Коронавирусээр өвчилсөн 34 хүн эдгэрчээ

114448934545320719_900_x_599Нийт 11 сая хүн амтай Ухань хотоос гадагшлах болон тус хот руу чиглэсэн бүх хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 23-ны өдрийн 10 цагаас эхлэн түр хязгаарлаад байна. Пүрэв гарагт Ухань хотын онгоцны буудалд 566 нислэг хийгдэх байсан ч 17 цагаас өмнө зарим нислэг хөөрч, нийт 288 нислэг цуцлагдсан байна. Өөрөөр хэлбэл, шинэ төрлийн коронавирусийн тархалтыг сааруулах үүднээс галт тэрэгний буудал, нисэх онгоцны буудал, орон нутаг хоорондын зорчих хөдөлгөөн болон хот доторх нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр хугацаатайгаар хязгаарласан юм. Маргааш Хятадын цагаан сарын баяр эхэлнэ. Энэ үеэр нийт 4.5 сая иргэн зорчих хөдөлгөөн хийнэ гэсэн урьдчилсан тооцоог CTrip танилцуулаад байгаа юм.

Харин БНХАУ дахь Монгол улсын элчин сайдын яамны мэдээлснээр албан бус тоогоор БНХАУ-д ажиллаж, амьдардаг 10 мянга орчим Монгол хүн амьдардаг гэсэн судалгаа байдаг. Энэ дундаас вирусийн голомт болсон Ухань хотод одоогийн байдлаар 250 орчим Монгол оюутан суралцдаг байна. Хятадын их дээд сургуулиудын өвлийн амралт 2019 оны 12-р сарын сүүлээр эхэлж, Уханийн оюутнуудын бараг 80 хувь нь нутаг буцсан гэж тус хотын оюутны холбооноос мэдээлсэн. Мөн тус хотын Геологийн их сургуулийн магистрант Б.Төгсбаясгалан бидэнд тус хотод нэгдүгээр сарын 23-ны байдлаарх нөхцөл байдал ямар байгааг харуулсан богино хэмжээний бичлэг явуулсныг одоо та бүхэнтэй хуваалцсан юм. Түүний хэлж буйгаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ Ухань хотод сүүлийн өдрүүдэд нилээд сайжирчээ.

Ухань хотын Төв Хятадын Багшийн Их Сургуулийн докторант А.Золбоогийн мэдээлснээр, сургуулиас нь оюутнуудад маск үнэгүй тарааж өгсний зэрэгцээ өдөрт хоёр удаа биеийн байдлыг нь үзэж шалгаж, зөвлөгөө өгч байгаа аж.

Анх нэгдүгээр сарын 2-нд шинэ төрлийн коронавирусийн тохиолдол БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэнээс гадна сүүлд Сингапур, Макао (01/23) Хонгконг (01/22), АНУ (01/21), БНСУ (01/21), Япон (01/17), Тайланд (01/14)-д вирус илэрсэн нь тодорхой болоод байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Их Британид (01/24) сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

БНХАУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хорооны мэдээлснээр8 2020 оны 1-р сарын 23-ны 24 цагийн байдлаар манай урд хөршийн 29 мужид шинэ төрлийн коронавирусийн нийт 830 тохиолдол бүртгэгдсэнээс 25 хүн нас барж, (24 хүн нь Хубэй мужид, 1 хүн Хэбэй мужид), 177 хүний биеийн байдал хүнд байна. Харин 34 хүний эмчилгээ амжилттай болж, эмнэлгээс гараад байгаа юм байна. Ухань хотын Жоннань эмнэлэгт тус вирусээр өвчилсөн нэгэн иргэнийг анх амжилттай эмчилсэн болохыг энэ сарын 22-ны өдөр Хубэй мужийн Өдрийн сонин мэдээлсэн. Нийт, 9507 хүн вирус тээгчээр бүртгэгдсэнээс 1087 нь эрүүл мэндийн хяналтын үзлэгээс чөлөөлөгдөж, 8420 хүн эрүүл мэндийн хяналтын үзлэгт хамрагдсан хэвээр байгаа юм байна. Энэ төрлийн вирусийн тохиолдлын талаарх мэдээллийг БНХАУ-ын Засгийн Газар анх удаа олон нийтэд нээлттэйгээр мэдээлж байгаа юм.

Э.Нарантунгалаг, Гуангдон хотоос ЗГМ сонинд мэдээлэв

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих