АНУ-д коронавирусний халдварын таван тохиолдол бүртгэгджээ
БНХАУ-аас гаралтай шинэ коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний таван тохиолдол АНУ-д бүртгэгдсэн тухай тус улсын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төв /CDC/ мэдээлжээ.
Мэдээлэлд дурдсанаар, нэгдүгээр сарын 26-ны байдлаар АНУ-ын Аризона, Калифорни, Иллинойс, Вашингтон гэсэн дөрвөн муж улсад өвчний таван тохиолдол илэрсэн нь батлагдсан байна. Халдвар авсан хүмүүс бүгд Ухань хотоос ирсэн хүмүүс аж.
Уханьд анх илэрсэн шинэ коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалаа өвчний дэгдэлтийг CDC мөн анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдсэн байна.
БНХАУ-ын төвийн нутагт оршдог Ухань хотод шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин дэгдсэн тухай тус улсын эрх баригчид 2019 оны 12 дугаар сарын 31-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлжээ. Уг өвчний үүсгэгч нь “2019-nCoV” коронавирус болохыг мэргэжилтнүүд тогтоосон. Шинэ вирусний халдварын тохиолдол Хятадаас гадна Хонконг, Макао, Тайвань, Тайланд, Япон, БНСУ, АНУ, Канад, Вьетнам, Сингапур, Балба, Франц, Австрали болон Малайз улсад бүртгэгджээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр, Хятадад шинэ коронавурисний халдвар авсан хүний тоо 2700 давж, 80 хүн нас барсан байна.
URL: