БНХАУ вирусийг эмчлэхэд ХДХВ-ийн эмийг туршиж эхэллээ
БНХАУ-ын эрүүл мэндийн байгууллагууд шинэ төрлийн титэм вирусийг эмчлэхэд ХДХВ-ийг эмчилдэг Америкийн эм бэлдмэлийг туршиж эхэлсэн талаар тухайн эмийг үйлдвэрлэгч AbbVie Inc компанийн хэвлэлийн албанаас авсан мэдээлэлтэйгээр Ройтерс агентлаг дамжууллаа.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ нь “Алувиа” гэх бэлдмэл бөгөөд ретровирусийн эсрэг ашиглагддаг, лопинавир, ритонавирийн нэгдлийг өөртөө агуулдаг аж.
Түүнчлэн Хятадын мэргэжилтнүүд өвчтнүүдийн эмчилгээнд альфа-интерферон ашиглан, өдөрт хоёр удаа үүгээр амьсгалуулах аргыг хэрэглэж байгаа юм байна.
Эргэн сануулахад, шинэ төрлийн титэм вирус 2019 оны 12 дугаар сарын сүүлээс Хятадад дэлгэрсэн. Анхны тохиолдол Хубэй мужийн Ухань хотод бүртгэгдсэн бөгөөд одоогоор Австрали, Өмнөд Солонгос, Балба, Малайз, АНУ, Япон, Франц, Канадад шинэ төрлийн титэм вирусийн халдвар албан ёсоор бүртгэгдээд байгаа юм.
URL: