүцдэг биз дээ. Газар, түүний доорх баялаг төрийн өмч байдаг. Гэтэл Хөшөөтийн уурхайг 100,0 хувь гаднын хүмүүс тухайлбал хятадууд эзэмшдэг нь үйлийн үнэн сэн. Мон-Эн-Ко компанийн удирдлагууд одоо бүгд гадаадын иргэд болсон, үүнийг Г.Нямдаваа дарга сайн мэддэг. Хөшөөтийн нүүрсний уурхайтай холбоотой асуудал гарах тоолон аймгийн удирдлагууд Мон-Эн-Ко компаний даалгавраар хил рүү цувж очиж хуралдаад, тэдэнд ашигтай шийдвэр гаргаад.буцдаг, эсвэл гаалийханд дарамт учруулдаг ажээ. Ингэж л Монголын газар шороог хятадууд бирж дээрээ зарж, ашиг олж, дараа нь сэмхэн наймаалцсан юм шигээ. Ёстой л «Хойноос ирээд хотонд, хотонд ирээд эзэн» гэгчийн үлгэр Хөшөөтөд бодит биелэлээ олж байна. Нямдаваа даргаа! Тусгаар тогтносон Монгол Улсын минь газар нутаг усан дээр минь яагаад яс нь өөр, цус нь ондоон гадаадын иргэд эзэн хаан, ноён хатан суудал засч, эзэгнэнхэн төрнө вэ? Бидний олон ястан Монголчууд хаана төрөө вэ? Мөнгө улаан нүд цагаа гэгч энэ мөн үү? Хөшөөтийн нүүрсний уурхай яагаад урьд хөршдөө бол түмэн талын ашигтай, өөрсөддөө бол буман янзын гарзтай, эцэстээ мянган гамшигтай, зуун эмгэнэлтэй болох цаг яагаад айсуй байна вэ? .

Бидний хувь хүртэх гээд Өмнөговь аймгийн Тавантолгойн нүүрсний орд газар 6,5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Хөшөөтийн уурхай үүний дараа орох манай улсын томоохон нүүрсний орд газар билээ. . Гэтэл Стартегийн ордын жагсаалтад Хөшөөтийн уурхайн нэр байхгүй. Хайгуул нь улсын төсвөөр хийгдчихсэн асар их нөөцтэй орд газрыг Стратегийн орддоо багтаахгүйгээр орхино гэдэг байж боломгүй мэт санагдана.

Мон-Эн-Ко компани ашиглалтын байгаль орчны нарийвчилсан үнэлгээгүй ажиллаж, озворлолт хийсэн 2000 тонн нүүрсийг 2011 онд Г.Нямдаваа хуйвалдаан зохион байгуулж, дээж хэмээн хил нэвт­рүүлжээ. Энэ ажилд татвар хураамж төлж, хариуцлага хүлээсэнгүй. Ийм их дээж өгөхдөө үнэгүй өгсөн байж таарахгүй биз дээ.

“Мон-Эн-Ко” компани нүүрсээ тээвэрлэхээр БНХАУ-ын хил хүртэл 328 км хар зам тавихдаа байгаль орчинг сүйтгэж элс шороо, хайрга, ус хэрэглэсэн мөртлөө түгээмэл тархацтай орд ашигласан татвар, хураамж огт төлөөгүй явж ирснээ “Элгэн нутаг Сутай” ТББ-ын шаардлагаар 2009 оны сүүлээр ганц удаа 729,8 сая төгрөгийн татвар төлж энэ мөнгийг аймгийн удирдлагууд ямар ч хэрэгцээгүй зүйлд зарцуулжээ.

Дээрх төрийн бус байгууллага болон татварын албаны шаардлагаар дурдсан хураамж, татварт 1,5 тэр бум төгрөг төлөх ёстойг Г.Нямдаваа даргын ам шийдвэрээр багасгажээ. Үлдэгдэл мөнгөө төлөхгүйн тулд “Мон-ЭН-Ко” компанийн удирдлага юу хийснийг тодруулбал сонин хэрэг үүсэх биз ээ. Дарви сумын удирдлага ч гэсэн Хөшөөтийн уурхайн дайрлагад өртсөн өвөг дээдсийнхээ булш бунханыг сэргээнэ хэмээн айлгасаар багагүй мөнгө зувцуулсан гэдэг. Иймэрхүү жишээ олон байдаг аж

Гурав: ХӨШӨӨТИЙГ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, ЯАЖ ДЭГЖЭЭХ ВЭ?

1.Хөшөөтийн уурхайг Страте­гийн ордын жагсаалтад оруулах шаардлагыг УИХ, Засгийн газарт дахин тавих

2. Хөшөөтийн уурхайгаас түүхий буюу бохир нүүрс гаргахыг зогсоож, Хөшөөтийн уурхайд 1,0-1,5 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр, 36 МГВ-ын хүчин чадалтай цахилгаан станц, шахмал түлшний үйлдвэр барих ажлыг эхлүүлэх

3. Хөшөөтийн нүүрсний анхны хайгуулыг улсын төсвөөр хийж нөөц тогтоож, олзворлолт хийж байсныг харгалзан Ховд аймгийн иргэн бүрт биш юмаа гэхэд өрх бүрт хувьцаа хуваарилан эзэмшүүлэх.

4.Мон-Эн-Ко компанид ажилч­дыг Улаанбаатар хотоос бус Ховд аймгаас элсүүлэн авч байх.

5.Мон-Эн-Ко компанитай холбог­дон яригдаж буй авилга бодитой эсэхийг холбогдох байгууллагаар шалгуулах

6. Нүүрс хайгуул, олзворлолтоос үүссэн байгаль экологийн эвдрэлийг нөхөн сэргээж аймаг, сумын ЗДТГ-т хүлээлгэн өгч байх ажлыг хэвшил болгох

7. Унаган нутгийн суугуул иргэд, эрдэмтэн мэргэд, эмч багш, зохиолч сэтгүүлчид бид ийм л саналтай байна.

Зохиолч сэтгүүлч

Дагвын Жүгдэрбарам

Чойндонгийн Сондомдорж


URL:

Сэтгэгдэл бичих